УИХ-ын чуулганы хуралдаан хоёр дахь асуудлаа хэлэлцэж байна. Хуралдааны эхний хэлэлцэх асуудал нь УИх-ын гишүүн О.Баасанхүү нараас өргөн мэдүүлсэн "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" тогтоолын төсөл байсан ч хэлэлцсэнгүй. Мөн УИХ-ын гишүүн Лу.Болд Сүхбаатар аймагт үүсээд буй хууль бус томилгоо, хуулиар ялалт байгуулсан Засаг даргыг томилохгүй байгаа асуудлаар тавьсан асуулгын хариугаа сонсох хүсэлтээ илэрхийллээ.
Тэрбээр, “Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн асуудлаар ялангуяа Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг болон нэлээд хэдэн сумдын асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа. Улмаар УИХ-ын даргад хүсэлт тавиад хоёр ч долоо хоног чуулганы хуралдаанаар буюу Ерөнхий сайдын мэдээллийн цагаар сонсуулахаар ярилцсан.
Харин өнгөрсөн долоо хоногт эцсийн байдлаар өнөөдрийн чуулганы хуралдаанаар танилцуулахаар та шийдвэр чиглэл өгсөн. Таны ийнхүү шийдвэр, чиглэл өгсөний дагуу Сүхбаатар аймгийн иргэд 20 гаруй приус машинтай 100 гаруй иргэд ирчихсэн чуулганаар хэлэлцэх явцыг сонсоод, мэдээллийг Сүхбаатар аймгийн иргэддээ өгөхөөр ирчихсэн байгаа.
Гэтэл асуудлыг дахиад долоо хоногоор хойшлуулах юм бол тэдгээр хүмүүс бүтэн долоо хоног хүлээнэ гэхээр нэлээд хүнд байдал үүсэх гээд байна. Угаасаа Сүхбаатар аймгийн иргэд сүүлийн зургаан сар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Тухайлбал, Сүхбаатар аймгийн төв талбай, Улаанбаатар хотод Сүхбаатарын талбай дээр 45 хоног гэр бариад эсэргүүцлээ илэрхийлээд, ард түмэнд үзэл бодлоо илэрхийлж байгаа. Ер нь асуудал нь маш ойлгомжтой гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд нөхөн сонгууль болсон. Улмаар нэр дэвшигч П.Мөнхжаргал ялалт байгуулсанаар Ардчилсан нам 17 суудалтай буюу олонхи болсон. Гэтэл өнгөрсөн хугацаанд МАН-ын 16 иргэдийн төлөөлөгч 48 хувийн ирцтэйгээр тусдаа хуралдаад, аймгийн төсвийг батлаад бусад асуудлуудыг ч гэсэн шийдвэрлээд яваад байгаа. Энэ нь ямар ч хуулиар хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл боломж байхгүй. Нөхцөл байдлыг ийм байлгахын тулд П.Мөнхжаргал төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөхгүй зургаан сар болчихлоо. Шалтгаан нь юу юм гэхээр байж байгаад л нэг бичиг өгдөг. Цагдаад өргөдөл гаргаад “сонгуулийн үеэр нэг сонин гаргасан” гэдэг зүйл яриад байгаа.
Гэтэл тэр сонинг нь П.Мөнхжаргал өөрөө ч гаргаагүй, өөр хүмүүс гаргасан. Үүнийг нь шалтаг болгоод л янз бүрээр өө сэв хайгаад, үндэслэлгүй өргөдөл гаргаж, шалгалтууд хийлгээд байна. Гэтэл энэхүү үйл ажиллагаанд хуулийн байгууллагууд оролцоод байгаад маш их харамсч байна. Дахиад ч бас Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч дээр давхар хэрэг үүсгэх замаар бүрэн эрхэнд нь халдах гэх мэт ажиллагаанууд давхар хийгдээд байгаа юм билээ.
Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийн 25 жилийн ойн дээр сонгуулийн дүнгээ хүлээн зөвшөөрдөггүй ийм байдалтай угтаж байна. Бид уг нь Ардын намд баяр хүргэж байгаа. Та нар гайхамшигтай ялалт байгуулсан, Их хурлын танхимд 65 суудалтай үнэхээр үнэмлэхүй олонхи болсон. Дээр нь 20 аймгийн 19 аймагт нь ялалт байгуулсан. Харин гацхан Сүхбаатар аймагт ялагдсан. Тиймээс үүнийг л хүлээн зөвшөөрөх асуудал байгаа. Ганцхан аймагт Ардын нам ялагдаж болохгүй юм уу. Ард түмэн гайхаж байгаа. Учир нь Сүхбаатар аймаг хууль бус Засаг даргатай хагас жил болчихлоо. Энэ нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрөөд явах юм бол Монгол Улсын ардчилалын үндсийн үндэс өөрөө доргиж байна. Та бүхэн энэ асуудлыг өнөөдөр нэг сонсоод, үнэн мөнөнийг тогтоогоод, яриа хэлэлцээр хийгээд, ирчихсэн байгаа иргэдийг нэг тайвшруулаад өг. Сүхбаатар аймгийг нэг хууль ёсны Засаг даргатай болгоод өгөөч” гэлээ.
Харин УИХ-ын дарга дэгийн тухай хуулийн дагуу асуулгын хариултыг одоо оруулах боломжгүй. Засгийн газар энэ талаар тун даруйхан тодорхой хариулт өгөөрэй хэмээсэн юм. Хуралдааны эхэнд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлжсэн юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалд 0-3 хүртэлх насны хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих заалт тусгажээ. Хүүхэд эрүүл өсөж торниход эхийн сүү чухал. Харин 0-6 насны хүүхдээ эх нь хөхүүлэх боломжгүй, хүүхэд нь эхийн сүүгээр хооллох боломжгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан тохиолдолд олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүнийг хэрэглээд явахаар хуулийн төсөлд тусгажээ. Энэхүү хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй санал хураалт хийж дууссаны дараа Хог хаягдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.