Ядарсан иргэдээ яаж доромжлоод байна вэ, улстөрчид өө

Ядарсан иргэдээ яаж доромжлоод байна вэ, улстөрчид өө
Нийгэм эдийн засгийн хөгжил нь дээд төвшиндөө хүрчихсэн, иргэдийнх нь амьжиргаа хангалттай төвшинд байдаг улс орнууд батлах хуульгүй болчихоороо гудамжинд муур дагуулж явж болохгүй гэх мэт “гажиг” хуулиуд баталж эхэлдэг гэдэг. Угтаа бол бүх асуудлаа тэд хуулийн хүрээнд шийдчихсэн учраас гэр бүл, ахуйн хамгийн нарийн жижиг асуудлыг ч орхихгүй хуульчилж байгаа нь тэр бололтой. 
 
Гэтэл манай улс сүүлийн үед хэзээ унтаж, хэдэн цагт сэрэхийг хуульчлахаас л наагуур л ахуйтай зууралдаж байна. Саяхан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хөхний сүүгээр хүүхдээ хооллохыг хуульчилж, нэмэлтээр угжихгүй байх тухай ярьж давхисан. Эрхэм сайдын батлуулсан энэ хууль хэсэгтээ л нийгмийн сүлжээнд буруу зөрүү ойлголт өгч бухимдууллаа. Эрүүл мэндийн салбарт хуулиар хэрэгжүүлэх, эсвэл шинэчлэх, өөрчлөх асуудал түм бум байгаа. 
 
Харамсалтай нь манай улстөрчид түүнийг олж харахгүй атлаа, ээжүүд хүүхдээ цатгах, цатгахгүйг хуулиар зохицуулаад явж байна. Төрсөн үрдээ хайртай бол, туранхай хөгжил муутай болно гэдгийг мэдсээр байсан атлаа нэмэлт өгөөд суудаг ээж гэж хаана байх билээ. Дэлхий дахинд хор хөнөөлийг нь хангалттай сурталчилж байхад, чи лаа идэж болохгүй луувангаа ид хэмээн хуульчилж суух нь нэг талаар тэнэг хэрэг юм. Ядарсан ард түмнийхээ сайхан амьдрах баталгааг хангах ширхэг ч хууль батлаагүй атлаа энэ мэт мэдээжийн асуудалтай зууралдаж, зарим нь бүр баталсан хуулийн төслөө нэг сар ч болохгүй эргэж өөрчлөөд сууж байна. Бүр баталж амжаагүй байхдаа өөрчлөх тухай ярьж суугаа нь худлаа биш. 
...Иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч алдаагаа залруулж байгаа нь сайн жишиг ч нөгөө талаараа төр ямар ч судалгаа тооцоогүй хууль баталдаг гэдгээ харуулж өгөв. Гаргасан шийдвэртээ эзэн болж чаддаггүй, хэн нэгний захиалгаар хуулиа өөрчилдөг гэдгээ яруу тодоор харуулж өглөө... 
УИХ-аар удтал маргалдаж байгаа Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх явцад, “энэ хуулийг ер нь эргэж шинэчилж оруулж ирэх нь зөв юм байна” хэмээн УИХ-ын дарга ярьж байсан удаатай. Тэгвэл энэ хаврын чуулганаар бөөн хэл ам, хэрүүл маргаантай баталсан  хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөх асуудлыг мөн л эргэж ярихаар болжээ. Хуучин 100 хувь хөнгөлж байсныг нь болиулж, төсвийн алдагдал их байгаа учраас ард түмний унаа гэгддэг приус машинаас татвар авахаар болсон. Энэ хууль тавдугаар сарын 01-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн ч мөн л өөрчлөх тухай яриад ороод ирлээ.
 
Хэрвээ хэрэгжүүлж чадахгүй байсан бол анхнаасаа батлахын хэрэг байсан юм уу, улстөрчид өө. Сүүлийн үед УИХ-аар баталж буй “бантан” болсон хуулийн төслүүдийн автор болж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ асуудлыг УИХ-д өргөн барих гэнэ. Приус машин хилээр оруулж ирэх зэрэгт асуудал үүсээд байгаа учраас татварын хувь хэмжээг 50 хувь болгох асуудлыг хойшлуулах мэргэн шийдэлд хүрчээ. Мэдээж энэ бол нийгмийн хүлээлт байсан. УИХ дахь АН-ын бүлгээс ч удаа дараа ийм хүсэлт тавьж байсан. 
 
Иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч алдаагаа залруулж байгаа нь сайн жишиг ч нөгөө талаараа төр ямар ч судалгаа тооцоогүй хууль баталдаг гэдгээ харуулж өгөв. Гаргасан шийдвэртээ эзэн болж чаддаггүй, хэн нэгний захиалгаар хуулиа өөрчилдөг гэдгээ яруу тодоор харуулж өглөө. 
 
Монгол төрийн шийдвэр нэг сарын ч насгүй, баталсан хууль нь байгаа онохгүй байгааг л энэ мэт жишээнүүд харуулж байгаа юм. Нэг өдөр баталдаг, маргааш нь өөрчилдөг байдлаар яваад байвал энэ улс хэзээ хөгжих билээ. Ядарсан ард түмнээрээ ингэж даажигнах хэрэг байдаг юм уу. Хэчнээн олон хүн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болж алдагдал хүлээж, хэдэн төгрөг алдаж байгааг манай эрх баригчид мэддэг болов уу.
 
Судалгаагүй хийсэн ажил болгоны чинь ард ард түмний амьдрал, ажил, бизнес хохирч байдгийг ойлгох цаг нь болсон баймаар. Улстөрчдийн хувьд нэг хуулийг өөрчлөх, эсвэл батлуулах хэдэн цаас, хоёр гурван өдрийн ажил байж мэдэх ч бусдын амьдралд энэ шийдвэр нэг насных нь амьдрал, бизнесийг ч үгүй хийх эрсдэлтэй байдгийг мэддэг, ойлгодог улстөрч энэ парламентад байна уу. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.