УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн зүйл заалтад хүний эрхийг зөрчсөн маш ноцтой асуудлыг тусгасан байна хэмээн АН-ын бүлгээс үзэж буй. Тодруулбал, хууль шүүхийнхэн гүйцэтгэх ажиллагаа явуулан олж авсан мэдээллээ баримт гэж үзэх, баривчлах хоногийн 24 цаг байсныг 48 цаг болгосон, мөн мөрдөн байцаагч өөрийн хүслээр баривчлах шийдвэр гаргах гэх мэтээр асуудал үүсгэсэн олон заалт байгаа юм.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү шоронд гүйцэтгэх ажил хийх, нотлох баримтаар хэргийг шийдэх, хөөн хэлэлцэх хугацааг оруулж ирээгүй гэсэн асуудлыг хөндлөө. Мөн Эрүүгийн хэрэгт оруулсан эх орноосоо урвах зүйл заалтыг ч тодруулахыг хүслээ.
Энэ асуултад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “О.Баасанхүү гишүүн хоёр жил унтаж байгаад сэрсэн юм уу, хаашаа юм. Эрүүгийн хуульд эх орноосоо урвах зүйл заалтыг авч хаясан зүйл байхгүй. Эх орноосоо урвах гэсэн үйлдлийг бие даасан байдлаар оруулсан. Энэ үйлдлээр 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих ялтай байгаа. Гадаадын тагнуул, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан бол 8-12, төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэн уг үйлдлийг хийсэн бол бүх насаар нь шийтгэнэ гэсэн заалт байгаа. Өмнөх парламентын үед баталсан хууль” гэв.
Мөн хөөн хэлэлцэх хугацааг нэг жил гэж оруулж өгсөн гэдгээ онцоллоо. Харин дээр хэлсэнчлэн баривчлах хугацаа 24 цаг байсныг 48 цаг болгосон асуудлаар АН-ын гишүүд байр сууриа илэрхийлж, үүнийг өөрчлөх ёстой гэв. Өнгөрсөн хугацаанд 5000 хүн баривчилж, 80 хувь нь буцсан бөгөөд тэд ялтан мэтээр нийгэмд ойлгогдож байгаа хэмээлээ.
Харин хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн эрх бүхий ажилтан аймгийн төвийн цагдаагийн байгууллагад аваачих хугацаанд 24 цаг нь дуусгавар болдог гэж мэргэжилтнүүд хэлж, 48 цаг болгосон. Дэлхийн олон улс орон шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүй, шүүх дээрээ нөхөн гүйцэтгүүлэх ажиллагаагаар шийддэг” хэмээлээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй санал хураалт явагдаж, гишүүд ч мөн байр сууриа илэрхийлэв.
Харин дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын дарга энэ асуудлыг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирц хангалтгүй байна хэмээн уурлав. Мөн Х.Нямбаатар гишүүний үгэнд бухимдсан О.Баасанхүү гишүүн намайг гүтгэж байна. Хүн гүтгэх хуультай шүү. Наад ирцээ хар. Би шударга байсныхаа төлөө адлуулж байгаа хэмээлээ. Улмаар 30 гаруй гишүүний саналаар энэ асуудлыг анхны хэлэлцүүлгээр баталж, хуралдааныг завсарлууллаа. 15.00 цагаас чуулганаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Б.Тогтох
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.