Монголбанкинд хийсэн шалгалт буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шоу

Монголбанкинд хийсэн шалгалт буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шоу
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж,  Монголбанкинд шалгалт хийсэн билээ. Гэхдээ одоо хэрхэн ажиллаж байгааг нь шалгасан юм биш. Өмнөх дөрвөн жилд хэрхэн ажилласан бэ гэдгийг шалгасан хэрэг. Энэхүү шалгалтыг хийсэн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажилласан. Мөн ажлын хэсэгт нь хэд хэдэн гишүүн багтсан. Улмаар шалгалтын дүн гарч, энэ сарын 25-нд танилцуулсан.
 
Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр танилцуулсан гэдгийг энд тодотгох нь зөв байх.  Шалгалт хийсэн ажлын хэсгийнхний тогтоосноор өнгөрсөн дөрвөн жилд тун ч их алдагдалтай ажилласан юм байх. Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголбанкны алдагдал 2012 оноос эхэлж хуримтлагдсан байдаг. Жишээ нь, 2011 онд 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос 280 тэрбумын алдагдалтай болсон юм билээ. Ингэж явсаар 2016 онд жилийн 1.6 их наяд болж нийт гурван их наяд төгрөгийн алдагдалтай болсон байна. Энэхүү алдагдлыг хуулиар төсвөөс хаадаг. Ингэхдээ Засгийн газар үнэт цаас гаргадаг. Татвар төлөгчдийн халааснаас гарна гэсэн үг.
 
Ийм л нөхцөл байдал үүссэн. Ажлын хэсэг үүнийг нягтлаад юунаас болов гээд шалгаад үзэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотойг тогтоосон. Монголбанкны үйл ажиллагааг Төв банкны тухай хуулиар маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Гэтэл хуульд заагаагүй арга хэмжээг хэрэгжүүлсэн, түүнээс давсан үйл ажиллагаа явуулсан, зөрчсөн, бодлогын уламжлалт бус арга хэмжээг явуулсан байгаа юм. Үүний нэг нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”.
 
Хөтөлбөрийн хүрээнд 4.8 их наяд төгрөгийг зах зээлд маш бага хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон байдаг. Үүнээс 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоосон” хэмээн хэлжээ.  Дахиад жаахан тодруулчихъя. 4.8 их наядын 3.7-г нь ипотекийн зээл рүү оруулсан. Үлдсэн мөнгийг нь буюу 1.16 их наяд төгрөгийг өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжуулахад зарцуулсан гэсэн шалгалтын дүн гарч. Тэр дунд шатахууны үнийг барихад ч бас зарцуулсан байгаа юм. Мөн “Сайн” нэртэй хөтөлбөрүүдэд тодорхой хэмжээнд зарцуулсан аж.  Өнгөрсөн хугацаанд 70, 80 мянган айл өрхийг орон сууцанд оруулсан “Ипотекийн зээл”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж 3.7 их наяд төгрөг зарцуулж. Шалгалт хийсэн хүмүүс уламжлалт бус арга гээд байгаа юм. 
...Ерөнхийдөө хэдэн төгрөг зориглон гаргаж, орон сууцны бага хүүтэй зээл өгч, иргэдээ дэмжсэнийг л одоогийн эрх баригчид буруутгах гээд байна уу. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хар пи ар болгон ашиглахыг ч оролдож байж болох. Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр шалгалтын дүнг танилцуулахдаа зарим гишүүд “Хохирол учирсан, Монголбанкны өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалаар төлүүлэх ёстой” гэх мэт явцуу саналыг хэлж байсан... 
Тэр нь юу ч гэсэн үг юм, бүү мэд. 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар Ипотекийн зээлээр орон сууц авсан зээлдэгчдийн тоо 90850 хүрсэн. Эдгээр иргэдийг  бараг 80 хувьд  нь өнгөрсөн дөрвөн жил зээл олгосон гэхэд болно. 70-80 мянган айл өрх тохилог сууцанд орчихлоо. Одоо ипотекийн зээлийн эх үүсвэр болсон эргэн төлөлтийн мөнгө дээр дурьдсан 3.7 их наядаас улбаатай. МАН-ын эрх баригчид өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн суурин дээр Ипотекийн зээлийг үлгэн салган явуулсан нэр зүүж байгаа шүү дээ. Гэтэл одоо үүнийг буруу байсан мэтээр дайрч байгаа нь нэг талаар инээдтэй.
 
