Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчдэд хандаж, мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийнхээ эхэнд тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой луйврын асуудлаар ярьсан. Харин дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад өрсөлдөөгүй талаараа ярьсан юм.
Тэрбээр “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотолъё гэж Баабар бид хоёр уриалсан. Өнөөдөр сонгуулийг луйвардаж, санал худалдаж авах бэлтгэл аль хэдийнэ хангагдчихсан байна. Өөрөөр хэлбэл, хууль бусаар төрийн эрх мэдлийг авах бэлтгэл хангагдчихлаа. Та бүхэн мэдэж байгаа, АН-ын дарга С.Эрдэнэ гишүүдтэйгээ уулзах үедээ хэлсэн. “Өнгөрсөн жил 50 мянган хүн мөнгөөр саналаа худалдсан. Гэхдээ мөнгийг авч болно оо, саналаа өөрийнхөө итгэл үнэмшлээр өгөөрэй” гээд учирлаад сууж байна. Саяхан судалгаа хийгээд үзэхэд бага, дунд орлоготой иргэдийн 70 хувь нь мөнгөөр саналаа өгнө гэсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн бус аргаар санал худалдаж авдаг явдлыг таслан зогсоохгүй, энэ мэтээр өөхшүүлсээр байвал болохгүй ээ.
Сая Үндсэн хуулийн өөрчлөлт нэрээр дарангуйллын тогтолцоог оруулж ирлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл, шууд босоо удирдлагатай. Ерөнхий сайд нь сумын Засаг даргыг хүртэл томилдог болох өөрчлөлтийг ярьж байна. Төр нь авлигад автчихсан энэ нийгэмд хэн нэгэнд эрх мэдлийг төвлөрүүлж өгвөл дарангуйллыг бий болгоно. Дарангуйлал би болгох саналаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж ирж байна. Энэ эрх мэдлээ сонгогчдын саналыг худалдаж авах замаар олж авах нь. Гэтэл АН хууль бусаар төрийн эрх мэдлийг авахыг мэдсээр байж. Иргэдийн саналыг худалдаж авна гэдгийг мэдэж байж сонгуульд оролцоно гэдэг бол хамтрагч болж байна гэсэн үг. Тийм учраас сонгуульд оролцож болохгүй ээ. Улс төрийн бусад хүчнүүдтэй ярилцаад, бүх нийтийн бойкот хийх хэрэгтэй. Ард түмэнд сануулах цаг болсон. Би энэ асуудлыг намын даргадаа ч хэлсэн.
Санал худалдаж авах байдал урьд өмнө нь байгаагүйгээр өргөн хэмжээнд явагдана. Та бүхэн саяхан МАН-ын дарга Монголын хамгийн том компанийн захирлуудтай суугаад “Бүрэн зураглал” гэдэг нэвтрүүлгээр ярилцлагад орж байгааг харсан байх. Тэд сонгуулийн дараа Ерөнхийлөгч болчихоод ингэж яриад байгаа юм уу, хаашаа юм. Тухайлбал, АПУ компани гэхэд 124 тэрбум төгрөгийн татвар өгдөг. Бод доо та нар, ямар том хэтэвч вэ. МАН-ын дарга хууль зөрчиж байгаагаа авч хэлэлцэж байгаа ч юм алга. Шууд нулимж байна билээ.
Өмнө нь сонгуулиар ийм зүйл болж байгаа. Тэр дундаа Монголын хамгийн том бизнесмэнүүд суучихаад, Ерөнхийлөгч болчихоод тэгээрэй гэх маягийн юм ярьж байсан түүх байхгүй. Сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүн нь өөрийнхөө хэтэвчийг ингэж зарлаж байсан удаа ч байхгүй. Харин энэ удаад ийм явдал боллоо. Би тийм учраас л намынхандаа уриалсан. Сонгуулийн дүн гарсны дараа УИХ МАН-ын нэр дэвшигчийг асуудалгүй батална. Хүмүүс Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай гэдгийг мэддэггүй юм. Эхлээд ард түмнээсээ, дараа нь УИХ-аар батлуулдаг, хоёр шаттай. Хэрвээ манай намын нэр дэвшигч ялаад гараад ирвэл наад 65 чинь хүлээж авахгүй. Баянзүрхэд болдог шиг л юм болно. Ийм ёс бус зүйл рүү орж болохгүй гэж намынхандаа сануулсан.
Би өөрөө сонгуулийг бойкотолъё гэж уриалчихаад өөрөө нэр дэвшинэ гэж юу байх вэ дээ. Ийм луйварт бий оролцохгүй” хэмээн мэдэгдлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.