Хэн юу хэлэв

Хэн юу хэлэв

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаа хүргэж байна.

Ч.Хүрэлбаатар: Сангийн сайд 2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд төвөгтэй байдалд орлоо гэсэн бичиг өгсөн

/УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга/

ОУВС-ийн Захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөл­бөр”-т хамрагдах манай улсын хүсэлтийг 14 хоногоор хойшлуулаад байгаа билээ. Энэ оны төсвийг тодотгохтой хамт УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтад хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулахаар заасан нь хөтөлбөрийг хойшлуулахад хүргэсэн юм.

Энэ нь “Рио Тинто” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдад таалагдаагүй учраас ОУВС-д шахалт үзүүлж, дээрх заалтыг өөрчлөх шаардлага тавьж байгаа юм. Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хямралтай байна. Энэ эдийн засгаа сэргээе, эдийн засгаа хөгжүүлье гэдэгт монголчууд санал нэг байгаа гэж ойлгож байна.

Өмнө нь Засгийн газар Олон Улсын хөрөнгийн зах зээл дээрээс бонд босгох, хөрөнгө босгох талаар нэлээн хэдэн оролдлого хийсэн ч амжилтгүй болсон. Олон Улсын Валютын сантай хамтарсан хөтөлбөрийн давуу тал нь юу вэ гэхээр Монгол Улсын өдөр тутамд унаж байсан төгрөгийн ханш тогтворжино. Мөн хөрөнгө оруулагчид Монгол руу анхаарлаа хандуулж байгаа юм. Энэ бололцоогоо цааш үргэлжлүүлэхийн тулд дөрөвдүгээр сард ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар орох байлаа. Харамсалтай нь 14 хоногийн хугацаатайгаар хойшлогдсон.

Хөтөлбөр хойшлогдсон шалтгаан нь УИХ-ын тогтоолд орсон заалт. Тэр заалтын агуулга нь гадаадын хөрөнгө оруулагчид борлуулалтын орлогоо Монголын банкаар заавал дамжуулах ёстой гэсэн. Үүн дээр олон улсын банк санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид бүхэлдээ санаа зовж эхэлсэн. Эдийн засаг нь хямарчихсан, валютын нөөц нь шавхагдчихсан улсуудад хэрэглэгддэг валютын урсгал дээр авдаг арга гэж үздэг.

Харин ОУВС-аас “Танай улс гарч байгаа валют дээр хяналт тавьж байгаа юм уу. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсч байгаа бол Монгол Улстай хийсэн тооцоогоо эргэж харна. Дахиж хэлэлцээрт орно” гэдэг асуудал тавигдсан. Валютын урсгалдаа хяналт тавьж эхлэхээр томоохон хөрөнгө оруулагчид болон "Рио Тинто" санаа зовж эхэлсэн. Ер нь цаашдаа Монголд орж ирэх хөрөнгө оруулалт багасна. Эргэлзээ үүснэ.

Бидний хямралаас богино хугацаанд гарах хүсэлд саад болно. Тиймээс арваннэгдүгээр заалтыг өөрчлөх ёстой. Манай бусад хууль тогтоомжтой зөрчилдөх заалт гэж үзэж байгаа. Нэгэнт ОУВС-тай хамтарна гээд тохирчихсон, 2017 оны төсвийг хэрэгжүүлэх боломжгүй болоод эхэлчихэж байгаа байхгүй юу. Баталчихсан 2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд төвөгтэй болж байна. Тиймээс ОУВС-тай хамтарч хямралаас гарна. Хүн болгонд таалагдсан арга хэмжээ авч байж хямралаас гарахгүй. Хэдхэн сарын өмнө хандив цуглуулаад явж байсан. Одоо нэг эдийн засаг тогтворжих эерэг үзүүлэлт бий болж байгаа дээр нь эргэж буцаад, шалчиганаад байх шаардлага байхгүй.

