Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэлд зориулсан хандивын тоглолт зохион байгуулагдах гэж байна. МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч хөөрхөн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин маань төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэнэ.
Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөснөөр Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болжээ. Хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Хандивын тоглолт ирэх тавдугаар сарын 20-нд 19.00 цагт МҮЭСТО-нд болох юм.
Хандивын аянд зориулан МУГЖ С.Батсүх “Хаан заяатай орчлон” дуугаа Б.Бат-Энэрэл хүүтэй шинэчлэн дуулж, клипжүүлсэн байна. Энэхүү дууг “Мобиком”-ын хэрэглэгчид “Hitone”-доо татаж тоглуулснаар хүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах юм байна. Мөн олон нийт бяцхан дуучинд мэлмий хайрлахыг хүсвэл “Хаан” банкны 5005705589 тоот дансанд сэтгэлийн өргөл өргөх боломжтой аж.
Бяцхан хүүг С.Батсүх гавьяат өөрийнхөө шавь болгосон бөгөөд багш, шавь хоёрын барилдлагатай болжээ. Дуучин хүү "Хаан заяатай орчлон" дууг дуулахдаа намайг дэмждэг ах эгч нарыгаа илүү тодоор хармаар байна хэмээн хэлдэг нь олон ч хүний сэтгэлд нэгийг бодогдуулсан нь дамжиггүй юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.