Н.Номтойбаяр: Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй үйлдэл

Н.Номтойбаяр: Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй үйлдэл

Амьжиргааны төвшин тогтоох судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд тэрбээр “Улс орон даяар амьжиргааны төвшин тогтоох судалгааы ажил үргэлж байгаа. Судалгаанд 739 мянган айл өрхийн 81 хувь буюу 600 мянган айл өрхийг хамруулах бөгөөд 10 мянган орчим хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байна. Энэхүү аяны гол зорилго нь айл өрхүүдийн амьжиргааны төвшиг тогтоож халамжийн үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэх, Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулахад оршиж байгаа. Харин судалгаанд хамрагдалгүй үлдсэн айл өрхүүд ирэх сарын 01-нээс хойш хүсэлт гаргаж хамрагдах боломжтой” гэлээ.

Энэхүү судалгааг явуулахад зарим айл амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдахаас татгалзаж байгаа гэнэ. Энэ нь ихэвчлэн амьдрал ахуй нь харьцангуй боломжтой айл байж болох гэнэ. Учир нь амьжиргааны төвшин нь сайн өрхүүд халамж авч байгаатой холбоотой аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Н.Номтойбаяр “Танил талаа ашиглаад халамж авч байгаа эдгээр айл өрхүүд судалгаанд хамрагдахаас татгалзаж байна. Мөн иргэд судалгаанд хамрагдахдаа мэдээллээ буруу өгч байна. Туршилт судалгаа хийж үзэхэд 298 айл өрх тус бүр гурав буюу түүнээс дээш өрөө байртай байж орон сууцгүй түрээсийн орон сууцанд амьдардаг гэж хэлэх жишээтэй. Ингэж худал мэдээлэл өгснөөр төрийн хадгаламжийн бодлого зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй. Цаашлаад ядуурлыг бууруулахад саад учруулж байна гэсэн үг. Тиймээс хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Худлаа хэлж халамжийн мөнгөнөөс авна гэдэг хулгай хийж байгаагаас ялгаагүй үйлдэл” гэв.

Мэдээлэл  хийснийхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Энэ удаагийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хэдэн төгрөг зарцуулж байгаа юм вэ?

-Азийн хөгжлийн банкны 4.5 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр судалгаа хийж байгаа. Энэ зээлийг 2019 онд эргэн төлөх юм. 2010 онд энэ судалгааг хийхэд нэг айлаас судалгаа авах зардал нь 8600, 2013 онд 8200 төгрөг байсан. Харин одоо энэ зардлыг бууруулж нэг айлаас судалгаа авахад 7500 төгрөг зарцуулж байгаа. Зардлаа ингэж бууруулж илүү олон айлыг судалгаанд хамруулах зорилт тавьсан. 2010 онд 451 айлыг хамруулж байсан бол одоо 600 мянган айлыг хамруулж байгаа. Ер нь жил бүр 260 орчим тэрбум төгрөгийг халамжийн үйлчилгээнд зарцуулдаг. Халамжийн 69 үйлчилгээнд нийтдээ 840 мянган хүн ямар нэгэн байдлаар хамрагдаж байгаа. Гурван хүн тутмын нэг нь халамжийн үйлчилгээнд хамрагддаг гэж ойлгож болно.

-Уг судалгаагаар амьжиргааны төвшин нь доогуур болох нь тогтоогдсон айл өрхүүдэд арилжааны банкууд зээл олгохгүй гэсэн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ үнэн юм уу?

-Тийм зүйл байхгүй. Энэ бол зээлтэй огт хамааралгүй. Мөн тодорхой хэмжээний мөнгө өгвөл амьжиргааны төвшинг чинь доогуур тогтоож халамжийн үйлчилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ гэсэн залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа. Тиймээс ийм зүйлээс болгоомжлохыг анхааруулж байна.

-Угаалгын машин, тоос сорогчтой эсэх гээд наад захын хүний хэрэглээний зүйлсээр амьжиргааны төвшинг нь тогтоодог гэсэн шүүмжлэл яваад байгаа.  Энэ удаад ямар шалгуураар тогтоож байгаа юм бэ?

-Угаалгын машин, тоос сорогч, хөргөгчтэй байгаа эсэхээр нь дүгнэнэ гэдэг орлогыг нь тооцож байгаа аргачлал биш. Харин сарын цахилгааны зардлыг нь тооцоход л ашиглагдаж байгаа. Тиймээс зөвхөн үүгээр дүгнэж байна гэдэг бол буруу ойлголт. Айлд ороод зөвхөн дээрх нэр төрлийн цахилгаан бараатай эсэхийг нь асуухгүй. Нийтдээ 53 асуулт байдаг юм. Мөн амьжиргааны төвшинг тогтооход ашигладаг тусгай программ бий. Энэ программын шинэчлэлийг хийж олон улсын төвшинд нийцүүлсэн.    

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.