Татвараар талцсан долоо хоног

Татвараар талцсан долоо хоног

УИХ-ын чуулганы хуралдаан өнгөрөгч долоо хоногт гурван өдөр хуралдлаа. Хуваарь ёсоор долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралддаг байсан ч лхагва гарагт хуралдаан зарласан нь төсвийн тодотголтой холбоотой. Учир нь Засгийн газраас оруулж ирсэн 2017 оны төсвийн тодотгол, мөн дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, 2018-2019 оны төсвийн төсөөлөл зэргийг энэ долоо хоногт багтааж батлахгүй бол хуульд заасан хугацаа дуусах байсан юм. Түүнчлэн, тодотгол баталснаар Засгийн газар ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, 440 сая ам.долларын санхүүжилт Монголын эдийн засагт орж ирэх боломж үүсэх учиртай байв. Тиймээс гурван өдөр чуулган хуралдуулж, үдшийн 23:00 цаг хүртэл цаг сунган хуралдсаар төсвийн тодотголоо хэлэлцэн баталлаа. Үндсэндээ энэ долоо хоногийн чуулган татвар тойрсон маргаанаас улстөрчид, улс төрийн намууд талцаж хэрэлдсээр өнгөрсөн юм. Лхагва гарагийн хуралдаан эхлэхээс өмнө АН-ын бүлэг төсвийн тодотголоор татвар нэмж буйг эсэргүүцэн тав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга гурван цагийн завсарлага өгсөн юм. Ингэснээр хуралдаан 19:00 цаг өнгөрч байхад эхэлсэн билээ.

МАН, АН-ын улстөржсөн мэдэгдэл

Лхагва гарагт төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН, АН-ын бүлэг тодотголтой холбоотой санал дүгнэлтээ танилцууллаа. Хоёр бүлгийн дүгнэлт, нэгнээ буруутгасан, эдийн засгийн хямралт нөхцөл байдлын бурууг нэг нэгнийхээ алдаа хэмээн улстөржсөн, бодит тоон дүгнэлт гэхээс илүү улс төрийн шинжтэй дүгнэлт болсон байсан юм. Тухайлбал, МАН-ын бүлэг дүгнэлтдээ “АН эрх барьсан дөрвөн жилдээ 7.2 тэрбум ам.долларын зээл авснаас 90 орчим хувь нь арилжааны өндөр хүүтэй, хугацаа багатай, хатуу нөхцөлтэй байсан. Өндөр хүүтэй зээлээр зам тавьдаг, цэцэг усладаг улс дэлхийд хаана ч байхгүй. Хичнээн их боломжийг дөрөвхөн жилд устгав” хэмээн мэдэгдэл хийв. Харин АН-ын бүлгийн дүгнэлт өнөөгийн Засгийн газар ард түмнийхээ өмнө амласан мөрийн хөтөлбөрөөс ухарч, татвар нэмж ард түмний халаасыг тэмтэрч буйг шүүмжилсэн байсан юм.

Дүгнэлтэд “Олон Улсын Валютын сангийн далбаан доор тус сангаар халхавч хийж, Монгол Улсын өрийг нэмэгдүүлэх гэж байгаа башир аргаа зогсоохыг шаардаж байна. Ахмадаа ачилна, Ард түмнээ алагчилдаггүй төр болно гэсэн сонгуулийн амлалт чинь ахмадуудын тэтгэврийн насыг 65 болгох, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээг нэмэхгүй гурван жил царцаах атлаа Нийгмийн даатгалын шимтгэлийг татварыг нэмэх, олж буй орлогоор нь ард түмнээ алагчилж, татварын өндөр дарамт учруулж ард иргэдийн халаас руу эрээ цээргүй орсон нэн хатуу бодлого барихыг эрмэлзэж байгаад та бүхнийг итгэж сонгосон иргэд бухимдаж байна” гэх мэтээр үргэлжлэв. Гэсэн ч хоёр намын маргаанаас үл хамаарч төсвийн тодотгол хоёрдахь хэлэлцүүлгээ давж чадсан юм.
Тавдугаар сарын 1-нээс зарим татвар нэмэгдэнэ

Пүрэв гарагт чуулганы хуралдаан мөн л цаг сунган хуралдаж төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурлаа. Төсвийн тодотгол батлагдсаны дараа эцсийн байдлаар тоон мэдээг нэгтгэх бөгөөд өнөөдөр Сангийн яамнаас нэгдсэн байдлаар мэдээлэл хийхээр болжээ.

