Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдын асуудлыг өнөөдөр УИХ-аар хэлэлцүүлнэ

Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдын асуудлыг өнөөдөр УИХ-аар хэлэлцүүлнэ
МАН-ын бага хурлын шийдвэрийн дагуу ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшихээр болсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзлаа. Уулзалтад МАН-ын дарга М.Энхболд мөн оролцсон юм. 
 
Уулзалтын үеэр Ц.Элбэгдорж “Үндсэн чиглэлийн яамдын сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэснийг хатуу баримталж, бусад нь давхардахгүйгээр дан сайдаар ажиллах нь гэж ойлголоо. Ард түмэн сонголт хийсэн учраас УИХ, Засгийн газрын ажлыг хурдан эхлүүлэх бодолтой байгаа. Мэргэжлийн Засгийн газар гэдгийн цаана мэргэжлийн гэдэг нэгдмэл ойлголттой байна.
 
Өндөр шаардлагатай, ёс зүйтэй, хариуцсан ажлаа сайн хийдэг, тавигдсан үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадвартай хүн сайд байх ёстой.Энэ парламент бүрэлдэхүүний хувьд онцлог байна, 65 гишүүнтэй байна гэдэг бол бодлого тодорхойлж байгаа.  Тийм учраас Засгийн газарт хяналт байх ёстой. Ойр суудалтай байхад сөрөг хүчин хяналт тавьдаг байсан. Засгийн газарт  маш  яаралтай хийх ажил их бий. Гурав дахь нь азтай Ерөнхий сайд байх нь. АСЕМ-ын дээд төвшний уулзалт эхлээд байна. Гадаадын маш олон Ерөнхий сайд ирнэ. Хөрш орнуудын Ерөнхий сайд ирнэ. Тэр хүмүүстэй гар бариад,  асуудлаа хэлээд,  ажлаа эхэлнэ гэдэг сайн зүйл. Маш олон өндөр дээд төвшний зочид ирнэ.
 
Дөрөвт, Засгийн газраас ажил хийлгэсэн байтал мөнгө өгөөгүй гэдэг гомдол гарсан. Хийсэн ажлынх нь мөнгө олгогдох ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүд ажилтай байх нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Болор бичлэг тавьсан байна, бид хүнлэг байх ёстой.  25 ажилтантай бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуул гэдэг хууль бий. Хүн рүүгээ хандсан байх ёстой. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллаарай” гэв. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө жил бүр буураад байгаа. Тиймээс санхүүжилтийг нь өмнөх жилийнхээс бууруулахгүй баталж байх ёстой. Уг хөрөнгөөр орон нутгийн иргэд ажилтай болдог, орон нутагт үйлдвэрлэл хөгждөг.
 
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаан гараад байгаа, энэ асуудлыг нээлттэй ярилцах байх гэж бодож байна. Монголынхоо тогоонд ороод ирсэн асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцэж шийдэх байх. Тэнд ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг хохирох ёсгүй” гэдгийг онцлов. Мөн “Ер нь одоо та бүхэн харж байгаа байх. Олон нийт хэвлэл мэдээлэл, сошиалаар дамжуулаад алхам бүрийг чинь харж байгаа. Та бүхэн шилэн дээгүүр алхаж байгаа юм шиг л ил харагдаж байгаа. Буруу гишгэсэн алхам бүр чинь ард түмний ой санамжид үлдэнэ. Эхний хоёр жилдээ буруу үйл ажиллагаа явуулаад  намынхаа хүмүүс, хамтарч ажилладаг эргэн тойрны хүрээлэгчид, ах, дүүгээ ажилд оруулдаг.
 
Төрийн алба дахь ийм ёс зүйгүй үйлдийг зогсоомоор байна. Төрийн албанд орсон хүн баяждаг, иддэг, уудаг гэсэн ойлголтыг авч хаямаар байна. Ийм л байдал ажиглагдах юм бол ард түмний өгсөн итгэл борооны дараа татсан солонго шиг арилна.  Эрх баригчид өөрчлөгдөж байна гэхдээ асуудал үлдсэн. Тэр асуудлыг шийдэх хүн бол Ерөнхий сайд. Ерөнхий сайдын асуудлыг маргаашдаа /өнөөдөр/ УИХ-руу оруулж батлуулна гэсэн бодолтой байна. Энэ сарын 18-20-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ байгуулахад онцгой анхаарах ёстой” гэж тодотгоод ажилд нь амжилт хүслээ. 
 
Уулзалтын дараагаар Ж.Эрдэнэбатаас дараах асуултад хариулт авлаа.
 
-Та Ерөнхий сайд болоод хамгийн түрүүнд ажлаа юунаас эхэлнэ гэж бодож байгаа вэ?
 
-Засгийн газрын бүтцийн хувьд ярилцаж байгаад шийднэ. Хэрвээ би томилогдох юм бол эхний ээлжинд АСЕМ-ын уулзалтад цаг алдалгүй анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байна. Маш олон улсын төрийн тэргүүнүүд Монгол Улсад ирэх нь Монгол Улсын гадаад хэргийн асуудал. Тиймээс цаг алдаж болохгүй. Би янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй уриа хэлэхгүй.  Хийх ёстой ажлаа л хийх ёстой.
 
-Төсвийн тодотголоо хэзээ хийх вэ?
 
-Өнөөдрийн гаргаж байгаа тоо мэдээллүүд, бодит нөхцөл байдал ямар байгааг тодорхойлох хэрэгтэй. Сангийн сайдын албыг хүлээж авахад, нөхцөл байдал тоо мэдээлэл хоёр зөрж байсан шүү дээ. Тиймээс эхний ээлжинд  өнөөдрийн гаргаж байгаа тоо мэдээлэл бодитой үгүйг тодорхойлж байж, дараа нь юу хийх ёстойг шийдэх хэрэгтэй. Хүндрэлтэй байдлыг хүн болгон мэдэж байгаа. Гэхдээ энэхүү хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах вэ гэдийг шийдэхийн тулд бодит байдлаа сайн мэдэх хэрэгтэй.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.