УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газар ба олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа”-ны талаар энэ удаагийн Засгийн газрын мэдээллийг бэлтгэн танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт олон улсын болон бүс нутгийн 74 байгууллага, сан, холбоонд нэгдэн орсноос 12 нь олон улсын банк, санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллага байгаа аж.
Тухайлбал, Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 1970 онд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд 1991 онд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд 2000 онд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд 2015 онд гишүүнээр элсэн орсон бөгөөд Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажилласны 25 жил, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажилласны 15 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлжээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш Олон улсын валютын сантай хамтран макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, зах зээлийн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, ядуурлыг бууруулах болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн “Стэнд-бай” хөтөлбөр, ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих зэрэг таван хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 195.7 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг авч ашиглажээ. Ү
үнд “Стэнд-бай” хөтөлбөрийг 1991, 2009 он, Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг 1993, 1997, 2001 онд хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилжээ. Тэгвэл бидний хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь удаагийн хөтөлбөр бөгөөд хугацаа нь 36 сар буюу харьцангуй урт, хүү бага байхаар байна.
Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг амжилттай хийснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл улам сэргэж, хамтран ажиллах нөхцөл боломж илүү нээлттэй болж байгааг дурдах нь зүйтэй” гэлээ. Мөн Монгол Улс Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүн болсноор 0.049 хувийг эзэмшдэг болсон. Одоо тус банкнаас Монгол Улс 50 сая еврогийн зээлийг долоон жилийн хугацаатай олгохоор ярилцаж байгаа аж.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Саяхан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг дарлаа. Ингэхдээ найман хувийн хүүтэй бонд гаргасан. Бондын төлбөрөөс шалтгаалан төсөвт хэр их ачаалал ирэх вэ” гэдгийг тодруулав.
Үүний хариуд Ерөнхий сайд, “Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг бонд гаргаж дарсан. Бид төсвөөс мөнгө гаргасан бол валютын ханш өсөхөөс эхлээд олон асуудал үүсэх байсан тул бонд гаргасан юм. 580 сая ам.долларын өрийг таван хувийн хүүтэй авахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. Харин одоо нөхцөл байдал хүнд байгаа тул Хуралдай бондыг найман хувийн хүүтэй гаргасан юм. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын зүгээс дахин 3.1 тэрбум ам.долларын бонд худалдан авах санал ирүүлсэн. Энэ бол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаагийн илрэл юм” гэлээ.
Тэтгэвэрт гарах насыг иргэдийн сонголтоор шийдэх хэрэгтэй гэв
Мөн энэ өдрийн хуралдаанаар нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхэд гишүүдийн 82.5 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “ОУВС-тай хийсэн хэлэлцээрээр төсөвт заавал тодотгол хийнэ гэж албан ёсоор тохирсон юм уу. Төсвийн хүрээний мэдэгдэлд туссан үзүүлэлтүүдээ муутгах шаардлага байна уу” хэмээн асуулаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “ОУВС-тай хөтөлбөрийн нөхцлөө тохирсон. Үүндээ урьдчилсан гурван нөхцөл авсаны нэг нь төсвийн тодотгол юм. Төсвийн тэнцлээ муутгасан зүйл байхгүй. ОУВС манайх хоёрын хооронд аргачлалын багахан ялгаа гараад байгаа юм” хэмээн тайлбарлав. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Чингис бонд хэдийгээр сайн зээл байсан ч тэрхүү зээлээ оруулах бэлэн төсөл байгаагүй.
Одоо авах зээлүүдийг хөгжлийн бодлогын хүрээнд нэн шаардлагатай салбарт оруулах хэрэгтэй. Түүнчлэн Улаанбаатар хот дотор яам, тамгын газрынхан том машин унах хэрэг байна уу. Дараагийн хэлэлцүүлгээр хичнээн том машин яам, тамгын газарт байгаа талаар мэдээлэл өгөөрэй. Бид шүүмжлэх биш, энэ эгзэгтэй үед төрд хэрэггүй эд хөрөнгө, илүү ажил хөтөлбөрийг цэгцэлж авахад анхаарах нь оновчтой” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эдийн засгийн үзүүлэлтээ бодитоор тооцох хэрэгтэй. Тухайлбал, зардлаа бодитоор бууруулах нь зүйтэй. Тэтгэврийн насыг 65 хүргэхээр хатуу хуульчлан тогтоосноос сонголтыг нь өгчих. Хүссэн нь 60 насандаа тэтгэвэртээ гараг, цааш ажиллая гэсэн нь 65-тайдаа тэтгэвэртээ гарч болно.Харин нийгмийн даатгалын сан дампуурчихсан нь үнэн. Үүнд С.Эрдэнэ буруутай нь үнэн. Энэ тухай баримт дэлгэнэ” гэв.
Ж.Энхбаяр: 100 сая доторх хадгаламжид гар бүү хүр
Монгол Улсын 2017 оны төсвийн тодотгол, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 78.8 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Засгийн газрын төсвийн тодотголын хамт Нийгмийн даатгалын сангийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг найман хууль, гурван тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.
Эдгээр хуулийн төсөлд хадгаламжийн хүүгээс татвар авах, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, автомашин болон архи, тамхи, шатахууны онцгой албан татварыг нэмэх заалтууд тусгасан юм. Хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гарагт Төсвийн байнгын хороо хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “100 сая доторх хадгаламжид гар бүү хүр. Хүүхдийнхээ боловсролд зарцуулахаар хуримтлуулж байгаа мөнгөнд татвар ногдуулах шаардлагагүй” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өмч хувьчлалын орлогыг төсвийн орлогод бүртгэхгүй байгааг дэмжихгүй. 100 гаруй төрийн өмчит компанитай, 11.3 тэрбумын алдагдалтай ажилласан байдаг. 2012 онд 187 тэрбумын ашигтай ажилладаг байсан. Хувьцаа эзэмшигчдэдээ 8.4 тэрбумын ногдол ашиг хуваарилдаг байсан бол одоо 1.5 тэрбумын ногдол ашиг хуваарилсан. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид 2012 онд 40300 хүн ажилладаг байсан бол өнгөрсөн онуудад 455618 хүнтэй болж нэмэгдсэн. Ялсан намын компани болж хувирдгийг болиулъя. Удирдлага, менежментийг цоо шинэ шатанд гаргаж ирэх ёстой. 10 их наядын хөрөнгөтэй компани байдаг хэрнээ өгөөж нь 0. Ийм компанийг зах зээлийнх нь горимд шилжүүлж, ашигтай, орлоготой ажиллуулах горимд шилжүүлэх ёстой” гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.