“Ард түмний үнэнийг мэдэх эрхийн төлөө тэмцсэн нь зөв”

“Ард түмний үнэнийг мэдэх эрхийн төлөө тэмцсэн нь зөв”
-Зөрчлийн хууль шоронжсон хууль болсон гэв-
 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хоёр том хуулийн төслийг хэлэлцэв. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн төслийг хуралдааны эхэнд хэлэлцэж, 74.6 хувийн саналаар дэмжих нь зөв гэж үзлээ. Хуулийн төслийг талаарх танилцуулгыг Хуульзүйн сайд С.Бямбацогт хийсэн юм. Төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдээс шийдвэр гүйцэтгэлийн ажилчдын урамшуулал хэвээр олгогдох эсэх болон шүүхийн шийдвэрээр хураагдсан эд зүйлсийг хэрхэн үнэлэх вэ гэсэн асуудлыг тодруулав. Харин хууль санаачлагчид урамшуулалтай холбоотой хуулийн заалтыг халсан. Харин шүүхийн шийдвэрээр хураагдсан эд зүйлсийг хөрөнгийн үнэлгээ гуравны нэгээр буурах тохиолдолд шинжээч тогтоох шаардлагатай  гэж тусгасан. Нэг сарын дотор ч гэдэг юм уу, нарийвчлан туссан гэсэн хариулт өглөө. Энэ мэтээр санал хэлж, асуулт асууж дууссан учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 
 
Ц.Элбэгдорж: Иргэдийн нүд чихийг боож болохгүй 
 
Чуулганы хуралдааны дараагийн анхаарал татсан хууль бол Зөрчлийн тухай хууль. Хэвлэл мэдээлэл, цаашлаад иргэдийн мэдэх эрхэнд халдаж, эх сурвалж, баримттай ч иргэний нэр төрд халдсан бол гүтгэсэн гэх зүйл заалтаар торгууль ногдуулах, мөн гудамж талбайд хог хаявал торгох заалт агуулсан энэхүү хуулиар өчигдрөөс эхлэн чөлөөт хэвлэлийнхэн эсэргүүцэл илэрхийлсэн. 
 
Улмаар өдөр тутмын сонинууд эхний нүүрээ харлуулж, телевизүүд ч нэг цагийн турш улс төрийн мэдээ мэдээлэл дамжуулахаас татгалзаж эфирээ харлуулсан. Цахим сайтууд ч энэ эсэргүүцэлд нэгдсэн нь улстөрчдийг сандрааж орхив. Тиймээс Зөрчлийн тухай хуульд тэд анхаарал хандуулж, Ерөнхийлөгч хүртэл байр сууриа илэрхийллээ. Хуулийн төслийг хэлэлцэж эхлэхэд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат завсарлага авах хүсэлтээ гэдгээ хэлсэн юм. Тэрбээр, шалтгаанаа “Зөрчлийн хуулиар зургаан гэмт хэргийн шинжтэй асуудал оруулж ирсэн. Зөрчил дээр ажлын хэсгээс баривчилгааны тухай асуудлыг оруулж ирсэн. Орж ирж байгаа заалтуудын 50 гаруй хувь нь найруулгын хувьд өөрчлөгдөж, үг хэллэгийн хувьд ойлгомжгүй зүйл их орж ирлээ. Зөрчил гаргасан хэнийг ч болов дурын нэгэн хэн нэгэн байцаагч, түшмэл дураараа торгох эрх нь нээгдэж байгаа зэрэг ноцтой зүйлүүд их гарч байна. Тиймээс бид энэ хуулийг энэ удаад хэлэлцэхгүй хойшлуулах хэрэгтэй гэж харж байна” хэмээв.
 
Улмаар, УИХ-ын дарга М.Энхболд Д.Эрдэнэбат гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулсан ч үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой гэж үзлээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлсэн нь мөн л анхаарал татах сэдэв байлаа. Тэрбээр, “Төрийн зүгээс шийдэж байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж, бүтээгчдийн талыг барьж ажлаа хийх хэрэгтэй. Энэ чиглэл рүү анхаарах хэрэгтэй байх гэж бодлож байна. Шүүхэд асуудал очсон л бол шийдвэрлэх хэрэгтэй. Шүүхэд дутуу материал ирүүлдэг, мөрдөн байцаах байгууллагуудын дутуу хийсэн зүйлийг дахин буцааж, иргэд, аж ахуйн нэгжийг хохироодгийг болих хэрэгтэй. Иргэдийн эрх, үзэл бодлоо чөлөөтэй хэлэх эрхийн асуудал хөндөж байна. Энэ үнэт зүйлээ хамгаалсан байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй. Төрд эхлээд хариуцлага бий болгоё. Төрд алба хашиж байгаа хүмүүс дээр ёсзүйн дүрэм гаргах хэрэгтэй. Нүд, чих болсон иргэдийн эрхийг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүй.
 
Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж яриад байгаа фэйсбүүк, твиттерийн талаар яригдаж байна. Үүнийг техникийн аргаар зохицуулж болно. Гэтэл хамгийн бүдүүлэг аргаар торгоно, шийтгэнэ гэдэг бол буруу зүйл. Торгууль нэмлээ гэдэг дээр шуугиан болж байна. Торгууль нэмэх саналаа татаж авлаа гэхээр үндсэн санал нь үлдэж байна. Үндсэн саналаа ч татаж ав. Өөрсдийгөө тойрсон ёсзүйн, хариуцлагын хуулиа батлаагүй байж, иргэдийн нүд, чихийг боож болохгүй. Ухаалаг улстөрчид өөрсдийн үйлдлээ хянаад явдаг. Иргэдтэй холбоотой асуудлаар барьцах, зогсоох үйл ажиллагаа явуулж болохгүй. Өөрийнхөө үг, үйлдлээ хянаад явахад хэвлэл мэдээллээр гарсан зүйл албан тушаалтнуудад хэрэгтэй байдаг. Хэрвээ гүжирдлэг байвал няцаах эрх нь байгаа.
 
Энэ заалтыг бүрэн хүчингүй болгох хэрэгтэй. Улс төрийн алба хашиж байгаа хүн гомдол гаргаад явдаг заалтыг хасах хэрэгтэй. Иргэний хувиар гомдол гаргах эрх нь бүрэн нээлттэй байгаа шүү” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн гадны банк санхүүгийн байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхийг олгох Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг ҮАБЗ-өөр оруулж хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. 
 
Д.Сарангэрэл: Сэтгүүлзүйн түүхэнд хараар тэмдэглэгдэх үйл явдал боллоо 
 
Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээлэл болон иргэдийн мэдээлэл түгээх, хардах эрхийг онц ноцтой зөрчиж, улмаар баримттай байхаас үл шалтгаалан зөрчил гаргасан хэмээн хувь хүнийг 20, байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох заалтаас гадна хүүхдээр хөдөлмөр эрхлүүлсэн бол, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, түүнд уруу татсан, бэлгийн замын өвчин бусаддаа тараасан, гудамжинд хог хаяж, нус цэрээ хаясан бол зөрчил гэж үзэн нэгжээр тооцож мөнгөн торгууль ногдуулахаар болсон байна. Үдээс хойшхи хуралдаан ч эдгээр сэдвүүдийг тойрч өрнөлөө. Нийгэмд аюулын харанга дэлдэн, мэдээлэх эрхээ хамгаалахын төлөө тэмцсэн хэвлэл мэдээллийн эсэргүүцэл тэдэнд нэгийг сануулсан нь тодорхой байлаа. Тиймдээ ч танхимд ирц хангалттай, гишүүд ч хуулийг тун няхуур хэлэлцлээ. Гишүүдийн хэлсэн үгнээс тоймлон хүргэе. 
 
Д.Сарангэрэл: Монголын тэр дундаа сэтгүүлзүйн түүхэнд байгаагүй хараар тэмдэглэн үлдэх үйл явдал энэ парламентын үед гаргалаа. Энэ үйлдлийг хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцсэн нь зөв. Ард түмний үнэнийг мэдэх эрх ашгийн талд зогслоо гэж харж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон нийт цочирлоо. Ийм байдалд хүргэснийхээ төлөө улстөрчид уучлал гуйх ёстой. Монголын төрийн парламентын нэр хүндийг сэвтүүллээ. Хэвлэлийн түүхэнд ийм үйл явдал гарч байсан ч олноороо эсэргүүцэл илэрхийлж байсныг санахгүй байна. Улстөрчид бие биеэ хаацайлдаг. Чингис бондоос хэн нь хэдийг авсныг бодитойгоор мэдэхгүй байгаа. Үүнийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийг боомилох гэсэн санаа гэж хэвлэлийнхэн үүнийг дүгнэж байгааг буруу гэхгүй. Бичсэн сэтгүүлчийг нь мөшгөөд явдаг.
 
Гүтгэхийг хэн ч дэмжихгүй байгаа. Сэтгүүлч санаатайгаар хүн гүтгэдэггүй. Яарч даараад сонин нь буух, телевизийнхний хувьд цаг нь болох гээд алддаг онодог юм бий. Хэрэв тэгсэн бол алдааныхаа төлөө уучлал гуйх ёс зүйн зөвлөлийг байгуулаад ажиллаж байгаа. Хууль өнөөдөр хэнд үйлчилдгийг бүгд мэднэ. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүнд үйлчилдэг. Парламентын 76 гишүүн бүгдээрээ торгуулийг өсгөхөөр ажилласан гэж бодохгүй байна. Дөрөв таван гишүүн төгөлдөр хуур дарсан, бусад нь мэдээ ч үгүй байгаа. Сэтгүүлчийн бичсэн материалыг биш сэтгүүлчийг шалгадаг тогтолцоо байж болохгүй. 
 