Мөн өнгөрөгч бямба гарагт Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдаж, Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө хэрэгжүүлэх эсэхээ шийдэж, өнөөдрөөс шийдвэрээ танилцуулах аж. Хэрвээ хөтөлбөр хэрэгжих боломжтой гэж үзвэл тэд эхний ээлжинд 440 сая ам.долларыг Монгол Улсад нийлүүлэх учиртай. Энэ зээл Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлэх аж. Мөн хөтөлбөрийн хүрээнд гадаад улс орнуудаас зээл авах эрх нээгдэнэ. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ-аас 3-30 хүртэлх жилийн хугацаатай зээл авч төсвийн алдагдал нөхөх, нийгмийн шинжтэй бодлого хэрэгжүүлэх, цаашлаад тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд ашиглах юм. Гэвч ихэнх зээлийг 2017, 2018 оны төсвийн алдагдал нөхөхөд ашиглахаар оруулж ирсэн нь нийгмийн бухимдлыг төрүүлж буй. Түүнчлэн, төсвийн тодотгол батлагдсанаар зарим төрлийн татвар тавдугаар сарын 1-нээс нэмэгдэхээр болж байна.

Тухайлбал, 100 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулах өөрчлөлт ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварын хэмжээ 30 хувьд хүрэх бол архи, тамхины онцгой албан татвар 2018-2020 он хүртэл үе шаттай нэмэгдэх аж. Тодруулбал, 2018 онд архи 10 хувь, тамхи 10 хувь, 2019 онд архи таван хувь, тамхи мөн таван хувь, 2020 онд архи, тамхи хоёулаа тус тус тавин хувиар нэмэгдэх юм. Тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дараагийн анхаарал татсан татвар нь хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар нэмсэн явдал. Дээрх төрлийн автомашиныг хилээр оруулахад Онцгой албан татварыг 100 хувь чөлөөлж байсан бол 50 болгосноор, приус машин гэхэд л 1-3.5 сая төгрөгөөр үнэ нь нэмэгдэх тооцоо байгаа юм. Мөн хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч бүх төрлийн машины Онцгой албан татвар нэмэгдлээ. Ланд-200 зэрэг том хөдөлгүүртэй машины татвар ашигласан жилээс хамаарч 14-65 сая төгрөгийн татвар төлөх болж байна. Мөн хүүхдийн мөнгийг энэ жилдээ хэвийн олгож ирэх жилээс зорилтот бүлгийн 40 хувьд өгөх аж. Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэн 65-д хүргэж, иргэд тэтгэвэрт гарах насаа өөрсдийн хүслээр сонгох боломжийг бүрдүүлэв. Мөн ирэх оны нэгдүгээр сараас 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд таван хувийн татвар нэмж ногдуулах бөгөөд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн таван хувь нь энэ татварыг төлөх юм. Мөн оны нэгдүгээр сараас нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэхээр боллоо.

Ипотекийн зээлийн хугацааг 30 жил болгосон гэв

Баасан гарагт УИХ-ын чуулган үдээс хойш 15.00 цагаас эхлэх байсан ч 30 гаруй минут хойшилж эхэлсэн юм. Баасан гарагийн хуралдаанаар Хот төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тавьсан асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариултыг Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өглөө. Тэрбээр, “Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогсохгүй. Бид олон улсын санхүүжилтийн дэмжлэгээр хэрэгжүүлээд явна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжинэ.

