Хар тамхи хэрэглэдэг, түүнээс хамааралтай 1100 иргэн байна гэв

Хар тамхи хэрэглэдэг, түүнээс хамааралтай 1100 иргэн байна гэв
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны эхэнд өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Тодруулбал, хуульд ард нийтийн санал асуулга явуулах хугацааг 65 хоногийн өмнө зарлана хэмээн тусгачихсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах гэхээр 40 хоногийн хугацаа үлдсэн учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг багасгах шаардлага тулгарсан учраас энэ төслийг өргөн мэдүүлсэн хэмээсэн юм. Тэгвэл баасан гарагийн чуулганд энэ асуудлыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулж, дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулахаар өөр аргагүйд хүрснийг онцоллоо. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулж, улмаар Төрийн ордонд үндсэн зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд дээрх хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн хүрээнд өөрчлөлт оруулах асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал хэмнэлт гарна гэж үзжээ. Хууль санаачлагчийн танилцуулгын дараа нэр бүхий гишүүд асуулт асууж, хариулт авав.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Х.Баделхан, Я.Санжмятав, З.Наран­туяа нар асуулт асууж,  Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Д.Лүндээ­жанцан, Д.Тэрбишдагва, Н.Энхболд нарын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүү­дийн хувьд Ард нийтийн санал асуулгыг 21 хоногийн хугацаанд явуулж, иргэдэд энэ талаархи мэдээллийг бүрэн хүргэж чадах уу, Үндсэн хуульд өөрчлөлт хийх талаар ард түмнээс санал авч, судалгаа хийсэн үү гэдгийг тодруулсан юм. Түүнчлэн ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган хийх болсон шалтгаан, үндэслэлийг нь илүүтэй сонирхож байлаа. Ж.Мөнхбат дарга “МАН-ын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан. Мөн иргэдээс санамсаргүй аргаар түүвэрлэн санал асуухад дэмжсэн.
 
Зурга­дугаар сарын 05-наас эхлээд мэ­дээл­лээр хангаад явахад иргэд хан­галт­тай мэдээлэлтэй болчих­но. Эдийн засаг хүнд байгаа үед Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулснаар 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцсон” гэсэн хариулт өглөө. Санал хураалт явахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжиж, анхны хэлэл­цүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм. 
 
О.Баасанхүүгийн тоглоол дэмжлэг авсангүй 
 
Чуулганы хуралдаанаар хэлэлц­сэн хоёрдугаар асуудал бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс өргөн мэдүүлсэн “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл байсан юм. Энэ асуудлыг тавдугаар сарын 02-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд нэг үйлдвэрт зориулж тогтоол батлах нь утгагүй гэж үзээд дэмжихээс татгалзсан аж.
 
Төсөл санаачлагч нь Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт оруулж буй татвар, хураамж нь нийт улс орон, орон нутгийн одоогийн хэрэгцээнд зарцуулагддаг болохоос уг үйлдвэртэй холбоотой эрсдэлийг хүлээж байгаа Эрдэнэт хотын иргэд, тэдгээрийн ирээдүйд хамааралгүй байгаа. Дуусашгүй баялаг, хаагддаггүй үйлдвэр гэж байдаггүй тул Эрдэнэт хотын хаалтын үед уг хотын экологийн орчин, хүн амын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрэлээс хамгаалахад зарцуулах зорилго бүхий санг бий болгон, тус үйлдвэрийн орлогын зохих хэсгийг хуримтлуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж үзжээ.
 
Гэсэн ч гишүүд мөн л нэг үйлдвэрт зориулж УИХ-ын тогтоол батлах гэхээс илүүтэй нийтээр нь асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулах нь зөв гэж үзээд  тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаалаа. Засгийн газар энэ чиглэлийн хуулийн төсөл боловсруулж буйг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир дуулгасан юм. Ингэснээр үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүлэв. 
 
Хар тамхины хэргээр 66 иргэн ял эдэлж байна гэв 
 
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн талаар танилцуулга хийх байсан ч хойшилжээ. Харин Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хар тамхи мансууруулах бодис­той холбоотой гэмт хэргийг бууруу­лах чиглэлээр Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв. Энэ асуулгыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьжээ. 2006-2016 онд үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд нийт гэмт хэргийн 0.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байдаг байна.
 
Үүнээс  82.1 хувь нь Улаанбаатар хотод, 17.9 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бөгөөд  жилд дунджаар 32, сард 2.7 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой  гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан болохыг С.Бямбацогт сайд мэдээлэлдээ онцоллоо.
 
Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, есөн эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байгаа бол 13 эрэгтэй, есөн эмэгтэй сэжигтнээр шалгагдаж байгаа гэлээ. Сүүлийн гурван жилийн байдлаар уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийвэл 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6  хувиар тус тус өссөн болохыг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.  Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр сүүлийн жилүүдэд улам нарийсчээ.
 
Тухайлбал, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр зохион байгуулалттай үйлдэгддэг байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын иргэд гадаад оронд зорчихдоо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон тохиолдол анх 2006 онд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 117 хүн шалгагджээ.
 
Тодруулбал, хууль бусаар тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан гэх зүйл ангиар нэг иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байгаа аж. 2017 оны эхний улирлын  байдлаар 10 хэрэгт 12 иргэн холбогдон шалгагдаж байгаа гэв. Засгийн газраас энэ чиглэлд дорвитой ажил нэлээдгүй хийж байгаа бөгөөд мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу бодлогын баримт бичиг батлуулж, мөн салбарын сайдын зүгээс Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан энэ оны гуравдугаар дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын хурал­даанаар хэлэлцүүлэн баталжээ. 
 
“Хар тамхины хэрэглээ орон даяар тархсан гэдэг нь худлаа”
 
Иргэдийг соён гэгээрүүлэх, хар тамхины хор уршгийг олон нийтэд сурталчлах талаар салбар яам хангалттай ажиллаж, мөн шинээр баталж буй Эрүү, Зөрчлийн хуульд ч холбогдох зүйл заалтыг тусгаж өгчээ. Гишүүдийн зүгээс хар тамхины зохисгүй хэрэглээг таниулж ойлгуулах гэхээс илүүтэй хэвлэл мэдээллээр тэр тэгж хар тамхи татсан гэх мэтээр мэдээлэл түгээж байгаа нь эргээд сурталчилгаа болох, өсвөр үеийнхэнд хэрэглэх сэдэл төрүүлэх вий гэсэн болгоомжлол байгаагаа дуулгав. Мөн хууль хяналтын байгууллагад энэ чиглэлийн мэргэшсэн боловсон хүчин хүрэлцээтэй эсэх, техникийн хүчин чадал хангалттай эсэхийг тодрууллаа.
 
Салбарын сайд болон ажлын хэсгийнхний өгсөн хариултаас үзэхэд үнэхээр ч хэвлэл мэдээлэл хар тамхины асуудлыг хэтэрхий хайнга мэдээлж буйгаас сэрэмжлүүлэг бус эсрэгээрээ сурталчилгаа болох талтайг онцлов. Тиймээс шууд бус сурталчилгаа хийхийг хуулиар хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн санал гарсан юм. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх  ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий  газарт Хар тамхитай тэмцэх газрыг хоёр хэлтэс, 33 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй өргөжүүлэн байгуулсан бөгөөд алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ЦЕГ-ын сургалт, дадлагын төвд сургалт зохион байгуулах,  гадаад улс орноос мэргэжилтэн урьж алба хаагчдыг мэргэшүүлэх, гадны улс орнуудад явуулж туршлага солилцох ажлыг хийж байгаа аж. Манай улс 1200 орчим нэр төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг илрүүлэх нэг төхөөрөмжтэй аж.
 
Мөн энэ чиглэлээр лаборатори байгуулах чиглэл өгч судалгаа хийсэн бөгөөд 9.5 тэрбум төгрөг орно гэсэн тооцоо гарчээ. Үнэрч нохой сургах, техникийн шинэчлэл хийх, хар тамхи мансууруулах бодисонд донтсон иргэдийг эмчлэх эмнэлэг зэрэг хийх ажил их байгаа ч төсөв мөнгөний асуудлаас болж энэ бүхэн удааширч байгааг гишүүдэд учирлалаа. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ улс даяар тархсан гэх мэдээлэл худлаа бөгөөд Улаанбаатар, Дархан-Уул аймаг, Орхон аймагт тархсан аж. Түүнчлэн хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх хэд хэдэн янзын тоо, баримт яригддаг бол цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 1100 гаруй хүн, нэг хүний цаана 4-5 хүн хамааралтай байдаг гэж тооцвол 6000-6500 орчим хүний хүрээнд яригдана гэдгийг албан ёсоор дуулгав.
 
Мэдээллийн үеэр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг санаатайгаар санхүүгийн чадавхитай хүрээлэлд тараадаг, найз нөхөдөөр нь дамжуулан түгээдэг гэдгийг эцэг, эхчүүд онцгойлон анхаарах ёстой гэдгийг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд анхаарууллаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.