АН, МАН-ын бүлэг дотоод маргаанаа хэлэлцэх нь

АН, МАН-ын бүлэг дотоод маргаанаа хэлэлцэх нь

Өнөөдөр Төрийн ордонд парламентад суудалтай хоёр намын бүлэг хуралдана. Тодруулбал, Ардын намын бүлэг Их жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх билээ. Түүнчлэн, МАН-ын дотоод зөрчил олон нийтэд ил болсон учраас энэ асуудлаар ч намын бүлэг хуралдах нь гэсэн мэдээлэл байгаа юм. Харин Ардчилсан намын бүлэг Их Эзэн Чингис хааны танхимд хуралдаж мөн л чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэх юм.

Мөн ирэх тавдугаар сарын 2-нд АН-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ намын гишүүдийн дотоод сонгуулиар шалгаруулахаар болсон бөгөөд энэ асуудлыг ч гэсэн бүлгийн хурлаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. бүлгийн хурлын дараа тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.

Мөн энэ өдөр байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг болон дэд хороодын хуралдаан болдог. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийн хуралдаан өглөө 09.00 цагаас хуралдаж, улмаар үдээс хойш 14.00 цагаас ажлын хэсэг хуралдахаар болжээ. Харин Мал амьтны эрүүл мэндийн тухай хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд тус тус хуралдахаар болжээ.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг тус тус хэлэлцэх бөгөөд энэ бүх хуулийн төслийг өнөөдөр хэлэлцүүлэгт бэлтгэх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.