МАН-ын эрх барьж буй бүрэн эрхийн хугацааны анхны хаврын чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэгвэл яг одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна.
Найман жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Ц.Элбэгдорж өнөөдөр бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн сүүлийн чуулганд оролцож байгаа билээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өнөөдөр улс төрийн намууд, хариуцлага, төрийн алба, төсөв, Засгийн газар гэсэн цөөн хэдэн асуудлыг онцолж байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг тоймлон хүргэе.
-Эрхэм гишүүд ээ. Бид яг одоо хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирлээ. УИХ-ын энэ удаагийн бүрэлдэхүүнд их итгэл тавьж байгаа. Ерөнхийлөгчийн албаа авснаас хойш гуравдах бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллаж байна. Гурван асуудлыг зайлшгүй хэлмээр байна. Нэгдүгээрт, хариуцлагын асуудал. Манай улсын өнөөгийн хямралт байдлын шалтгаан эдийн засаг биш. Улстөржилт хариуцлагагүй байдал юм.
-Хариуцлагагүй төрд их мөнгө гай болдог. Монголыг улам хямраадаг. Мөнгөгүй хийж болдог ажил бол хариуцлага. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах шаардлагагүй. 65 гишүүний авсан хамгийн том зээл бол ард түмний итгэл юм шүү.
-Үнэмлэхүй итгэл бол үнэмлэхүй хариуцлага гэж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн. Монгол Улсын төлөө гаднаас хэн ч хариуцлага хүлээхгүй. Уулын буга хараад унасан морио гээж болохгүй ээ. Хариуцлага бол мэдрэгдэж байж хэрэгждэг зүйл. Хариуцлагыг мэдрүүлэхийн тулд хуулиа батлахаас өөр арга байхгүй. Өнөөдрийн эрх баригчид хийж чадахгүй бол дараагийн эрх баригчид заавал хийх ёстой.
-Бизнес дэх улс төрийн оролцоо эдийн засгийн туйлдуулж байна. Том төрийн ачааг эдийн засаг нь даахгүй байна. Амьжиргааны доройтол, бизнесийн дампуурал бүхэн төртэй холбоотой.
-Төрийн яам аж ахуйн ажил хийдгийг хуулиар болиулах хэрэгтэй. Манай бүх яам барилга барьдаг. Төрийн байгууллага жинхэнэ утгаараа төрийн байгууллага байхаа больсон. Хямралыг давах гэвэл төр бизнес хоёрыг салгах хэрэгтэй. Төрийн нэрээр хийдэг бүх шахаа зогсох ёстой.
-Урьдах алдааг давтуулах гэж ард түмэн эрх баригчдыг сонгодоггүй юм.
-Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхардуулж хашч болохгүй. Сайд гэж манайд сүрхий гажуудсан албан тушаал байна. Эрхэлсэн албан тушаал байх ёстой. Яам гэдгийг гуншингийн өмнөөс авч хаясан нь учиртай. Тамганы ёслол хийдгийг болиулах ёстой юм. Сайд ирдэг буцдаг. Төрийн мэргэшсэн алба үлддэг байх ёстой.
-Мөнгө бизнес сонирхож байгаа бол төрөөс холд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан хэлсэн. Гэхдээ хэлээд арилахгүй ээ. Төрийн төмөр нүүр, хуулиар энэ алтан гинжийг таслахаас өөр аргагүй. Төрийн нэрээр хийж буй аж ахуйн хэлцлийг төрөөс салга. Бүгдийг олон нийтийн хяналтад оруулах ёстой. Хариуцлага ногдуулдаг байх ёстой.
-Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй. Төрөө засмаар байгаа бол төсвөө алдагдалгүй болго. Төсвийн тогтвортой байдлын хуулиа дагаж мөрдмөөр байна. Төрийн алба хэтэрхий данхайлаа. Сүүлийн жилүүдэд 60 мянган хүнээр төрийн алба данхайсан байна.
-Заан биетэй хулгана хөлтэй төрийн албатай боллоо.
-Төрийн албанд дарга дур мэдэн шийдвэр гаргадгийг хуулиар хориглоё. Төсөв орон тоогоо нэмдэг, түүнийгээ нуудаг нь завхарлын үүр уурхай болж байна. Иргэдийн хяналтыг нэмье. Хууль нь гарчихсан байгаа. Шилэн дансны хууль гэж байгаа. Монгол төр төрийн алба шиг албатай байх цаг нь болсон. Хуулиа шинэчилж батал. Хуралдааны хамгийн сүүлд Төрийн албаны тухай хуулийг тавьсан байна лээ. Уг нь эхэнд нь тавих ёстой байсан юм. Гэхдээ хэлэлцэх гэж оруулж ирсэнд баярлаж байгаа.
