АН-ын ялагдалд бүгд буруутай

АН-ын ялагдалд бүгд буруутай
2012 онд олонхи бүрдүүлэх эрх авч, УИХ-ын танхимд мөнхөд суух аятай аашилж байсан АН-ынхан ялагдлын шокноосоо өнөөдрийг хүртэл гараагүй байна. Нөгөө талаар ардчиллын төлөө саналаа өгсөн хүн болгон амаа барин шогширч, маргаашийн ирээдүйдээ санаа зовниж эхэлжээ. Өнөөх л хүнд суртал, авлига, улсын төсвөөр угжуулж амьдардаг хязгааргүй эрх мэдэлтэй хүмүүс эргээд хотод цаашлаад улс орон даяар ноёлох болсонд харамсч байгаа нь илт. Ялагдлаа янз бүрийн шалтгаанаас эрж эхэллээ. Гудамжинд яваа жирийн иргэн ч хүртэл энэ ялагдалд итгэхгүй, хакердуулчихав уу, юу болов, яагаад хэмээн бие биеэсээ асууж буй нь худлаа биш. АН-ын жирийн гишүүдээс гадна лидер гэгдэх улстөрчид ч энэхүү ялагдалд өнөөдрийг хүртэл итгэхгүй явна. Арга ч үгүй. 
 
Тэд олонхи бүрдүүлэх эрх авч, хүчтэй сөрөг хүчинтэй, бас болоогүй бүлэг байгуулах хэмжээний гуравдагч хүчинтэй, бие даагчтай парламентыг бүрдүүлсэн ч хийж чаддаг, бүтээн байгуулалт хийдэг гэдгээ харуулсан. Сүүлийн 20 жил хийгдээгүй их бүтээн байгуулалт АН-ыг эрх барьж байх үед хийгдэж, нийслэл хот маань нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдсөн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч юуны учир, яагаад тэд МАН-аас нэр дэвшсэн бор халзан хониноос ч долоон дор үнэлэгдэх болов. Үүнд олон шалтгаан бий. Бүтээн байгуулж, өөрчилж чадсан ардчилалдаа иргэд хатуурхах болсны бурууг тэд бусдаас биш өөрсдөөсөө эрэх учиртай юм. Энд хар машины буруу байхгүй. Саналаа 20 мянган төгрөгөөр худалдсан иргэд ч буруугүй. Өмнө нь ийм зүйл байсан, өнөөдөр ч амь бөхтэй оршсоор байгаа учраас ганцхан удаагийн сонгуулиар саналаа худалдчихсан мэтээр туйлшрах нь илүүц биз.
 
“Царцааны нүүдэл” гарсан байлаа ч МАН-ыг 65 хүний санал авах хэмжээнд нөлөөлөх нь юу л бол. Тиймээс мөнгө тараасанд нь өгчихлөө. Хар машинд ямар нэг но орлоо, хакердчихлаа, ард түмний саналыг мөнгөөр худалдаад авчихлаа гэх мэтээр гоншигонож суухын хэрэг алга, АН-ынхаан. АН-ыг удирдаж байгаа З.Энхболд дарга, намаа хагалж бутаргаж байсан фракцийн нэг даргыг дангаар нь ялагдалдаа буруутгах шаардлагагүй юм. АН-ын ялагдалд хувь нэмрээ оруулсан хүмүүс бол УИХ-ын гишүүд нь бүгдээрээ. Намын аппаратыг сахиж суусан удирдлагын баг бүрэлдэхүүн ч энд буруутай. Доод дунд шатанд намаа удирдаж чадаагүй аймаг, дүүргийн АН-ын дарга нар ч буруутай.
 
Төрийн ордондоо архи ууж суусан эмэгтэй улстөрчийн алдаа ч энд нөлөөлсөн. Бурхан тэнгэр, сүлд шүтээн ярьж түмний элэг доог болж байсан улстөрчийн нөлөө ч байлаа. Тавантолгойгоор талцаж хэрэлдсэн фракцийн дарга нарын зөрчил нөлөөлснийг үгүйсгэхгүй. Намаа зөв удирдаж чадаагүй, хэвлэл мэдээллийг үл тоосноороо АН-ын удирдлагуудын буруу ч бий. Хязгааргүй эрх мэдэлд хүрчихсэн аятай аашилж, нэг тойргийг өөрийн вант улс болгох шахсан нэр бүхий улстөрчийн оруулсан хувь нэмэр ч АН-ын үнэмшихэд хэцүүхэн ялагдалд жин дарна шүү.
 
Гэрээ ч төвхнүүлж чадаагүй атлаа төр төвхнүүлнэ хэмээн дөвчигнөж, шинэчлэх тухай “буруу” ярьж гүйсэн залуусын алдааг ч үгүйсгэхгүй. Хамгийн аймшигтай нь ардчилагчид өөрөө өөрсдийгөө нухчин дарах гэж улайрч, өс хонзонгийн сэдлээр улс төр хийж байсныг хэн ч худлаа гэж хэлэхгүй билээ. АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд бүгдээрээ л муухай байлаа. Төрийн суудалд очихдоо нэгнээ түлхэж унагадаг, сайдын суудлын төлөө үнэ цэнэ, үнэт зүйлээсээ урваж байсан бүхэн буруутай. Намынхаа доод, дунд шатанд ажиллаж чадахгүй намаа хоёр хувааж, эс бөгөөд эвдрэлцүүлж, хагалж байсан хүн бүхэн өөрийгөө ялагдалд буруутгах ёстой болов уу.
 
