Хаврын улс төр халууцуулж эхэллээ

Хаврын улс төр халууцуулж эхэллээ
Нэг хэсэгтээ л унтаад байсан улс төр сэргэж эхэллээ. Ерөөс хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд маш олон асуудал зэрэгцэж ургасан. Наад зах нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэхийг шийдэх. Хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэх эсэхийг шийдэхээс авахуулаад асуудал их байсан. Тэр бүхнийг Засгийн газар, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж, олонхийн хүчээр шийдвэрлээд явж байна. Мэдээж энэ бүхний хажуугаар сөрөг хүчин, жагсагчид, парламентад суудалтай болоод суудалгүй намуудын төлөөлөл дуугүй байхгүй нь мэдээж. Янз бүрээр улс төр хийж эхэллээ. Оффшор данстай холбоотой улстөржилтийн барьцтай ч болчихоод байна. Энэ бүхний хажуугаар ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан их улстөржилт эхэлчихлээ. Аль намаас хэн нэр дэвших, хэн нь боломж хайж хаашаа явах вэ гээд улс төрийн халууны улирал ч эхэлж байна даа.
 
МАН дотоод асуудлаа даравч далдайна, булавч бултайна 
 
Үеийн үед эв нэгдэлтэй гэдгээ давуу тал болгож байсан МАН сүүлийн үед дотроо нэлээд сөргөлдөх боллоо. Уг нь тэднийг ард түмэн эв нэгдэлтэй гэдэг үндэслэлээр сонгосон. Учир нь АН өнгөрсөн дөрвөн жилд хоорондоо багагүй толхилцсон учраас дотоод эв нэгдэлд иргэд илүү ач холбогдол өгсөн гэдэг дүгнэлтийг ч олон хүн хийгээд буй. Тэгвэл өнөөх эв нэгдлийн туйл болсон МАН-ынхан дотроо хагаралдаж эхэллээ. Тэдэнд угаас хагаралдах шалтгаан ч их бий. Юуны өмнө намын даргын шийдвэрүүд олон хүнд таалагдахгүй байгаа. Тэр дундаа намын ахмадуудад бүр ч таалагдахгүй байгаа гэх.
 
Залуучууд дунд ч гэсэн намын даргын гаргаж буй шийдвэрт эгдүүцэж, эсэргүүцэж, бага сага улс төр хийж байгаа хүмүүс ч бас байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Нямдорж зэрэг улстөрчдийн хийж буй улс төр ерөнхийдөө газар авч байгаа. Тэр дундаа Ц.Нямдорж гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас эхлээд сүүлд үүссэн концессын гэрээг хүртэл нэлээд өндрийг нь авахуулж чадсан. Түүний хэлсэн үг бүрийг хүмүүс анхааралтай сонсч байна. Засгийн газрын янз бүрийн шийдвэрийг нэг намын нөхдөөс нь хамгийн их “алж” байгаа нь тэр. Түүнийг ингэж нам доторх асуудлаа хурцатгаж байгааг шударга загнаж байна гэж харах нэгэн байгаа байх. Гэхдээ ихэнх нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна.
 
Ердөө сар гаруйн дараа ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. МАН-аас намын дарга М.Энхболд хэнтэй ч өрсөлдөхгүйгээр ногоон гэрлээр сонгуулийн эрхээ авна гэж байсан. Гэвч сүүлийн үед байдал өөр болчихоод байна. М.Энхболд дарга нэр дэвшихгүй ч байж магадгүй, цаагуураа өөр яриа хөөрөө болох ч магадлал бий болчихлоо. Дээрээс нь МАН-ын гишүүдээс хэд хэдэн хүн боломж хайж, МАХН руу очиж магадгүй гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Мэдээж бүгдээрээ боломж хайна гэж юу байх билээ. Зарим нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж намаа сольж болно. Харин ихэнх нь намын дотоод хагарлаас үүдэж байж ч болох. Тэгээд ч МАН дотроо нэлээд асуудалтай байгаа нь үнэн. Увсын хоёр гэхэд хоорондоо нэлээд түнжин хагарч, асуудал сүрхий томорсон талаар жиг жуг яваад л байгаа. Нөгөө талдаа МАН ард түмнийг жаргаана, асуудлыг шийднэ гэж гарч ирчихээд иргэдийн халаасыг сэгсэрсэн шийдвэр гаргаж байгаа нь олон гишүүнд таалагдахгүй байгаа.
 