Баянхошуу, Сэлбэ дэд хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Өмнөх Засгийн газрын үед уурын зуух барих байдлаар дэд бүтцийг нь шийдэх тухай ярьсан юм билээ. Түүнийг нь бид зогсоож гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төвлөрсөн дулаанд холбохоор тодорхой шийдэл гаргасан. Амины орон сууц барих төсөл ч Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд явна. Иргэд 0.07 га газартаа ипотекийн зээл авч орон сууц барьж болно. Үүнийг “Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр” гэж нэрийдсэн хэмээлээ. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөр ч ирэх оноос хэрэгжих бөгөөд Нийслэлийн орон сууц, ТОСК энэ асуудлыг хариуцаж явах аж. Эдгээр ажилд барилгын компаниудын хүчийг зөв зохион байгуулж явна гэдгээ салбарын сайд онцоллоо.

Мөн иргэд ипотекийн зээлээр байр авах хугацаа 20 жил байсныг 30 жил болгож өөрчилжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авав. Тухайлбал, Б.Энх-Амгалан гишүүн өмнөх Засгийн газрын үед гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжсэн. Харамсалтай нь газрыг нь авчихсан атлаа барьсан барилга байхгүй явж байгаа. Тэгэхээр эндээс болж хохирсон хэчнээн иргэн байна вэ гэдгийг тодруулав. Гишүүний асуултад хотын захирагч Су.Батболд “Энэ ажлыг анх эхлүүлэхдээ сэтгэлийн хөөрлөөр, ул суурьтай судалгаа хийхгүй эхэлсэн. Явц нь хэцүү байгаа.

Яг үнэнийг хэлэхэд энэ хүмүүсийн баасыг цэвэрлээд явж байгаа. Зээлийн өртэй, дарамттай гэсэн шалтаг тоочдог. Хотын захиргаа анхнаасаа болно бүтнэ гэж оруулсан. Гэтэл бид дампуурчихлаа гэсэн тайлбарыг компаниуд өгч байна. Намайг анх ажлаа авахад иргэд жагсч угтсан. Хүйтэн нойтон боллоо, бид гудамжинд гарчихаад байна гэсэн өргөдлөө бариад угтсан. Нийт 492 айл дахин төлөвлөлтийн улмаас хохирсон гэсэн өргөдөл өгсөн байгаа. 200 гаруй айлыг түрээсийн орон сууцанд оруулсан.

Энэ тоо нэмэгдэх шинжтэй байна” гэсэн хариулт өглөө. Мөн Б.Батзориг гишүүн Да хүрээ техникийн захыг нүүлгэх эсэх талаар тодрууллаа. Хотын дарга энэ асуудлыг УИХ-тай хэлэлцэж шийдэл гаргана гэсэн хариулт өгсөн юм. Мөн М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нарын гишүүд Нэхмэлийн шар, Дэнжийн 1000-ын цагаан байрны олон жилийн маргааныг хэрхэн шийдэх талаар салбарын сайд болон Хотын даргаас тодрууллаа. Хотын дарга “Дэнжийн 1000-ын цагаан байр төлөвлөлтөд ороогүй. Ирэх жилээс орох боломжтой.

Харин Нэхмэлийн шарын барилгыг энэ жил дахин төлөвлөлтөд оруулсан. Дэд бүтцийг хэрхэх талаар санхүүгийн асуудал байсан ч Г.Мөнхбаяр сайд санхүүжилтийг шийдэж өгнө гэсэн. Тиймээс энэ жил Нэхмэлийн шарын ажил эхэлнэ” гэсэн таатай мэдээг дуулгалаа. Түүнчлэн, Ногоон нуурын дэнж дээр Хятадын хөрөнгө оруулалтаар орон сууц барихаар болжээ. Нийт 50 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурсан аж. 1000 айлын орон сууц баригдаж, 40-60 м кв байрыг ашиглалтад оруулах бөгөөд иргэдийн газрыг орон сууцаар солино гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.