УИХ-ын чуулган үргэлжилж байна. Гишүүд Сангийн сайдаас татвартай холбоотой асуудлаар асуулт хариулт авч байна.
Ө.Энхтүвшин: Улс орныг ийм болгосон хүмүүст яаж хариуцлага тооцох юм бэ. Бид дандаа эдийн засаг элгээрээ мөлхсөн, иргэдийн амьдрал доройтсон үед төр хүлээж авдаг. 1992, 2000, 2008 онуудад ингэсэн. 2016 онд ч бас л доройтуулаад өглөө. Бид гайгүй болгодог. Тэгэхдээ дандаа муу нэртэй. Ерөнхийлөгч өчигдөр бүтэн цаг хариуцлага ярьсан шүү. Хариуцлага тооцооч энэ хүмүүст.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг хүчин өөр мэдээлэл явуулаад байна. Хэмнэнэ гэж Засгийн газар яриад байдаг. Гэтэл бүх сайдуудын төсөв нэмэгдсэн гэж яваад байх юм. Энэ ямар учиртай юм бэ. Бүх сайдуудын нэрийг зоосон байна лээ. Бүр 160 тэрбум байна лээ шүү. Аль нь үнэн юм бэ.
Б.Чойжилсүрэн: Хариуцлага тооцох талаар олон нийт ч хүсч байгаа. Хөгжлийн банкинд Засгийн газраас ажлын хэсэг гарч шалгалт орсон. 1.4 их наяд төгрөгийн зөрчил гараад хууль хяналтын байгууллагад шалгаж байна. Бусад Концесс, Векселийн гэрээнд хөндлөнгийн аудитын шалгалт оруулахаар болсон байгаа. Алийг нь цааш үргэлжлүүлэх, юуг нь хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах вэ гэдгээ аудитын шалгалтаас хамаарч шийднэ.
Бүх сайдын төсөв нэмэгдсэн гэсэн ташаа мэдээлэл цацагдсан. Төсвийн тодотголын хүрээнд 220.7 тэрбумаар л нэмэгдсэн. Хамгийн том нөлөөлөл нь ипотекийн зээлийг Засгийн газар үргэлжлүүлэх ёстой гэж үзээд 111 тэрбумыг төсөвт суулгахаар боллоо. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 51.8 тэрбум төгрөг туссан.
Гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх төсвийг 116.7 тэрбумаар нэмэгдүүлсэн. Мах сүү, атрын анхдугаар аяныг хэрэгжүүлэхээр 30 гаруй тэрбумыг нэмсэн. Хөгжлийн банк, Засгийн газар хоорондын өр авлагыг салгасан учраас Хөгжлийн банкны хэрэгжүүлж байсан зарим төсөл хөтөлбөрийг салбар салбарын сайдуудад хариуцуулсан.
Д.Бямбацогт: Ард түмэн хамгийн том хариуцлагыг тооцсон. Албан тушаалтан эрх мэдэлтэний хариуцлагыг ярих ёстой. Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа. Оффшор бүстэй холбоотой хууль ч тун удахгүй гарна. Хууль зөрчвөл хариуцлагын асуудлыг ярина. Гадаадад нуусан мөнгөө оруулж ирэхийг шаардах болно. Төрд албан тушаал эрхэлдэг хэн бүхэн оффшор бүсэд данс нээхийг, мөнгө байршуулахыг хуулиар хориглоно. Мөн гэр бүлийнхэн нь ч үүнд хамаатай.
М.Энхболд: Оффшор бүстэй холбоотой хариуцлагын асуудлыг маргааш Хуульзүйн байнгын хороо хэлэлцэж, хуульд оруулж ирнэ шүү.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.