Тууштай яваад, үр дүнгээ гаргах ёстой. ОУВС-гаас валютын урсгалдаа хяналт тавьж байгаа бол дахиж хэлэлцээрт оръё гэсэн. Тэгэхээр дахиад хугацаа алдаад байна. Одоогийн байгаагаасаа дордсон нөхцөлд гэрээ хийх үү гэдэг асуудал үүсээд байна. Сангийн сайд Төсвийн байнгын хороонд бичгээ өгчихсөн. Ямар бичиг өгсөн гэхээр үндсэн агуулга нь 2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд төвөгтэй байдалд орлоо гэсэн. Тэгэхээр төсвийн байнгын хороо энэ заалтыг хүчингүй болгоё гэсэн санал гаргаад хэлэлцүүлээд явна” хэмээжээ.

Ч.Содномцэрэн: Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болно

/Сонгуулийн Ерөнхий хорооны дарга/

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай холбогдуулан өнгөрсөн амралтын хоёр өдөр Зөвлөлдөх санал асуулгыг явуулсан билээ. Ингээд зөвлөмж гаргаж, УИХ-д өргөн барьсан. Харин дараагийн үе шат нь Ард нийтийн санал асуулга явуулах. Тиймээс ч Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг өнгөрсөн парламентын үед баталсан.

Харин Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахад ямар нэг хүндрэл бэрхшээл гарахгүй гэж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн байна. Тэрбээр “УИХ ард нийтийн санал асуулгыг товлон зарлахаасаа өмнө хуульд хугацаатай холбоотой зарим өөрчлөлт хийх ёстой. Ард нийтийн санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар хуульчилсан. Энэ хугацааг богиносгож, 30 хоног болгож өөрчилбөл болно.

Мөн гадаад улсад байгаа Монгол Улсын 18 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэн санал асуулгад оролцож саналаа өгөх эрхтэй. Үүнээс гадна гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах Төв, салбар комиссууд байгуулагдаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ ханган ажиллаж байгаа. Эдгээр комисс санал асуулгыг тухайн улс орондоо зохион байгуулах боломжтой. Хэрэв Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал ямар ч нэмэлт төсөв, зардал шаардагдахгүйгээр зохион байгуулж болно” гэв.

Ж.Амарсанаа: Манай Ерөнхийлөгч Засгийн газрыг удирддаггүй

Монгол Улсад Хууль зүйн ухааны хоёр академич байдгийн нэг нь Ж.Амарсанаа юм. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндсэн хууль бол суурь хууль.

Суурь хуульд өөрчлөлт оруулах нь болгоомжлол төрүүлэхээс өөр аргагүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар өмнө нь зургаа, долоон удаа ярьсан. Хамгийн сүүлд 2015 онд хэдэн гишүүн нэмэлт өөрчлөлт оруулах гэж үзсэн. Тухайн жилийн намар нь 48 гишүүн нийлээд Үндсэн хуулийн 42 заалтыг өөрчлөх төсөл боловсруулж, УИХ-д барьсан юм. Олон нам тэгш эрх мэдэлтэй байгаа дээрээ баталъя энэ нь зөв гэж байсан.

Тэгвэл одоо МАН олонхи байгаа дээр баталъя гэж зүтгэж байх шиг байна. Парламентад аль нэг нам олонхи цөөнх, хүч тэнцүү байх хамаагүй. Хэрэгцээ шаардлага нь ирсэн үед л хууль баталдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль бол үнэхээр сайн хууль. Харин хөгжлийн зүй тогтолд уялдуулж зарим хэсэгт тодотгол хийх асуудал байж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал хураахад буруудах зүйлгүй болов уу. Мөнгө хэмнээд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дахиад Үндсэн хуулиар санал асууна гэвэл хүмүүс бага оролцох байх.  

