Төрийн ордонд өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудын дарга нар оролцсон хэлэлцүүлэг болж байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлгийг Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгээс зохион байгуулж байгаа. Тодруулбал, МАН-ын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгаас гаргасан зургаан үндсэн сэдвийн хүрээнд Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой эсэхээр улс төрийн намуудын байр суурийг сонсч буй юм. Тэгвэл энэхүү хуралдааны үеэр Монголын социал, демократ намын дэд дарга Д.Энхзаяа Төрийн ордонд дунд хуруугаа гаргаж танхайрчээ.
Тэрбээр, Үндсэн хуулийн асуудлаар тун ч хатуу байр суурь илэрхийлдэг бөгөөд улс төрийн тун идэвхтэй нэгэн юм. Тухайлбал, өнгөрөгч парламентын үед Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх үед “Нам өмчтэй байхыг хориглох ёстой. Хүн бүрийг албадан намд элсүүлж, татвар авсан мөнгөөрөө өмчтэй болчихоод одоо түүнийгээ түрээслэн, бусад намаас давуу эрх эдэлж байгаа нь буруу” хэмээн байр сууриа хатуу илэрхийлж, багагүй шүүмжилж байсан билээ.
Гэвч хэчнээн бухимдсан ч гэлээ эмэгтэй хүн Төрийн ордонд дунд хуруугаа гаргаж, төрөө үл хүндэтгэж байгааг нийгмийн сүлжээнд хурцаар шүүмжилж байгаа юм. Намын идэвхтэй гишүүн, парламентад суудалгүй намын дэд даргын алба хашдаг энэ бүсгүй Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуулийг төгсчээ. Мөн МУИС-ийн БУФ, МУИС-ийн ОУХДС –ийн англи хэлний ангийг тус тус төгссөн. Биофизикч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй аж.
ШУА-ын Биофизикийн секторт, эрдэм шинжилгээний ажилтан, Монгол-Английн хамтарсан “Тэмүүжин Менч” ХХК-д орчуулагч, Йигл –ТВ-д орчуулагч, Биотехнологийн “Беоженомикс” ХХК-д менежер, ХБНГУ-д гэрээт орчуулагчаар ажиллаж байсан. 2006 оноос “Мөнх Ногоон Амьдрал” ТББ-д захирал, 2010 оноос “МААЭУМТ” төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай. Монголын Социал Демократ Намын УЗ-ийн гишүүн, намын дэд даргаар 2016 оноос хойш ажиллаж байгаа юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.