Мөнгө хаана байна

Мөнгө хаана байна

Мөнгө байна уу, байхгүй. Улс мөнгөгүй болсон, төсөв алдагдалтай батлагдсан. 2017 онд шинээр бүтээн байгуулалт хийх мөнгө байхгүй. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, учир нь улс мөнгөгүй. Хаа хаанаа л ийм зүйл ярьсаар сүүлийн жил гаруйн хугацааг үдээд байна. 2016 оныг бид мөнгөгүйгээ гайхаад л өнгөрөөсөн.

2017 онд ч гэсэн тэгэх шинжтэй. Хэтэвчиндээ, цалингийн картандаа мөнгөтэй хүн эргэн тойронд алга. Бүгд л сарын орлогоо тогтмол зарлагадаа хүргэх гэж ядаж байгаа гэх. Засгийн газар мөнгөгүй гээд сая баахан татвар нэмчихлээ. Орлогоо нэмж, мөнгө олох юм гэсэн. Тэгсэн мөртлөө сайд нарынхаа багцийг тултал нь нэмээд, бөөн юм болж байна. Ер нь бэлэн мөнгө хаачив. Хэнд мөнгө байна. Үндэсний статистикийн газрын мэдээлснээр бол мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн байгаа юм. Тодруулбал,  мөнгөний нийлүүлэлт (M2) 2017 оны гуравдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 79.5 (0.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үеэс  20.4 хувиар буюу 2065.3 тэрбум төгрөгөөр өсжээ. Ямар ч байсан 2016 оны гуравдугаар сарыг бодвол энэ онд мөнгөний нийлүүлэлт нэлээд нэмэгдсэн байна. 

Мөнгөний нийлүүлэлт 2017 оны гуравдугаар сард өмнөх сараас 79.5 тэрбум төгрөгөөр буурахад төгрөгийн хадгаламж 162.2 тэрбум, төгрөгийн харилцах 44.3 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч валютын харилцах 111.9 тэрбум, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 107.2 тэрбум, валютын хадгаламж 67.5 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн юм байна. Энэ мэт тооноос харахад, хоёрдугаар сарынхаас гуравдугаар сард мөнгөний нийлүүлэлт багассан ч 2016 оныхыг бодвол нэмэгдсэн. Дахиад нэг бяцхан тоо хэлье. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ 2016 оны есдүгээр сард 765.8 тэрбум байсан талаар Монголбанк мэдээлж байсан. Тэгвэл 2017 оны гуравдугаар сарын байдлаар 788.3 тэрбумд хүрч, нэмэгдчихээд байна. Яах вэ, хоёрдугаар сарынхыг бодвол 156.5 тэрбумаар багассан ч 2016 оны гуравдугаар сарын үетэй харьцуулахад, 129.7 тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлт гэж ҮСХ мэдээлж.

Бэлэн мөнгөний нийлүүлэлт ч, гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ ч 2016 оныхоос нэмэгдээд байна. Гэтэл мөнгөтэй хүн байдаггүй. Төр засаг ч бас мөнгөгүй болчихсон. Цалин мөнгө ч нэмдэггүй. Нэмж байгаа зүйл нь татвар. Өө нээрээ цалингийн доод хэмжээ нэмэгдсэн юм байна. Түүнийгээ дагаад торгуулиуд бүгд нэмэгдсэн. Үүнээс өөр зүйл манай улсад одоохондоо болоогүй байгаа. Бага, дунд орлоготой иргэдийн гар дээр үнэхээр мөнгө алга. Зарим хүмүүс болохоор Монгол Улс хямраагүй, сайхан байна. Хамгийн үнэтэй ресторан, зоогийн газар пиг дүүрэн байна. Мөнххада компанийн ландууд өдөр болгон зарагдаж байна гэж яриад буй. Ингээд бодохоор мөнгө өндөр орлоготой хүмүүст л байна. Харин жижиг, дунд орлоготой хүмүүст алга.

