Ж.Батзандан: Х.Нямбаатар аа чи яасан баривчлах дуртай хүн бэ

Ж.Батзандан: Х.Нямбаатар аа чи яасан баривчлах дуртай хүн бэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэ­чил­сэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төс­лүү­дийн анхны хэлэлцүүлгийг хий­лээ. Энэ хууль нь нэлээд өргөн цар хүрээг хамарч байгаа тул гишүүд ихэд нухацтай хандаж олон талын байр суурийг илэрхийлэв. Гишүүд торгууль ногдуулах, эрх хасах асуудалд нухацтай хандаж байлаа. Гэхдээ  торгуулийн хэмжээг  өмнөх хууль зааснаас  багасгасан гэдгийг ажлын хэсэг тайлбарлаж байлаа. Торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдогийг болиулж, нэгжээр тооцохоор болжээ. Өмнө нь нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцдэг байсныг 1000 төгрөг болгохоор төсөлд тусгажээ. Дараагаар нь зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ажлын хэсгээс “Гудамж талбайд цэр нус хаявал 10 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулна. Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй газар хэрэглэсэн, мэс зэвсэг биедээ авч явсан бол 25 нэгжээр торгоно. Мансуурсан, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэжгээд нэгжээр торгох буюу баривчилна. Ингэхдээ албадан сургалтад хам­руулж 7-30 хоногийн хуга­цаанд баривчлах” гэсэн заалт оруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Эрх хасах тухайд уян хатан хэрэгтэй. Тухайлбал эмч гэхэд 10-15 жил сурсан байхад шууд эрхийг нь хасна гээд байж болохгүй” гэлээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Ямар тохиолдолд торгох, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох, эрхийг нь хасна гэдгээ жагсаалтаар гарга. Тэгвэл илүү ойлгомжтой болно” гэсэн чиглэл өглөө. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь  “Аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хасдаг болсноор авлига хээл хахууль цэцэглэх шалтгаан болох вий. Тусгай зөвшөөрлийг олгосон этгээд буцаан эргүүлэн татдаг. Гэтэл энэ хуулиар өөр нэг байцаагч очоод эрхийг хаахаар тусгасан байна шүү. Үүний бодолцоорой” гэв. Мөн бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс оношлуулж, эмчлүүлэхгүй явсаар эрчүүд нь цэрэг татлагын үеэр, эмэгтэйчүүд нь жирэмсний хяналтад орох үеэр илэрч байна. Тиймээс бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхгүй явах, бусдад тараахыг зөрчилд тооцох саналтай байна гэв. Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийн төслийн 15.6 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдол вирус халдаахыг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Н.Оюундарь гишүүний ярьж байгаа асуудал бол Эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцаа” гэв. Сануулахад, бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой асуудал нь одоогоор албан ёсны хууль болж гараагүй байгаа юм. Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, баталсны дараа албан ёсоор гэмт хэрэгт тоо­цог­дож, хариуцлага хүлээлгэх аж.

Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах үеэр нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусдын амар тайван байдлыг алдагдуулсан бол баривчлахаар заасныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан шүүмжиллээ. Тэрбээр “Хуучин энэ тохиолдолд баривчлах бус торгохоор байсан. Наанатай цаанатай хандах хэрэгтэй. Шөнийн цагаар хүүхэд уйлах, зуслангийн байрандаа найз нараа авчраад наргиж цэнгэхэд баривчлагдах нь. Баривчлах байрны чинь багтаамж хүрэлцэх үү, Х.Нямбаатар аа. Монголын цагдаа хуулийг яаж гуйвуулдаг билээ. Чи яасан баривчлах дуртай хүн бэ” гэлээ. Түүний энэхүү шүүмжлэлтэй УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд санал нэг байгаагаа илэрхийлэв. Улмаар санал хураахад дээрх тохиолдолд торгуулахаар болж, хуучин санал хэвээр үлдлээ. Мөн жагсаал цуглаан зохион байгуулахдаа тэсэрч дэлбэрэх бодис, хүний биед аюул учруулах хорт бодис, аливаа зүйл, амьтан авч явсан бол баривчлахаар заасан заалт унаж, торгох заалт хэвээр үлдлээ. Хуулийн төсөлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан тооцоолох боомжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, эсвэл тоглосон бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан заалтад болгоомжтой хандахыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү анхааруулав. Тэрбээр “Зах дээр дартс шидүүлээд, шаар хагалуулж тоглуулдаг тоглоом зөндөө бий. Зургадугаар сарын 1 болоход ийм тоглоом зөндөө гарч ирдэг. Гэтэл одоо энэ хуулиар иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох нь. Бараг жилийнх нь орлогоор торгох болж байна. Болж байгаа юм уу. Амьдралтайгаа уялдуулж, хууль хий л дээ. Ажлын байраа өөрөө олоод явж л байгаа тэр хүмүүс хэнд гай болсон юм” гэв. Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Мөрийтэй тоглоомд шаар, дартс зэрэг тоглоом хамаарахгүй. Мөрийтэй тоглоом гэдгийг 2007 онд Улсын дээд шүүхээс тайлбарласан. Тэр тайлбар болох “Шоо, хөзөр, бусад зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй аз туршиж тоглодог тоглоомыг хэлнэ” гэдэг бичилтийг хийсэн байгаа” гэсэн тайлбар өгсөн юм. Харин Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Одоогийн Эрүүгийн хуулиар мөрийтэй тоглох гэдэг гэмт хэрэг. Шинэ Эрүүгийн хууль үүнийг гэмт хэрэгт биш гэж тооцоод Зөрчлийн тухай хуульд оруулж ирж байгаа. Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан эсвэл тоглосон бол гэдэг томъёололд юуг оруулж байна вэ гэвэл тоглоомын газар зохион байгуулж байгаа гэдгээ нэг мөр ойлгоё, гэртээ хөзөр тоглож байгаа үйлдлийг бүхэлд нь мөрийтэй тоглож байгаагаас ялгахын тулд олон нийтийн газар гэж ялгасан. Гэртээ найз нөхдөөрөө тоглож байгааг Зөрчлөөр хамаатуулж болохгүй гэж ялгасан юм”хэмээв. Хэвлэл мэдээллийн амыг хамхих бодлого хэмээн нэлээд шүүмжлэл дагуулсан заалт бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын зарчмын зөрүүтэй санал байлаа. Тэрбээр Зөрчлийн тухай хуулиар гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох санал гаргаад байнгын хорооны гишүүдээс дэмжлэг авсан юм. Уг нь өмнө нь хувь хүнийг хоёр сая, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгох заалттай байсан юм. Хамгийн хачирхалтай нь энэхүү хууль сошиал орчинд хамаарахаар тусгажээ.

Нялхасын хоол, хүнсний хуулийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр 14.00 цагт товлогдсон. Гэвч МУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, дээд боловсролын салбарын бодлого, хууль эрх зүйн орчны талаар санал солилцох болсон тул байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа. Тус байнгын хороо өнөөдөр 15.00 цагаас хуралдана. Хурлаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын долоон гишүүн өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.