Монгол Улс нэг сая иргэнээ үр хөндөлтөөр хөнөөсөн байна гэв

Монгол Улс нэг сая иргэнээ үр хөндөлтөөр хөнөөсөн байна гэв
Нийгэмд аюулын харанга дэгдэж буй хоёр асуудлыг өнөөдөр Ерөнхийлөгч чуулганы индрээс онцоллоо. Тодруулбал, мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлт хоёр Монгол Улсад аюулын харанга дэлдэж, цэцэг цэврүү шиг охид, залуу үеийг онилж байгаа учраас энэ талаар дорвитой анхаарал хандуулахыг хүслээ.  
 
Тэрбээр, “Төв суурин газар дэх дунд сургуулийн 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөхөд бэлэн эсвэл өртөж байна гэсэн судалгаа ч үзэгдэх боллоо. Энд байгаа албан тушаалтан бүхэн хүүхэдтэй. Зарим нь ач, зээтэй. Энэ утгаараа та бүхний гэр бүлийн ихэнхэд нь дээрхи асуудал бодитой нүүрлэж байна гэсэн үг. 
 
Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Иргэний Танхимд мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. “Хар тамхи гэж аюулыг хаяа хатавчиндаа бүү ойртуул” гэж ард иргэддээ анхааруулсан. “Монгол Улс энэ асуудлаар хатуу бодлого барих ёстой, барина” гэж хэлж байсан. Тодорхой ажлууд хийгдсэн боловч байдал хүнд байна. 
 
Монголчууд цөөхүүлээ, эмзэг өвөрмөц байршилтай гэж бид ярилцдаг. Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар анхааруулах, сануулах байдлаар эсвэл өнөөгийн байгаа хүчээр төр ажиллаад амжилт олохгүй нь илт боллоо. 
Үүнд эргэлт гаргахгүй бол, тийм хэмжээнд анхаарч бодлого үйл ажиллагаагаа өргөтгөхгүй бол улс орны маань ирээдүйн хувь заяа хутганы ирэн дээр ирж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Энэ асуудлыг Хууль зүйн сайд Сандагийн Бямбацогт толгойгоороо хариуцах үүрэгтэй. Энэ чиглэлд гаргах хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа, хууль журам, бүтэц, төсөв зардлын асуудлыг Засгийн газар, УИХ аль аль нь анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байгааг сануулъя. 
 
Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн дотор 1 сая орчим хүнээ дээрхи шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо гарч байгаа юм. Хамгийн харамсалтай нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн 10 хүн тутмын долоо нь үр хөндөх үйлдлийн хохирогч болж байгаа аж. Үр хөндөлтөөс голлох орлогоо олдог, үйлчилгээ үзүүлдэг газар, хүний тоо өссөөр байгаа мэдээлэл тасрахаа болилоо. 
 
Үүнээс гадна энэ чиглэлийн эм элдэв бодисын хэрэглээ, эргэлт замбараагаа алдаж олон охид, залуу эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ ноцтой хохирч байна. Төрөх насны олон Монгол эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэх, “ээж” гэж дуудуулах боломжгүй болж амьдралаараа хохирох нь улам бүр нэмэгдэж байна. Мөн энэ шалтгаанаар амь насаа эмгэнэлтэйгээр алдаж байгаа охид бүсгүйчүүдийн тоо өдөр сараар өсч байна. Ээж болох хосгүй хувь заяа, эрх нь эмэгтэй хүний аминд хүрдэг энэ аюулыг бид зогсоох ёстой. Юутай эмгэнэл, юутай харуусал вэ! Энэ тухай мэдээллийг өмнө нь ҮАБЗөвлөлийн түвшинд сонсож зөвлөмж чиглэл өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна.
 
Үр хөндөлт хэмээх чимээгүй энэ аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй. Энэ асуудлаар охинтой айл бүр санаа зовох, үртэй бүхэн үржихийн билэгдэлтэй үндэстний хувьд Монгол Улс тодорхой бодлого гаргах цаг болжээ. Бүрэлдэж байгаа Монгол хүний амийг тасдах эрхийг Монгол Улсад хэн ч эдлэх ёсгүй. Эмэгтэй хүнд ээж болох хувь заяаг нь хаах зогсоох эрх хэнд ч ноогдох учиргүй. 
Монгол үндэстний эсрэг энэ гэмт хэрэг, энэ аюултай байдлыг бид хазаарлах, улмаар зогсоох учиртай. Монгол Улсад Монгол хүн илүүдэхгүй. Монгол хүн Монгол газар шороон дээр нэг ч байсан, мянга ч байсан, сая ч байсан илүүдэхгүй. Эх үрийн амь нас гарцаагүй эндэхээс хамгаалах гэсэн ганцхан зөвтгөл энд байж болно. Гэвч үүнийг хатуу хуульчилж, чанд хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алдаггүй улс болох ёстой. 
 
Монголын хувь заяанд дайнаас илүү нөлөөлж байгаа дээрхи аюулд манай УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүн бүр онцгой анхаарна, ахиц дэвшил, өөрчлөлт гаргана гэдэгт би эргэлзэхгүй байна. Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд Аюушийн Цогцэцэгээс гойд манлайлал гарна гэдэгт итгэж байна” хэмээн ярилаа. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.