Эрчим хүчний системийн энэ сарын 01-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1432 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 160 МВт-аар, импорт 41 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Иймд эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хороо уриалав.
Тус хороо эрчим хүч үйлдвэрлэж буй 8 дулааны цахилгаан станцын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалт, цахилгаан дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг 18 компанийн дамжуулалт, түгээлтийн алдагдлыг бууруулахаар зорьсон.
Тодруулбал төвийн бүсийн нэгдсэн системийн дулааны цахилгаан станцуудаас ирүүлсэн 2025 онд мөрдөх зорилтод түвшингийн саналыг хянаж, түлшний зарцуулалтын хэмжээг цахилгаанд 1 кВт.ц тутамд 5.1 гр-аар, дулаанд 1 Гкал тутамд 1.2 кг-аар бууруулан 5,4 орчим тэрбум төгрөгийн хэмнэхээр тооцоолжээ.