ОУВС-ийн зажлахгүй залгих хоол нь Монгол лав биш

ОУВС-ийн зажлахгүй залгих хоол нь Монгол лав биш

ОУВС-ийн Захирлуудын  зөвлөл  Монгол Улсын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т  хамрагдах хүсэлтийг хэлэлцэх хугацааг 14 хоногоор хойшлуулаад байгаа.  Хэргийн учир  Монгол Улсын тавьсан  санал Захирлуудын зөвлөлд таалагдаагүй аж.  Тодруулж хэлбэл,   2017 оны төсвийг тодотгохтой хамт УИХ-аас баталсан Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 29 дүгээр тогтоолын 1,11-т  хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо,гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг банкаар заавал дамжуулж байхаар заасан нь ноёдыг суудалдаа шигдэхэд  хүргэсэн хэрэг. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийнө гэдэг  шиг. Монгол Улс  ОУВС-аас зээл авах дээрээ тулбал  29 дүгээр тогтоолын 1.11 дэх заалтаа хүчингүй болгох ёстой болж өчигдөр шийдвэр УИХ-аар эцэслэгдлээ.    Манай улс  Олон улсын валютын сан /ОУВС/-аас  хоёр дахь удаагаа тусламж  хүсээд байгаа нь энэ.   

Өмнө нь буюу 2009 онд  ОУВС-аас  232 сая ам.долларын зээл авсан  байдаг.   Дэлхийн эдийн засгийн хямрал дээд цэгтээ тулаад байсан юм,  тэр жил. Гэсэн хэдий ч Монгол Улс   хоёр жилийн дотор зээлээ  барагдуулсан.  Чухамдаа   ОУВС бидний тус дэм гэж сайрхдаг хэдий ч цаг үе нь  өөрөө эдийн засгийн эерэг нөлөө дагуулсан он   байсныг сануулахад гэмгүй байх.   

Тэгээд ч 2009 оны Монгол Улсын хөгжил, эдийн засгийн эрэлт хэрэгцээг  өнөөдөртэй  харьцуулшгүй. Дэлхийн уул уурхайн салбарт хамгийн томоор нэрлэгдэх Оюутолгой төслийг хөдөлгөсөн Монгол Улс өнөөдөр  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”  ярих нь дэндүү жижиг асуудал байж мэднэ. 

Гадны улс орнуудын хэвлэлийг шүүрдэж үзэхэд  “ Монгол Улс Рио Тинтотой хэл амаа ололцож чадахгүй байгаа нь ОУВС-ийн захирлуудыг гэдийхэд хүргэсэн байж мэднэ” гэх утга бүхий нийтлэл хэвлэгдсэн байсан. Зарим нь “ ОУВС аюултай шүү гэж  анхааруулсаар байхад л Монгол Улс  хаалгыг нь тогшилгүйгээр яваад орчихлоо.

Хэрхэхийг бурхан л мэдэх хэрэг”  гэсэн байх жишээний.  Манай улс   сүүлийн жилүүдэд  гадаадын   хөрөнгө оруулагчидтай  ялангуяа, Рио Тинтотой  ойлголцож чадахгүй байгаа нь үнэн.  Эл орон зайг  ОУВС овжин ашиглаж, эзэн суух гэсэн арга нь   мөнгөн урсгалын хэмжээг  өөрийнхөө хяналтад байлгах гэсэн бодлого байж мэднэ. 

Шулуухан хэлэхэд,  ОУВС-аас зээл авч  тэдний тавьсан нөхцлийг хүлээн зөвшөөрсөн нь Монгол Улс ОУВС-ийн  зөвлөхүүдийн бүрэн хараанд орлоо гэсэн үг.  Нөгөөтэйгүүр,  хөтөлбөрийн зээлийн жилийн хүү таван хувь.  Энэ нь  хөгжиж буй орны  хувьд дэндүү өндөр. Ийм өндөр хүүтэй зээл аваад, санхүүгийн асуудлаа гадны зөвлөхүүдийн мэдэлд өгөх нь  эргээд эдийн засгаа агшаах, борцлох хэлбэр байлтай.   Бас нэг аймаар зүйл нь хөтөлбөрт хамрагдах аваас Монгол Улс төсвөө хамгийн багадаа 1.5 их наядаар танах шаардлага үүсэх юм билээ. 

Энэ байдал   үндэсний үйлдвэрлэгчид  болоод жижиг бизнес эрхлэгчдэд  хүнд тусдаг. Учир нь, бодлогын хүү өссөнөөр арилжааны банкуудын хүү дагаад өсөх өндөр эрсдэл нь  үйлдвэрлэгчдийг сөхрүүлнэ   гэсэн үг.
Дээрээс нь гадны зөвлөхүүдийн боловсруулсан мөнгөний хатуу бодлого эргээд ард түмний нуруун дээр хэрхэн тусахыг хэлж мэдэхгүй юм.  

Тэд  “Улсын төсвийн орлогоо бидний  өгөх зөвлөгөөний дагуу ингэж  нэмэгдүүл, үүний тулд эдгээр татвараа нэм, зардлаа ингэж хас” гэсэн хатуу шаардлагыг тулгадаг явдал.  Нэгэнт  зээл авсан л бол тэдний хэлснийг үг дуугүй дагахаас өөр аргагүй.  Тэгээд ч  бусдын жишгийг харахад  хөгжиж буй орнууд өр зээлтэй гээд  тийм ч хурдан  ОУВС-ийн занганд орчихдоггүй.  Хамгийн гол нь эдийн засгийн тэнцвэртэй бодлогоо алдахгүй байх явдал шүү дээ.  Тиймгүй байх аваас Монгол Улсыг зажлахгүй залгиж орхино.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.