Түүнийгээ ч илэрхийлж буй. Яг хурал, чуулган дээр олонхи нь товчлуураа нэг саналд дарж байгаа ч илт эсэргүүцэгчид байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд “Та нар улс төрөө хий, би ажлаа хийнэ” гэх мэтээр намынхандаа хаягласан шинжтэй үг бичсэн нь энэ намын дотоод хагарал даравч далдайж, булавч бултайж эхэлсний шинж биз ээ. Ядаж байхад хагарлыг нь нэмэх шалтаг олон байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд.
 
АН-ынхан аанай л “алалдсаар” 
 
АН-ынхан дотоод ардчилал гэж өөрсдийнхөө толхил­цоо­ныг тайлбарласаар, алалдсаар л өнөөг хүрлээ. Тэд намаа шинэчилнэ, нэгэн цул болно, олон фракцийг ор мөргүй арилгана гэж байлаа. Улмаар намын шинэчлэлээ даргаа бүх гишүүдийн саналаар тодруулахаас эхэлсэн. Намын даргын сунгаанд таван хүн өрсөлдсөн, хөдөө, хотгүй л явсан. Бие биеэ баахан муулсан. Ер нь бол намын даргын сунгаа шинэчлэл гэхээсээ илүүтэй намыг тав хуваасан л хэрэг болсон. Гэхдээ цэвэрхэн өрсөлдөөд, ялагдлаа хүлээн зөвшөөрнө гэсэн болохоор дараа нь хэл ам нэг их гаргаагүй байх. Ганц авах юм нь тэр л байлаа. Одоо тэгээд юу өөрчлөгдөж, дээрдэв. Хамгийн сул сөрөг хүчин гэгдээд л явж байна.
...Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ яаж тодруулах эсэх нь тодорхой биш байна. Бас л 6, 7 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх авахын төлөө нам дотроо үзэлцэнэ гээд байгаа. Аль хэдийнэ Ерөнхийлөгчийн сонгуульд дотооддоо өрсөл­дөнө гэж мэдэгдсэн хүмүүсээ “алаад” эхэлсэн. Аль эрт улирсан баларсан үүх түүхийг нь сөхөж, харлуулах гэж ядаж байна. Ядаж байхад яр гэгчээр Б.Жаргалсайхан гэдэг нөхөр хүртэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гээд олны хажуугаар чихэлдээд явж байна. Дахиад л АН 5-6 хуваагдаж, нэг хэсэгтээ л бие биеэ муулах нь... 
УИХ-ын гишүүдээс З.Нарантуяа, Д.Эрдэнэбат хоёр л арай дөнгүүр байгаа. Бусад нь сураггүй. Тэр ч битгий хэл намын даргын сонгууль хийж, АН-ыг тав хуваасан тэд дараа нь дахиад л баахан бужигналдав. Намын дотоод сонгууль хийж байна гэж 300, 400 хуваагдсан.
 
Дотоод сонгуулийнхаа өмнө оффшортой холбоотой асуудлаар баахан бие бие рүүгээ дайрсан. Бас л бөөн хэрүүл, хараал. Мөнгө төгрөг хураасан нь буруу гэсэн байр суурьтай хэсэг бүлэг гарч ирээд л асуудал үүсгэсэн. Дахиад л баахан толхилцоон. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ яаж тодруулах эсэх нь тодорхой биш байна. Бас л 6, 7 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх авахын төлөө нам дотроо үзэлцэнэ гээд байгаа. Аль хэдийнэ Ерөнхийлөгчийн сонгуульд дотооддоо өрсөл­дөнө гэж мэдэгдсэн хүмүүсээ “алаад” эхэлсэн. Аль эрт улирсан баларсан үүх түүхийг нь сөхөж, харлуулах гэж ядаж байна. Ядаж байхад яр гэгчээр Б.Жаргалсайхан гэдэг нөхөр хүртэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гээд олны хажуугаар чихэлдээд явж байна. Дахиад л АН 5-6 хуваагдаж, нэг хэсэгтээ л бие биеэ муулах нь.
 
