Өнгөрөгч долоо хоногт буюу гуравдугаар сарын 29-нд Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилох, цаашлаад компанийн удирдлагад ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэхээр болсон билээ. Тэгвэл төр 100 хувь мэдэлдээ авч, ТУЗ-ийг дур мэдэн томилсон нь төрийн компанийн эрхэд хууль бусаар халдсан үйлдэл боллоо хэмээн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс корпораци” мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, "Монголын зэс" корпорацийн зүгээс Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Д.Ганболд нар мэдээлэл хийж өнгөрөгч баасан гарагт нууцаар хуралдан дээрх хоёр компанийн 49 хувийг хууль бус аргаар төрд шилжүүллээ гэв. Мөн ажлын бус цагаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, хувийн өмчийг улаан цайм дээрэмдэж, хуулиар олгосон эрхэд халдлаа. Энэхүү асуудалтай холбогдуулан Арбитрын шүүхэд хандана гэдгээ ч тус корпорацийн төлөөлөл мэдэгдэв. Мөн 100 хувь төрийн мэдэлд шилжсэн гэсэн албан бус мэдэгдэлтэй холбогдуулж Төрийн өмчөөс мэдээлэл авахыг хүссэн ч хариулт өгөх хүн олдоогүй Ц.Пүрэвтүвшин хэлж байсан юм.
М.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр данхайсан толгойтой, жижигхэн биетэй хүн шиг болчихсон байсан. Олон дарга нарыг бид цэгцэлсэн. Гэтэл одоо баахан дарга нар томилогдох сурагтай. Газар хэлтсийн дарга нарыг бүтцийн өөрчлөлт нэрээр олон төрийн өмчит компаниуд халж сольж байсан түүх бий. Энэ асуудал ч Эрдэнэтэд гарах байх. Халаа сэлгээ шат шатанд өрнөнө” хэмээлээ. Тэднийг мэдээлэл хийх үед төрийн мэдэлд авсан шийдвэрийг танилцуулах гэсэн ажлын хэсгийнхэн ч мөн ирсэн юм. Нэг байранд өөд өөдөөсөө харж суугаад тэд Эрдэнэтийн 49 хувь хуулийн дагуу төрийн өмчлөлт шилжсэн, шилжээгүй гэсэн хоёр өөр байр суурийг илэрхийлсэн юм.
Тодруулбал, төрийн шийдвэрээр томилогдсон гэх ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн “Хувьцаа эзэмшигчдийн хуулийн дагуу шийдвэр гарсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас хойш анх удаа ТУЗ хуралдах гэж байна. Эрдэнэт бизнесийн байгууллага. Тиймээс энэ байгууллагын ТУЗ-д томилогдсон хүмүүс ашигтай ажиллуулах болно. Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр “Монгол зэс” корпорациас томилсон ТУЗ-ийн гурван гишүүнийг чөлөөлсөн” гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.