УИХ-ын хаврын ээлжит чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр эхэллээ. Өчигдөр нээлтээ хийсний дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталсны дагуу өнөөдөр 2017 оны Төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуралдааны эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн тодотголын талаар танилцуулж, олон улсын байгууллага цаашлаад гадаад дотоодын түншүүд, бизнес эрхлэгчид бидний гаргах шийдвэрийг анхааралтай ажиглаж байгааг сануулсан юм.
Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тодотголд тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд биш зорилтот бүлэгт олгох, улмаар төсвийн зарлагыг 200 гаруй тэрбумаар нэмэгдүүлж оруулж ирсэн билээ. Тэр тусмаа ХХААХҮ-ийн яамны зардал огцом нэмэгдэж орж ирсэн байгаа юм.
Тэгвэл энэ талаар Сангийн сайд “Хөдөө аж ахуйн салбарт энэ жил маш олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлнэ. Мөн Мах сүүний анхдугаар аяныг бас явуулна. Тиймээс энэ салбарын мөнгийг нэмэхээс өөр аргагүй байлаа. Нөгөө талаар ОУВС-аас өмч хувьчлалын орлогыг улсын төсөвт тусгахгүй байх шаардлага тавьсан. Мөн орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагад үндэслэж 111 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгалаа. Өмнөх Засгийн газрын үед ажлаа эхэлсэн ч санхүүжилтээ аваагүй олон төсөл хөтөлбөр байгаа. Түүнд 87 тэрбум төгрөг оруулж ирсэн” хэмээлээ. 2017 оны Төсвийн тодотголыг дагалдан найман хуулийн төсөл, УИХ-ын гурван тогтоолд өөрчлөлт оруулахаар Сангийн яамнаас боловсруулжээ. Хуралдаанд нийт 76 гишүүн оролцож байгаа бөгөөд 60 гишүүн асуулт асуухаар бүртгүүллээ. Гишүүдийн асуулт хариултаас тоймлон хүргэе.
С.Эрдэнэ: Засгийн газраас оруулж ирж байгаа тодотголтой танилцсан. Манай бүлэг хэлэлцээд саналаа нэгтгэж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр бүлгийн дүгнэлтийг танилцуулна.
Бүхэлд нь эсэргүүцэж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор асар их хэмжээний зээл босгож, юунд зарцуулах нь тодорхойгүй байна. Татварын ачаалал маш ихээр нэмлээ. Бодит байдалтай нийцэж байгаа юм. Уг нь төр өөрөөсөө эхлээд хэмнэлтийн горимд шилжих учиртай. Харамсалтай нь төр өөрөө хэмнэлтийн горимд шилжсэнгүй. Сул орон тоо маш их байна. Дэд сайд, агентлагийн орлогч нар байгаа. Гэтэл өнөө маргаашаа аргацааж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нуруунд үүрүүлэх ачаагаа нэмчихээд гоё сайхан үгээр хуурч байгаад харамсч байна. Төр данхайсан бүтцээ танахгүйгээр зургаан төрлийн татварыг нэмэхээр болсон юм бэ. Мөн танай намын мөрийн хөтөлбөрт өрийг барагдуулна, хямралаас гарна, цалин тэтгэврийг үе шаттай нэмнэ, татвар нэмэхгүй гэсэн амлалт чинь яагаад алга болчихов. Та нар амлалтаа биелүүлэхгүй юм уу. Эдийн засаг ийм болчихсон байсан гэж олон удаа ярилаа. Гэхдээ танай намын Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар, Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хороог, Б.Чойжилсүрэн та гурван жилийн төсвийн хуулийн ажлын хэсгийг ахалсан шүү.