Зах зээл дээр эргэлдэж буй 788.3 тэрбум төгрөгийн ихэнх нь баячуудад байна. Тэд гэртээ л гэхэд 30, 40, цаашлаад хэчнээн ч саяар нь гудсан дороо, төмөр авдартаа хадгалж байгаа юм, бүү мэд.  Ер нь бодоход л өндөр орлоготой иргэдийн гэрт гүйлгээнд байгаа гэгдэх 800 орчим тэрбумын хэд нь байгааг хэн мэдлээ. Харин бага, дунд орлоготой иргэдэд үнэхээр мөнгө алга.  Өнөөдөр зах зээл дээр юу зарагдаж байна. Эм, хоол. Зайлшгүй хэрэгцээтэй өргөн хэрэглээний бараа. Авахгүй бол угаасаа болохгүй болохоор л хүмүүс аваад байгаа. Гэхдээ тэвчиж болох зардал бүхнээ залуучууд тэвчиж байна. Учир нь нэг үеэ бодвол залуу гэр бүл хэдэн мянгаараа орон сууцны зээлд хамрагдчихсан.

15, 20 жил зээлийн дороос гарч ирэхгүй. Тийм болохоор ундаа авч уух, гуанзанд орж хоол идэх, хүүхэддээ зайрмаг авахаасаа илүү банкны зээлээ л төлөх гэдэг болсон.  Энэ хэрээр эдийн засгийн эргэлтийн хурд багасч байна. Дээрээс нь машин, байр авдаг хүн алга. Учир нь мөнгөтэй хүмүүс нэгэнт машин, орон сууцаа авчихсан. Тийм болохоор мөнгөгүй хүмүүс юугаараа машин, байр авах вэ дээ. Сардаа олж буй хэдхэн төгрөгөө идэж уух, өмсч зүүх, автобус унаандаа зарцуулаад л дуусаа.

Өвөлдөө бол түлшинд. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, зах зээлд эргэлдэж буй бэлэн мөнгө тэгтлээ буурч алаагүй ч иргэдийн амьдрал хэцүүдсээр. Ядахад л банкны салбарын зээлийн өсөлт сүүлийн дөрвөн жил тасралтгүй буурч байна. Тэр дундаа хэрэглээнээс бусад буюу орон сууц, худалдаа, уул уурхайн зээл байхгүй болсон. Тэр дундаа залуучуудын, залуу гэр бүлийн хамгийн их сонирхож буй орон сууцны ипотекийн зээл эрс багассан. Засгийн газраас энэ хөтөлбөрийг арай ч зогсоочихоогүй байна. Гэхдээ төсөв дээр нэмэлт мөнгө суулгаагүй. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй хэдэн төгрөгийг хувааж өгч, үлгэн салган урагшлуулж байна.

Иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй байгаагийн нэг нотолгоо бол хэрэглээний зээл өсч, бусад зээл багасч байгаагаас харагдана. Эдийн засагт мөнгө алга байгаагийн нэг илрэл энэ юм. Дахиад л асуулт. Бэлэн мөнгө хаачив. Одоо Засгийн газар бүхий л халамжийг танана гээд байгаа. Хүүхдийн мөнгийг хүртэл байхгүй болгохоор болчихлоо. Бэлэн мөнгөтэй жижиг, дунд орлоготой айл бараг л алга болох нь. Барилгын компаниуд хүртэл жижиг, дунд орлоготой иргэдэд биш баячуудад зориулсан тансаг зэрэглэлийн гэгдэх орон сууцны хотхон, хорооллыг барьж байна.

Цаашлаад хадгаламжийн хүүнээс татвар авахаар болсон. Энэ хэрээр иргэд хадгаламжаас мөнгөө их, бага хэмжээгээр татна. Манай дарга нар болохоор сэтгэл гаргаад хадгаламжийн хүүнээс татвар өгөх байх гээд байгаа. Гэхдээ тийм сэтгэлтэй баян манайд хэр олон билээ. Хоёр, гурван хүн л олон тэрбумын хадгаламжаа татахад банкны салбарт ч хөөрхөн цохилт болно. Цаашлаад зээл гаргах асуудал ч хүндрэх гээд байна.  Бэлэн мөнгө төрийн албаны томчуудын дунд эргэлдээд дуусч байхад ард түмэн олсон хэдийгээ бор хоногтоо хүргэх гэж шаналсаар. Мөнгө байна уу, байхгүй. Энэ байдал хэзээ сайжирч, эдийн засаг хэзээ өөдлөх вэ.  Нөгөө их зээл орж ирэхээр үү.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.