АН-аас Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөх хүн ирэх сарын эхээр тодрох байх. Уг нь дахиад сон­гууль явуулна гээд байсан чинь одоо болохоор ҮБХ-гоор шийд­нэ гээд байгаа. Гэхдээ хоёр л хү­ний нэрийг ҮБХ-д өргөн барьж, тэндээсээ шалгаруулах сураг гараад байна. Түүнээс өмнө сонгуульд хүч үзэх гээд бай­гаа бяр нь амтагдсан 5, 6 хү­нээ яаж зохицуулах юм бол гэ­дэг л сонин. Хэн хоёр хүний нэ­рийг сонгох вэ. Хасагдсан хэд нь Ерөнхийлөгчийн сонгуульд өр­сөл­дөх нэр дэвшигчдийн нэр ал­бан ёсоор тодортол жинхэнэ ха­луухан улс төр хийнэ дээ. АН-ын алалдсаар, цаашид ч алалдана. 
 
МАХН хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх вэ
 
Одоо бол МАХН-д хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдэг л хамгийн том асуудал болчихоод байна. Түүний хажуугаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү ялих шалихгүй улс төр хийж, өөрийнхөө байгааг сануулсаар. Түүний хийж буй үйлдлүүд бүгдэд таалагдах албагүй. Хамгийн гол нь тэр МАХН гэж нэг нам УИХ-д суудалтай байгаа шүү гэдгийг мэдрүүлэх, мартагнуулахгүйн тулд бүхнийг хийж чадаж байна.
 
Ерөнхийдөө өөрийгөө жаахан үнэд оруулахын хажуугаар намаас өгсөн даалгаврын дагуу ажиллаж байж ч болох.  Дээрээс нь МАХН руу МАН-ын зарим гишүүд “урвах” гэж байгаа талаар яриа ч газар авлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Манай намд зургаан гишүүн элсэнэ” гэж ярьсан. Үүнтэй холбоотойгоор хэн хэн МАХН руу явах вэ гэдэг асуулт ч урган гарч ирж, хэв­лэ­лүүд бүр нэрийг нь хүртэл таа­маг­лаж эхэллээ. Тухайлбал,  Ц.Ням­дорж, Х.Болорчулуун, Ж.Энх­баяр, Т.Аюурсайхан, Ч.Хүрэл­баатар гэх мэт гишүүдийн нэр таа­магт багтаж эхэлсэн. Тэр дун­даас Ж.Энхбаяр өөрийнх нь нэ­рийг энэ мэт ховд хутгасанд бага­гүй ундууцаж байгаагаа илэр­хийл­сэн байсан. Мэдээж энэ бол таа­маг, жиг жуг. О.Баасанхүү гишүүн зүгээр л улс төр хийж, хөөр­хөн хөдөлгөөн оруулсан ч байж болох. Гэхдээ МАХН-д бол Ерөн­хий­лөгчийн сонгуульд хүч­тэй өрсөлдөхүйц хүн хэрэгтэй бай­гаа. Тийм болохоор МАН-аас тийм боломж хайсан ганц хоёр хүн Н.Энхбаяр даргатай бага сага яриа хийсэн ч байж болох.
 
 Гэх­дээ МАХН-аас Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун нэр дэв­шиж магадгүй гэсэн яриа цу­хал­зах боллоо. Гэхдээ энэ бол эхний ээлжний л “бор шу­вуу”. Ямар ч байсан МАХН энэ хав­рын улс төрөөс мултарч үл­дэх­гүй. Адилхан халалцах нь то­дор­хой байна. Харин үнэхээр МАН-аас тэр зүгт гишүүд явах уу гэдэг л сонин байна. Хэрвээ үнэ­хээр Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөх боломж хайсан ганц хоёр хүн явлаа гэхэд бас л халуухан юм болох нь дамжиггүй. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.