Б.Лхагважав: Татвар нэмэх асуудлаа эргэж харахгүй бол бизнес эрхлэгчид татвараа төлөхгүй
-Бодлогогүй төрийн буруу бодлогын эсрэг бизнес эрхлэгчид нэгдэж эхэлжээ. Тодруулбал, Валютын сангаас авах зээлээс үүдэж долоон төрлийн татвар нэмж буйг татвар төлөгч аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж улмаар МҮХАҮТ-аас шаардлага тавьжээ. Хэрвээ шаардлагад тусгасан найман асуудлыг Засгийн газар биелүүлэхгүй бол НӨАТ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын татвараа бизнес эрхлэгчид төлөхгүй байхыг уриалсан байна.
Тус танхимаас Засгийн газарт 2017 оны баталсан төсвийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдын тоог 10-20 хувь бууруулах. Мөн албан хаагчдын шаардлагагүй тэтгэмж, дэмжлэгийг зогсоох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх, Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх, Үнэ тогтворжуулах нэрийн дор Онцгой албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт буюу нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тогтоосон татварын хэмжээг хүчингүй болгохоос гадна тодорхой салбаруудад дэмжлэг үзүүлэхийг шаарджээ.
Мөн төрөөс татаас авч буй Төрийн өмчит компаниудыг хувьчлах, хувьцаат компани болгох, эс бөгөөс татан буулгах ёстой гэж бизнес эрхлэгчид үзэж байгаа бөгөөд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн нь ч төрийн буруу бодлого хэмээн мэдэгдлээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б. Лхагважав хэлэхдээ “УИХ-ын чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганаар эдийн засаг, татвар төлөгчид, бизнес эрхлэгчидтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Ялангуяа долоон төрлийн татвар нэмэх асуудал. Иймд худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах болон тэргүүлэгчдийн хурлаа хийж найман асуудлыг тусгасан шаардлагыг УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.
Энэхүү шаардлагыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй тохиолдолд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх дөрөвдүгээр улирлын аж ахуйн нэгжийн албан татвар, тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Тухайлбал, тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандан, шийдвэр гаргах ёстой. Баталгаатай ажлын байртай төрийн 183 гаруй мянга албан хаагчдын тэтгэврийн насыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч чөлөөт зах зээл дээр ажиллаж байгаа нэг сая гаруй иргэн баталгаагүй тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай” хэмээлээ.
Ц.Элбэгдорж: Чимээгүй аллагын талаар чимээтэй дуугарахаас өөр арга алга
-Нийгэмд аюулын харанга дэлдэж буй хоёр асуудлыг өнгөрөгч лхагва гарагт Ерөнхийлөгч чуулганы индрээс онцоллоо. Тодруулбал, мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлт хоёр Монгол Улсад аюулын харанга дэлдэж, цэцэг цэврүү шиг охид, залуу үеийг онилж байгаа учраас энэ талаар дорвитой анхаарал хандуулахыг хүссэн юм. Ерөнхийлөгч хэлэхдээ “Төв суурин газар дахь дунд сургуулийн 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөхөд бэлэн эсвэл өртөж байна гэсэн судалгаа ч үзэгдэх боллоо. Энд байгаа албан тушаалтан бүхэн хүүхэдтэй. Зарим нь ач, зээтэй. Энэ утгаараа та бүхний гэр бүлийн ихэнхэд нь дээрх асуудал бодитой нүүрлэж байна гэсэн үг. Би өмнө нь хар тамхи, мансууруулах бодисын асуудлаар Иргэний танхимд мэдээлэл хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн. “Хар тамхи гэж аюулыг хаяа хатавчиндаа бүү ойртуул” гэж ард иргэддээ анхааруулсан. Үр хөндөлтийн хувьд Монгол Улс сүүлийн 30 жилийн дотор нэг сая орчим хүнээ дээрх шалтгаанаар алдсан гэсэн албан бус тооцоо гарч байгаа юм. Хамгийн харамсалтай нь нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн 10 хүн тутмын долоо нь үр хөндөх үйлдлийн