Н.Номтойбаяр: Иргэд бухимдалтай байгааг ойлгож байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хүсэлтээр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, гишүүн ҮЭ-ийн холбооны зарим дарга нарын төлөөлөл байлцан уулзалт хийсэн билээ. Энэ үеэр МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан жагсаалын үеэр Засгийн газарт тавьсан шаардлагын талаар санал солилцсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Ард иргэд бухимдалтай байгааг ойлгож байна.

Тийм болохоороо л нэгдэж, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж тэдний дуу хоолойг төрд хүргэдэг МҮЭ-ийн холбоотой нягт хамтран ажиллах болно. Бид ажил хэрэгч байдлаар ярилцаж, ойлголцож, зөв шийдлийг олох ёстой. Тиймээс энэ сарын 12-нд Нийгмийн даатгалын багц хуулиар хийх хэлэлцүүлгийн үеэр зөв зүйтэй шийдэл гарна гэж найдаж байна.

Энэ хэлэлцүүлэгт МҮЭ-ийн холбоог идэвхтэй оролцохыг хүсч байна. Мөн энэ сарын 16-ны өдөр болох Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаарх хэлэлцүүлгийн үеэр оновчтой санал, шийдэл гаргана гэдэгт итгэж байна. Ингээд энэ сарын 24-ний өдрөөс хэтрүүлэхгүйгээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах санал гаргаж байна. Энэ үндэсний хорооны хуралд холбогдох сайд нарыг байлцуулъя. Мөн өнөөдрийн энэ уулзалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах болно” гэлээ.

Э.Бат-Үүл: Ойрын хугацаанд Монгол Грек шиг дефольт болно

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл энэ сарын 03-нд хийсэн хэвлэлийн бага хурлаараа “АН мөхөхөд хүргэж болохгүй өөр нэг эрсдэл байна. Сая МАН Үндсэн хуулийн өөрчлөлт гэж нэг юм оруулаад ирлээ шүү дээ. Түүгээр Монголын төрийн тогтолцоог шууд босоо болгох гэж байна. Ерөнхий сайд нь аймаг нийслэлээ, аймаг нийслэл нь сумын даргаа томилдог болох гэж байна. Тэгвэл сумын дарга иргэдээ тоох уу.  Дээд шатны даргынхаа зарц л болно шүү дээ. Энэ бол дарангуйлал руу явж байна гэсэн үг. Ерөнхийлөгч гэж нэрлэнэ үү, Ерөнхий сайд гэж нэрлэнэ үү, хэмжээлшгүй эрхтэй нэг л хүн гарч ирэх нь л дээ.

Төр нь авлигын машин болчихсон ийм үед нэг хүнд эрх мэдлийг шилжүүлбэл энэ улс орныг сүйрүүлнэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн, эсвэл Ерөнхий сайдын засаглалтай байж болно л доо. Гэхдээ төр нь шударга байж тэр үед улс орон нь хөгждөг. Яг Сингапур шиг. Манайх шиг төр нь өөрөө авлигыг үйлдвэрлэдэг болчихсон ийм үед эрх мэдэл нэг хүний гарт очвол тэр хүний гэр бүл л Назарбаев шиг дэлхийн тэрбумтны тоонд жагсана. Ийм дарангуйлал тогтох гэж байгаа үед АН-ыг нураах нь аюул. МАН-тай сөрж чадах ганцхан л улс төрийн хүчин байна шүү дээ, Монголд.

Сайн ч бай, муу ч бай АН л үүнийг хийнэ. Та нар хар л даа, нөгөө олон жижиг намууд, гурав дахь хүчин хаачсан бэ. Нэг нь ч байхгүй байгаа биз дээ. АН засгийн эрхэнд гараад ирэхээр л гуравдагч хүчин гараад ирдэг. МАН гараад ирэхээр алга болчихдог. АН тарчихсаны дараа МАН тэр дарангуйлал руугаа явахад хэн ч зогсоож чадахгүй. Ер нь бол олигархийн тогтолцоо өөрөө өөрийгөө бөхөөхийн өмнөх бадамлалт дээрээ хүрч байна” хэмээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.