Б.Чойжилсүрэн: Валютын сангийн 3.3 тэрбумаас гадна 2.0 тэрбум нь БНХАУ-тай байгуулсан Ардын банкны своп хэлцлээс орж ирнэ. Азийн хөгжлийн банкнаас 900, Дэлхийн хөгжлийн банкнаас 600 авсан. Энэ бүхэн төсвийн алдагдлыг нөхнө. Нөгөө талаар та бүхний тавьсан өр төлбөрийг төлөх юм. Эдийн засгийг хэн хэзээ яагаад ийм болгосон талаар олон удаа ярьсан. Гэхдээ цаашдаа улстөржихгүйгээр явах хэрэгтэй байна. Татвар нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсссэн. Танай Засгийн газрын үед төсөвт тусгахгүйгээр зарцуулсан 2.3 тэрбум төгрөгийн асуудлыг зардалд тусгаж оруулж ирсэн.
Төрийн албан хаагчдыг шууд ажлаас халж болохгүй. Гэхдээ төрийн алба цаашдаа данхайхгүй. Валютын сантай тохирсон тохиролцооны дагуу тэтгэвэрт гарсан албан хаагчдын оронд ажилтан нэмэхгүй. Эмч, цагдаа зэрэг зайлшгүй байгууллагад хоёр хүн тэтгэвэр гарах бол нэг ажилтан нэмэхээр тохирсон. Эдийн засгийн уналтыг зогсоо гэсэн хөтөлбөр УИХ-аас гарсан учраас аргагүйн эрхэнд бид амлалтаасаа эхний жилдээ татгалзаж, эдийн засгаа аврах гарц эрж байна.
Д.Сарангэрэл: Хүүхдийн мөнгөний талаар асуумаар байна. Эмэгтэй гишүүдийн санаа зовж байгаа асуудал энэ байна. Амьдралын төвшин доогуур байгаа 40 хувьд л мөнгө өгөхөөр болсон байна. өмнө нь 60 хувьд өгч байсан. Эдийн засгийн хүнд үед үлдсэн 20 хувьд хэрхэн хандах юм бэ.
Тэтгэврийн асуудал хэрхэн хөндөгдөж байна вэ. Тэтгэврийн насыг нэмж байгаа асуудал бол өнөөдөр үйлчилж байгаа хууль байхгүй юу. Харамсалтай нь өнөө маргаашгүй тэтгэвэрт гарах хүмүүсийн насыг нэмэх гэж байгаа юм шиг хандаад байна. Хуулиа эхлээд засч залруулах талаар анхаараач
Б.Чойжилсүрэн: Тэтгэврийн нас, шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарсан. Хүүхдийн мөнгийн тухайд Валютын сантай тохирсон тохиролцооны хүрээнд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт буюу 40 хувьд олгоно гэж тохирсон. Үлдсэн 20 хувьд хүнсний нэмэлт талон болгож өгөхөөр тодотголд оруулж ирсэн байгаа. Зорилтод бүлгийнхэн мөнгөнөөсөө гадна хүнсний талон ч бас авна.
С.Чинзориг: Валютын сантай хэлэлцээ хийсэн гэж байнга ярих юм. Тэгвэл тэр хэлцлийг чинь гишүүд уншиж болох уу. Хаалттай биш бол танилцаж үзмээр байна. Гэхдээ Валютын сангаас зээл авах чинь их эрсдэлтэй. Хамгийн орлого багатай хэсэг хохирч үлддэг юм шүү. Ядарсан хэсэг нь хохирч байна уу, үгүй юу гэдгийг би хэлэлцээрийг чинь уншиж үзээд хармаар байна. Хэлэлцээ хийсэн нэрээр нийгмийн хамгааллын хуульд өөрчлөлт оруулах юм биш биз. Хүрсэн төвшингөөс доошлуулахгүй биз дээ.
Б.Чойжилсүрэн: Ажлын хэсгийн төвшинд ярилцаж байна. Хөтөлбөр Валютын сангийн захирлуудын зөвлөл рүү орохоос өмнө УИХ-аар урьдчилж хэлэлцэнэ. Гэхдээ хамтын хөтөлбөрийг Захирлуудын зөвлөл баталсны дараа олон нийтэд дэлгэнэ. Таньд яахав цаасаар хүргүүлье. Нийгмийн хамгааллын салбарт дахиад өөрчлөлт орохгүй байх. ОУВС-тай тохирсон бүх тохиролцоог энэ тодотголоор оруулж ирсэн.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.