МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж ХҮН-ын дарга асан, Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдож байсан экс гишүүн С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсноо зарласан билээ. Дотоод сонгуульд дөрвөн нэр дэвшигчтэй өрсөлдөж 65 хувийн саналаар нэр дэвшихээр болсон С.Ганбаатар хэдийгээр өөр намынх ч гэсэн “МАНАН-г ялахын тулд МАХН-ын өмнөөс нэр дэвших болно” хэмээн зарласан юм.
Тэгвэл С.Ганбаатар нэр дэвшигч Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, улмаар өнөөдөр шөнийн 24.00 цагаас өмнө амжиж СЕХ-д бичиг баримтаа хүлээлгэн өгчээ. Мөн бичиг баримтаа цуглуулж өгснийхөө дараа сэтгүүлчдэд ч мэдээлэл хийгээд амжсан юм.
Хувьсгалт намын энэхүү шийдвэр олон хүний гайхшийг төрүүлж буй бололтой. Тэр дундаа парламентад ганц суудал авч, намдаа Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхийг авч ирсэн эрхэм гишүүн О.Баасанхүү энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн нь мөн л улс төрийн гэнэтийн мэдэгдэл байлаа.
Тэрбээр, 21.00 цагийн орчимд өөрөө бичлэг хийж мэдэгдэл хийлээ. О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “МАХН-ын гаргасан энэхүү шийдвэрийг дэмжиж байна уу гэж олон хэвлэл надаас асууж байна. Би дэмжихгүй байгаа. С.Ганбаатартай би өдөр уулзсан. Тэгэхэд дэвшихгүй гээд явж байсан. Гэтэл манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяны хэлсэн үг олон зүйлийг бодогдуулсан учраас гэнэтийн шийдвэр гаргалаа гэж надад хэлсэн. С.Ганбаатар манай нам биш.
ХҮН-ын даргаар ажиллаж байсныг мэднэ. Гэтэл одоо нам бус ч юм шиг мэдэгдэхгүй байна. Ийм хүнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлж байгааг би хувьдаа гайхаж хүлээж авлаа. МАХН бол миний аавын, ээжийн, өвөөгийн нам. Миний хувьд ч үнэ цэнэтэй. Гэвч захын нэг боловсролгүй нөхөрт боломж олгосонд би хувьдаа таашаалтай хандаагүй. Миний хувьд академич, гавьяат хуульч, МАХН-ын туршлагатай боловсон хүчин болох С.Нарангэрэл хуульчийг дэмжиж байсан.
Гэвч миний дэмжсэн хүнийг дэвшүүлсэнгүй. Би маргааш СЕХ-д албан тоот хүргүүлнэ. Мөн шаардлагатай гэж үзвэл улс төрийн сонголт хийж намаасаа гарахаас өөр аргагүйд хүрэх нь. Намайг тийм сонголт битгий хийлгээсэй. МАХН бол 70 жилийн түүхтэй улс төрийн хүчин. Тиймээс 10 тэрбум төгрөгийн төлөө ийм гоомой зүйл хийсэнд харамсч байна” хэмээлээ. Тэрбээр, өглөө энэ талаар мэдээлэл хийх юм байна. Хэрвээ О.Баасанхүү АН-д элсчихвэл парламентад МАХН суудалгүй болно. Гэсэн ч нэр дэвшүүлэх үед суудалтай байсан гэдэг утгаараа өрсөлдөөнд С.Ганбаатар оролцож мэдэх нь ээ.
Б.Тогтох
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.