М.Оюунчимэг: Ц.Гарамжав гишүүн саналаа татаж авсанд талархаж байна. Гүтгэлэг гэдэг үгийг юу гэж ойлгох вэ гэдгээ сайн зааж өгөх шаардлага байгаа. Хардах, мэдээллийн араас мөшгөх үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүргийг хязгаарласан үйлдлийг хийж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 
 
Лу.Болд: Монгол Улсад ардчилсан хувьсгалаар буюу бүхэл бүтэн нийгмийн хувьсгалаар бий болсон хамгийн том ололт болох хүний эрх, эрх чөлөө, хүний эрхийг хангах нөхцөл өнөөдөр маш их дордуулсан хууль гарах гэж байна. Засгийн газар энэ хуулийг оруулж ирэхдээ дотор нь зарим нэг гэмт хэргийг зөрчил гээд зөрчил рүү оруулаад, уяад өгчихсөн. Гэтэл ажлын хэсэг үүнийг нь өргөжүүлээд 10 гаруй хэрэг болгочихсон. Та бүхэн тоолоод үзээрэй. Энэ Зөрчлийн хуулиар зохицуулах гээд байгаа бүх зөрчлийн 80 хувь нь баривчлах ялтай байна. Тэгэхээр энэ Зөрчлийн хууль чинь зөрчлийн захиргааны хууль биш, шоронгийн хууль болчихлоо.
 
Өөр нэг ноцтой асуудал нь энэ хууль Зөрчлийн хууль нэртэй боловч жижиг гэмт хэргийн Эрүүгийн хууль болчихсон байна. Ингээд Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль болж байгаа учир прокурор хяналт тавих болно. Ийнхүү прокурор хяналт тавих учир асуудлыг яг гэмт хэрэгтэн шиг авч үзээд, дуртай хүнийхээ эрхийн хязгаарлах, дарамтлах, авлига нэхэх, барьцаанд оруулах зэрэг эрхээ олж авч байгаа юм. Монгол Улсыг эргээд шоронжсон улс болгох хуулийг боловсруулаад, оруулаад ирлээ. Засгийн газрын оруулж ирсэн энэ хуулиар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж бүр уг хуулийн хамааралтай этгээд болох нь. Тиймээс бүгдээрээ байнга прокурор, цагдаа гээд хуулийн байгууллагын үүдэнд уяатай байх юм байна. Ер нь нэг ч асуудлыг Иргэний, Захиргааны чиглэлээр шийдэх бололцоо байхгүй нөхцөл рүү очиж байгаа шүү.
 
Д.Эрдэнэбат: Энэ хууль АН-ын эсвэл МАН-ын хууль биш. Энэ бол Монгол хүний эрхтэй холбоотой асуудлыг бид буюу 76 гишүүн намаас үл хамааран хэлэлцэх ёстой. Тиймээс энэ хуульд хүний эрхтэй холбоотой зөрчлөөр үүсч байгаа олон буруу, дутуу зүйлүүд байгаад байна гэдгийг бүгдээрээ эргээд нэг хараач. Үүнийг би чин сэтгэлээсээ та бүхнээс хүсч байна. Хуулиа хойшлуулаад, хэдүүлээ нэг ойлголцоод, зөв чиглэлд нь оруулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, баривчлах гэдэг заалтыг цоо шинээр оруулж ирж байгаа нь Зөрчлийн хуулийн үзэл санааг бүр өөр тийш нь татаад аваад явчихлаа.
 
Энэ хууль чинь Зөрчлийн тухай хууль биш. Харин жижиг гэмт хэргийн тухай хууль болчихлоо. Харин баривчлах гэхийн оронд түр саатуулах гэсэн бол хүн ойлгоно. Мэдээж зайлшгүй шаардлагатай тохиолдолд түр тусгаарлах шаардлага байгаа бол үүнийгээ хэдүүлээ ярилцах хэрэгтэй байна. Ингээд эрүүлээр ярилцахгүй зөвхөн орж ирсэн асуудал бүрийг итгэл үнэмшил гээд бөөнөөрөө кноп дараад, нийгмийн бухимдлыг төрүүлээд байх юм. 
 
...Хуралдааны төгсгөлд Зөрчлийн тухай хуульд тусгасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан ч баривчлах асуудлыг оруулж ирснээс болж маргаан үүслээ. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар нарын гишүүдийн өөрчилж оруулж ирсэн хууль хулгай, танхай зэргийг Эрүүгийн хэргээс гаргаж, улмаар Зөрчлийн хуульдаа оруулахдаа шаардлагатай гэвэл баривчлах ёстой хэмээн оруулж ирсэн нь маргаан үүсгэлээ. Зөрчил үүслээ гэж торгох ёстой болохоос баривчлах гэж оруулаад ирэхээр энэ чинь эрүүгийн хууль болно гэсэн маргаанаас үүдэж, хоёр ч удаа санал оруулж дэмжлэг авч чадалгүй унасан юм. Түүнчлэн, гүтгэх зүйл заалтаар сэтгүүлч болон хэвлэлийн эзэд, твиттер, фэйсбүүк хуудсаар иргэд мэдээлэл хуваалцаж хүн гүтгэвэл 10-100 сая төгрөгөөр торгох зүйл заалтыг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Энэ мэт зарчмын зөрүүтэй санал үргэлжилсээр 18.00 цаг хүрсэн учраас чуулганы хуралдааныг дуусгаж, өнөөдөр үргэлжлэн хэлэлцэх юм. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.