Ардчилалд хайртай ард түмнийг Ардын намын нохой ч байсан дугуйлах хүртлээ гомдоосон хүмүүс АН нэрээр төрд суусан улстөрч бүхэн гэдгийг мартах учиргүй. Тиймээс дан ганц ард түмнийг буруутгаж, эс бөгөөс намынхаа хэдэн лидер улстөрчийг нүд үзүүрлэх шаардлагагүй гэж хэлэх гээд байна. Намыг удирдаж орсон гэдгээрээ З.Энхболд дарга болон түүний бүрдүүлсэн намын аппарат илүү хариуцлага үүрэх нь тодорхой асуудал. Тэд ч хариуцлагаа үүрнэ гэдгээ хэлчихсэн. Хариуцлага эрт эхэлж, шинэчлэл эрт хийгдэх тусмаа л АН-д сайнсан. 
 
Фракцийн улс төрөөс салахгүй л бол дахин ялалт ирэхгүй 
 
Нэн тэргүүнд Ардчилсан нам дүрмээ шинэчилж, намынхаа аппаратад салхи  оруулах цаг хэдийнэ болчихож. Үүнийг ч намын хүчтэй лидер улстөрчдөөс эхлээд жирийн гишүүд нь хүртэл яриад эхэлчихлээ. Түүнчлэн, энэ нам фракцийн улс төрөөс салахгүй бол цаашдаа ч ялагдал амсах нь тодорхой. Үндсэн дүрмээ шинэчилж, фракцийн улс төрөөс салсан цагтаа л АН-ынхан Ах намаа ялах нь тодорхой байгаа юм.
 
МАН-ыг бодвол тэд харьцангуй шинэ улс төрийн хүчин. Монголын ард түмэн “намаа шинэчил” гэсэн том даалгавар өгч буй нь энэ удаагийн ялагдал байжээ гэдгийг хаа хаанаа ойлгож эхэлсэн нь сайшаалтай. Өвгөрсөн, үзэл бодлоо шинэчлээгүй намд ямархуу хүнд цохилт ирдэг вэ гэдгийг МАН-ын 2012 оны ялагдал харуулсан учраас АН-ынхан шинэчлэлийг цаг алдахгүй хийх тусмаа сайн. Залуухан улс төрийн хүчинд энэ удаагийн ялагдал олон зүйлийг ойлгуулах нь дамжиггүй.
 
Ялагдлыг улс төр судлаачид олон янзаар тайлбарлаж буй. Тогтворгүй байдал буюу Засгийн газраа унагасан нь хот, хөдөөгүй ялагдахад хүргэсэн гэх тайлбарыг өгч байгаа аж. Засгийн эрхэнд гарчихаад төрөөр тоглохоос өөрийг хийдэггүй, өөрөөр хэлбэл засаглаж чаддаггүй гэдэг имижийг АН-ынхан бий болгосон ч худлаа биш. Нөгөө талаас УИХ-ын Сонгуулийн хуулийг өөрчилж жижиг можаритор болгох шийдвэр нь ялагдал хүлээх хамгийн том шалтгаан болсныг судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч эхэлжээ. Өөрөөр хэлбэл, стратегийн буруу тооцоолол ялагдал амсахад хүргэжээ. Жижиг мажоритар систем бол маш их савлагаа үүсгэдэг, сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг болохыг өмнө нь нэг удаагийн ялагдлаар амссан атлаа тэд хашралгүй дахиад өөрчилж үүнийгээ үр дүнг том жижиггүй хүртэцгээлээ. 2000 оны сонгуулийн дүнгээс сургамж аваагүй, сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө хууль өөрчилснөөрөө тэд ялагджээ.
 
АН-ын нэр хүнд унасан байлаа ч хэрвээ холимог тогтолцоогоор явсан бол ядахдаа 20 гаруй суудал тэд авч, хүчтэй сөрөг хүчин болж чадах байсныг судалгаагаар тогтоожээ. Тиймээс ялагдлын хамгийн гол буруутан нь өдгөө намыг удирдаж буй удирдлагууд, хуулийг өөрчлүүлсэн улстөрчид гэдэг нь тодорхой байгаа юм. Хуулийг өөрчилснөөр илүү олон суудал авна гэсэн буруу тооцооллоос үүдэж дөнгөж бүлэг байгуулж буй тус намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиар ямар тактиктай оролцох нь тун ч сонин байна. Цаашлаад намаа нэр хүндтэй, туршлагатай улстөрчид даатгаж, намаа бүрэн шинэчилж чадахгүй л бол 20 жил гудамжинд лааз өшиглөсөн түүхээ эргэж давтахгүй гэх баталгаа алга даа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.