Тэгээд ч энэ мөнгийг Монголбанкнаас шууд зээл гээд өгчихөөгүй. Арилжааны банкуудаар дамжуулж байгаа. Хамгийн авууштай нь тэр үеийн удирдлагууд маш том зориг гаргаж, иргэддээ орон сууцны хөнгөлөлттэй зээл өгсөн. Энэ юуны буруу гэж. Сайдын багц нэмж, татвараар дарамталснаас л дээр биш үү. Нөгөө талаар Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх л ёстой байсан. Шатахууны үнэ тэнгэрт хадвал дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өснө.
 
Тэгвэл эдийн засаг яах билээ. Тэгээд ч шатахуун импортлогчид бүгдээрээ л МАН-ын угшилтай хүмүүс шүү дээ. Нөгөө талаар олон компанид зээл олгож, эдийн засгийг тэтгэж байсныг огт буруу гэж дайрах нь нэг талдаа бас өрөөсгөл. Яахав, тэр зээлийг зориулалтын бусаар ашигласан гэдэг дээр жаахан асуудал үүсгэж болох юм. 
 
Ерөнхийдөө хэдэн төгрөг зориглон гаргаж, орон сууцны бага хүүтэй зээл өгч, иргэдээ дэмжсэнийг л одоогийн эрх баригчид буруутгах гээд байна уу. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хар пи ар болгон ашиглахыг ч оролдож байж болох. Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр шалгалтын дүнг танилцуулахдаа зарим гишүүд “Хохирол учирсан, Монголбанкны өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалаар төлүүлэх ёстой” гэх мэт явцуу саналыг хэлж байсан.
 
4.7 их наядын зөрчил гээд л байгаа. Гэтэл тэр мөнгө нь алга болчихоогүй байгаа шүү дээ. Тэр дундаа ипотекийн зээлд олгосон мөнгө алга болох нь битгий хэл өсч байгаа. Одоо нийт ипотекийн зээлийн мөнгө 4.11 тэрбум төгрөг болчихсон. Чанаргүй зээл нь ердөө 1.8 хувьтай байгаа. Маш бага. Ерөөс эргэн төлөлт маш сайтай гэсэн үг. Хэрвээ тэгтлээ хохиролтой л байгаа юм бол ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй мөнгийг төсөв рүү татаад, аваач дээ.
 
Тэгээд энэ хөтөлбөрөө шууд зогсоохгүй юу. Нөгөө талаар 45 компанийн нэр зээлтэй холбогдоод байгаа. Удахгүй нэр нь тодорхой болох юм гэсэн. Тэр үед хэн тэр зээлийг авсан нь тодорхой болох байлгүй. Дээрээс нь Т.Аюурсайхан гишүүн “Тухайн үед Үйлдвэр, хөдөө ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын шийдвэртэй холбоотой зөрчлүүд бий.
 
Эдгээр хүнийг хууль хяналтын байгуул­лагад ийм үндэслэл, баримтын дагуу шалгуулна гэдэг санал гаргачихсан байгаа” хэмээн ярьсан байсан. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа Х.Баттулга руу чиглэсэн хар пи ар гэж харагдаад байна. Өөр харлуулах юм олдохгүй болохоор Монголбанкинд шалгалт хийсэн нэр зүүж, дайрах гээд байна уу гэсэн хар төрөөд байгаа юм. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.