УИХ-ын хаврын чуулганы эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулгах явуулах шийдвэр гарсан билээ. Улмаар Үндэсний статистикийн байгууллагын санамсаргүй аргаар түүвэрлэсэн 1570 иргэн ажлын хэсгийн боловсруулсан зургаан сэдвийн хүрээнд санал өгөх ажил энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн юм.
Эдгээр иргэдээс 750 иргэнийг сонгон авч 13 асуудлаар хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлэх үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болж байна. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаа өнөөдөр, маргааш хоёр өдөр Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын албан тушаалтнууд оролцож буй юм.
УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг байгуулсан бөгөөд үүний дагуу Зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой гэж үзэн тогтоолын төсөл баталсан билээ. Зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.
Тэрбээр, “Монгол Улс 1992 онд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго дор шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан билээ. Шинэ Үндсэн хуулийг одоогоос 26 жилийн өмнө нийт ард түмнээрээ 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлж, нийт 1.2 сая сонгогчдын 900 гаруй мянгаас нь давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авсан байдаг. Тэдгээр саналын 44.3 хувийг төсөлд ямар нэг байдлаар тусгаж, Улсын Бага Хурал 4 удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй.
Энэ утгаараа Монгол Улсын шинэ Үндсэн хууль Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын эрхэм баталгаа болсон билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламент, эсвэл санал санаачилга гаргасан хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа миний бие Улсын Их Хурлын хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцолсон.
Нэмэлт, өөрчлөлтийг урьдын адил нийт ард түмнийхээ санал бодол, хүсэл зоригт тулгуурлан, тэднээсээ асууж, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ил тод байдал, зөвлөлдөх ардчиллын зарчмыг бүрэн хэрэгжүүлж хийх учиртай гэж үзэж байна. Өнөөдөр энэ танхимд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, батлахад оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, үе үеийн төрийн түшээд, улстөрчид, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын нийт хүн амаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд хүрэлцэн ирээд байна. 2000 оноос хойш Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 8 хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг болон өдийг хүртэл зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлуудаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий болсон талаар цөөнгүй судалгаа, зөвлөмж гаргажээ.
Түүнчлэн, иргэд, эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлэх болсон. Хамгийн сүүлд Монгол Улсын Засгийн газар болон УИХ дахь Монгол Ардын Намын бүлэгт байгуулагдсан Ажлын хэсгүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар судалгаа хийхэд хамрагдсан иргэдийн олонхи нь шинэ зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Тухайлбал, Монгол Улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдал, хоорондын уялдаа холбоо бүрэн хангагдаагүй гэж 96.7 хувь нь, УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж 73.1 хувь нь, Засгийн газрын гишүүн нэг зэрэг УИХ-ын гишүүн байх нь буруу гэж 51.5 хувь нь үзсэн байна.
Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг байх нь зөв гэж 57.3 хувь нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг ямар нэгэн хэмжээгээр өөрчлөх нийгмийн шаардлага бий болсон гэж 79.3 хувь нь саналаа илэрхийлсэн байна. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар нийтээрээ зөвлөлдөн хэлэлцэх, зохих шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага буй болсныг харуулж байгаа юм. Энэ шаардлагыг үндэс болгон өнөөдөр Та бүхэн Ардын Их Хурлын танхимдаа хуран цуглаад байна.
Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан бөгөөд хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцогч Та бүхэн хоёр өдрийн хугацаанд тодорхой мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсний дараа саналаа өгөх болно. Та бүхний өгсөн саналыг Улсын Их Хурал харгалзан үзэж шийдвэр гаргана. Тиймээс Та бүхэн энэхүү түүхэн үйл хэргийн үнэ цэнийг ухааран ойлгож, нэн хариуцлагатай хандана гэдэгт бүрэн итгэж байна.
Монголын насанд хүрсэн бүх иргэдийн нэрсийн жагсаалтаас математик-статистикийн аргаар санамсаргүй байдлаар сонгогдсон Та бүхэн нийгмийн бүхий л анги давхарга мэргэжил, сонирхлын бүлэг, нас, хүйсийг буюу Монголынхоо нийт ард түмнийг бүрэн төлөөлж, түүхэн чухал шийдвэр гаргах онцгой эрхийг эдэлж буй нь хувь хүний хувьд нэн завшаантай, баярт үйл явдал болж байгаа юм. Тиймээс Та бүхэндээ дахин баяр хүргэж, мэргэн ухаан саруул оюун орших болтугай гэж ерөөе” хэмээлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.