хохирогч болж байгаа аж. Үр хөндөлтөөс голлох орлогоо олдог, үйлчилгээ үзүүлдэг газар, хүний тоо өссөөр байгаа гэсэн мэдээлэл тасрахаа болилоо. Энэ чиглэлийн эм ч замбараагаа алджээ. Төрөх насны олон эмэгтэйчүүд үрийн зулай үнэрлэх, “ээж” гэж дуудуулах боломжгүй болж амьдралаараа хохирч байгаа. Мөн энэ шалтгаанаар амь насаа эмгэнэлтэйгээр алдаж байгаа охид, бүсгүйчүүдийн тоо өдөр сараар өсч байна. Юутай эмгэнэл, юутай харуусал вэ. Энэ тухай мэдээллийг өмнө нь ҮАБЗ-ийн төвшинд сонсож зөвлөмж чиглэл өгсөн боловч хэрэгжилт нь хангалтгүй байна. Үр хөндөлт хэмээх чимээгүй энэ аллагын тухай чимээтэй дуугарахаас өөр сонголт надад байсангүй. Энэ асуудлаар охинтой айл бүр санаа зовох, үртэй бүхэн үржихийн бэлгэдэлтэй үндэстний хувьд Монгол Улс тодорхой бодлого гаргах цаг болжээ. Бүрэлдэж байгаа монгол хүний амийг таслах эрхийг Монгол Улсад хэн ч эдлэх ёсгүй. Эмэгтэй хүнд ээж болох хувь заяаг нь хаах зогсоох эрх хэнд ч ноогдох учиргүй. Монгол үндэстний эсрэг энэ гэмт хэрэг, энэ аюултай байдлыг бид хазаарлах, улмаар зогсоох учиртай. Монгол Улсад монгол хүн илүүдэхгүй. Монгол хүн монгол газар шороон дээр нэг ч байсан, мянга ч байсан, сая ч байсан илүүдэхгүй. Эх үрийн амь нас гарцаагүй эндэхээс хамгаалах гэсэн ганцхан зөвтгөл энд байж болно. Гэвч үүнийг хатуу хуульчилж, чанд хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс тэнгэрийн тамгат алаг үрсээ эхийн хэвлийд нь алдаггүй улс болох ёстой” хэмээгээд салбар хариуцсан сайдуудыг энэ талаар тодорхой үр дүн гаргахыг хүсэв.
Л.Наранбаатар: “Эрдэнэс Тавантолгой” компани жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байгаа
-“Эрдэнэс Тавантолгой” компани жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр эдийн засагч Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар өнгөрсөн даваа гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан билээ. Шалтгаан нь юу байсан талаар Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатарын өгсөн тайлбар өнгөрөгч долоо хоногийн анхаарал татах сэдвийн нэг байлаа. Тэрбээр, “Хувьцаа эзэмшиж байгаа 2.5 сая иргэн болон хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдаж авсан 533 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан мэдээллээр үл хангах, хуралд оролцоход саналын эрхгүй байлгах, гол хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэхгүйгээр томоохон хэлцэл хийж буй зэрэг нь Компанийн тухай хууль зөрчиж байгаа юм. Үүнийг үндэслэл болгон Шүүхэд хандлаа. Бид энэ талаар өмнө нь иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Түүний хүчээр ахиц гарсан зүйл бий. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компани энэ сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхээр зарласан. Хувьцаа эзэмшигчдэдээ компанийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ хүргэхээр болсон байна. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүйгээр оролцох боломжтой гэжээ. Ингэж болохгүй. Иргэд энэ хуралд саналын эрхтэй оролцох ёстой. Иймд бид уг асуудлаар шүүхэд хандаж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” нь хувьцаат компани нэртэй боловч одоогоор ХХК хэлбэртэй байгаа. Компанийн тухай хууль шинэчлэгдэж, хувьцаат компани нь нээлттэй болон хаалтай хэлбэртэй байна гэж тусгасан. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Ингэснээр 2.5 сая иргэн, 533 аж ахуйн нэгж тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл баталгаажна. Мөн тэд компанийн санхүү, үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой болно. Ингэж байж хувьцаа эзэмшигчдэдээ өр үүрүүлэх бус, ногдол ашиг тараадаг, үнийн өсөлтөөс ашиг хүртдэг систем рүү шилжинэ. Маш олон хүн бидний санаачилгыг дэмжиж байна” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.