Ц.Элбэгдорж: УИХ-ын гишүүд өөрсдөө л биеэ зөв авч явж, үг хэлээ цэгнэх хэрэгтэй

Ц.Элбэгдорж: УИХ-ын гишүүд өөрсдөө л биеэ зөв авч явж, үг хэлээ цэгнэх хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн юм. Үүнтэй холбоотойгоор хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Зөрчлийн хуулиар зургаан гэмт хэргийн шинжтэй асуудал оруулж ирсэн. Зөрчил дээр ажлын хэсгээс баривчилгааны тухай асуудлыг оруулж ирсэн. Иргэний болон хүний эрхийн ноцтой зөрчих буюу хуулийн дарангуйлалын шинжтэй заалтууд орж ирж байгаад нийгэм эмзэглэж байгаа.

Орж ирж байгаа заалтуудын 50 гаруй хувь нь найруулгын хувьд өөрчлөгдөж, үг хэллэгийн хувьд ойлгомжгүй зүйл их орж ирлээ. Зөрчил гаргасан хэнийг ч болов дурын нэгэн хэн нэгэн байцаагч, түшмэл дураараа торгох эрх нь нээгдэж байгаа зэрэг ноцтой зүйлүүд их гарч байна. Тиймээс бид энэ хуулийг энэ удаад хэлэлцэхгүй хойшлуулах хэрэгтэй гэж харж байна. Уг хуулиа татаж аваад, эргэж нэг харах хэрэгтэй. Зөрчлийн тухай хууль чинь иргэний эрхийг хамгаалахаасаа илүү торгууль, шийтгэлээр иргэдийн халаасыг ухаж байна. Сүүлдээ бүр төсвийнхөө цоорхойг нөхөх нэг арга нь өндөр хэмжээний торгууль тавьж, төсөвт оруулдаг болох нь байна. Би энэ саналыг хэлэлцүүлэг дээр хэлсэн. Гэтэл зарим гишүүд “торгуулийн хэмжээ их байвал төсөвт их мөнгө орно шүү дээ” гэж байсан.

Асуудалд ингэж хандаж болохгүй. Тиймээс би энэ хуулиа түр хойшлуулаач гэж УИХ-ын даргаас хүсч байна.” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Лу.Болд “Д.Эрдэнэбат гишүүний саналыг дэмжиж байна. Сүүлийн үед эрдэмтэд их гомдол гаргаж байна. Маш олон асуудлыг яриад, хэлээд байхад огтоос чихгүй юм шиг хууль сахиулах байгууллагуудын болоод тодорхой эрх мэдэлтнүүдийн сонирхлоор энэ хуулийн бүх үйл ажиллагаа явчихлаа. Зөрчлийн хууль бүхэлдээ хүний эрхийн талаар маш том ухралтыг хийж байна. НҮБ-ын хүний эрхийн гишүүнээр сонгогдчихсон байгаа Монгол Улсын хувьд маш хохиролтой буруу шийдвэр гарах гэж байна. Тиймээс УИХ-ын гишүүд үүнийг сайтар бодож, тунгаах шаардлагатай байна.

УИХ-ын дарга М.Энхболд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан саналаар санал хураалгав. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх хугацааг гурав хоногоор сунгах түүний санал гишүүдийн 49 хувийн саналыг авч уналаа. Тиймээс нийгмийн бухимдуулаад байгаа гэх Зөрчлийн хуулийг энэ хэвээр нь хэлэлцэхээр болсон юм. Улмаар өчигдрөөс эхлэн улс төрийн намын харьяаллын бус чөлөөт хэвлэлүүд Зөрчлийн хууль нэрээр хэвлэл мэдээлэл болон иргэдийн хардах эрхийг хааж боож буй асуудлаар эсэргүүцлээ илэрхийлж бүх сонины тэргүүн нүүр хар гарч, улмаар телевизүүд эфирээ нэг цаг харлуулсан юм.

Мөн өнөөдөр өглөө нэлээд олон сайтууд ч нүүрээ харлуулж, мэдээлэл түгээхээс татгалзлаа. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр, “Торгууль нэмлээ гэж нэлээн шуугилаа. Тэгээд гаргасан саналаа татаж авлаа гээд үндсэн санал нь үлдэж байна. Тиймээс үндсэн саналаа ч татаж авах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнууд гомдол гаргах эрхийг нь ч гэсэн хаах хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө л биеэ зөв авч явж, үг хэлээ цэгнэх хэрэгтэй. Тийм байхад нийгмийн зүгээс гарч буй шүүмжлэл нь та нарт хэрэгтэй. Хэвлэлийн эрхийг боох байдал гарч болохгүй. Энэ заалтыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын чуулган одоогоор түр завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.