-Төрийн албан хаагчдыг ёсзүйн дүрэмтэй болгох асуудлыг хойшлууламгүй байна. Ерөнхий сайд ажлаа авахдаа төрийн албаны ёсзүйн дүрмийг гарын үсэг зурж баталгаажуулдаг болох хэрэгтэй. Эрхээр, хуулиар, ёс суртахуунаар засаглах гэж гурван зүйл бий. Бид одоо эрхээр л засаглаж байна. Ёс суртахуунаар засаглах зай хол байна даа.
-Ухаалаг төр бол бусдаар ажлаа хийлгэдэг. Түрээсийн үйл ажиллагаа явуулах талаар удаан ярьсан даа. Том төрөөс ухаалаг төр гэж бүгдээрээ ярьсан. Бүх нам бүлэг дэмжиж, гарын үсэг зурсан. Тогтоол хүртэл гаргасан.
-Улс төрийн хүрээний ялзрал төрийн албанаас улбаатай. Хүний өмнөөс бүхнийг хийх гэдэг төр хүнээс бүгдийг нь авдаг.
-Улс төрийн нам тойрсон гажуудлыг засахгүйгээр төрд тулгамдсан асуудлыг шийдэх боломжгүй. Явцуу байдлыг өөгшүүлдэг тусгай алба болсон. Иргэдийн уур бухимдлыг төрүүлж байгаа алдаа завхрал бүр намтай холбоотой байгаа юм.
-Нийгэмд олон болохгүй зүйл байгааг засах гэж энд сууж байгаа гишүүд бий. Тэр алдаа болгон намтай холбоотой. Тиймээс хамгийн түрүүнд Улс төрийн намуудын тухай хуулийг барьж авах байсан юм.
-Нийгмийг сайн сайханд чирж явдаг намтай байхын тулд хуулиа л өөрчлөх ёстой. Төрөө засах гэвэл эхлээд намаа зас. Аливаа манлайлагчийн түүхэн үүрэг нь болохгүй байгааг засдаг. Муу эрх баригч өмнөх алдааг өөрийнхөөрөө давтдаг.
-Мөнгийг ямар ч дарга хувааж чадна. Албан тушаалтныг хэн ч солино. Нугалаа шахааг ч хийнэ. Гэвч өөрийн өссөн орчноо, өөрийн намаа засах хэцүү. Гэвч та бүхэн засна аа гэж энд суусан.
-АН, МАН гэсэн хоёрхон нам байгаа учраас сонгоод байгаа юм биш. Тулгамдаж буй асуудалд бүрт агуулгын өөрчлөлт гарах байх гэж найддаг учраас сонгоод байгаа юм.
-Гүйцэтгэх засаглалаа өөрчлөхгүйгээр бид хөгжиж чадахгүй. Бидний байгуулах гэж оролдож буй нийгэмд давуу тал олон бий. Гэвч ажил хэрэг болгож, манлайлах учиртай Гүйцэтгэх засаглал бяд муутай байна. Ийм байвал хол явахгүй. Хол явах биш одоо бүр урагшаа ч явахаа болилоо. Чадвартай Засгийн газраас үр дүн, хариуцлага нэхэж болдог. Хариуцлагатай засагт түншүүд нь итгэдэг. Гэтэл манай улсын Засгийн газарт итгэх итгэл алга. Хэн нэг хүнээс биш тогтолцооноос болсон энэ гажуудлыг эрх баригчид засч л таараа. Цаг алдах тусмаа бид боломж алдаж байна.
-Ажилладаг гар нь саажилттай байвал айлыг чирч явах данс байгаад нэмэргүй. Эрх баригчдаас хурдтай, хүчтэй ажиллахыг ард түмэн шаардаж байна. Монгол Улс хангалттай ардчилалтай улс. Гэвч хариуцлагыг бид орхигдуулсан. Үүнийг хийх гар нь саажилттай байгаа.
-Засгийн газраа бид олон сольсон. Гэвч дээрдэж байсан удаагүй. Яагаад гэвэл хүнээ биш тогтолцоогоо бид өөрчлөхгүй байна. Чадах зүйлээ тултал нь хийгээд ард түмнээрээ дүн тавиулах урамтай ш дээ. Гэхдээ тогтолцооноос болж юу ч хийж чадахгүй бол ичмээр шүү дээ.