Тэд сонгох эрхээ эдлэнэ, та ч бас оролцоорой

Тэд сонгох эрхээ эдлэнэ, та ч бас оролцоорой

Жилээс жилд залуусын сонгуульд оролцох идэвх буурч байгааг холбогдох албаныхан хэлдэг. Тиймээс манай сайт нийгмийн хариуцлагын хүрээнд сонгуульд оролцох нь яагаад чухал, тэр дундаа залуус яагаад саналаа өгөх хэрэгтэй болох талаар олны танил, эрхмүүдийн байр суурийг сонирхлоо. Бид аль нэг улстөрчийг дэмжсэнгүй. Гагцхүү сонгуулийн идэвх сайн байгаасай, залуус улс төрийн идэвхтэй байгаасай, төрийн тэргүүнээ сонгохдоо өөрсдийн дуу хоолойгоо хүргээсэй гэсэн үүднээс бэлтгэлээ.

А.Баярцэцэг: Бидний ирээдүй, улсын маань хөгжлийн ирээдүйг зөв сонгох чиглүүлэх боломж, үүрэг иргэн хүнд дөрвөн жилд нэг л удаа олддог

/Жүжигчин, мисс/

-Сонгуулиа өгнө. Иргэн бүрийн үүрэг шүү дээ. Залуус ч гэлтгүй бүх хүмүүс сонгуульдаа оролцох ёстой гэж боддог. Надтай надгүй ялгаа байхгүй, эсвэл залхуурснаас, үл ойшоосноос болж өгөөгүй хүний санал ганцхан юм шиг сонсогдож байгаа боловч, хүн болгоны хандлага тийм байвал энэ нь сонгуулийн үр дүнд маш том сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Бидний ирээдүй, улсын маань хөгжлийн ирээдүйг зөв сонгох чиглүүлэх боломж, үүрэг иргэн хүнд дөрвөн жилд нэг л удаа олддог. Энэ боломжийг ашиглах ёстой.

Миний бодлоор нэгэнтээ сонгоод гаргаад ирсэн хүмүүсээ шүүмжлэхийн оронд сонголтоо анхнаасаа зөв хийж зөв сонгох ёстой юм шиг санагддаг. Залуус ихэнхдээ сонгуулийн өдөр л очоод аль нэгийг нь дугуйлчихдаг. Яг мөрийн хөтөлбөр, тараах материалыг нь сайтар судлан, тухайн нэр дэвшигчээ судлан юу хийж чадахыг нь харьцуулан судлах нь бага юм шиг байдаг. Идэвхтэй байснаараа зөв дүн шинжилгээ хийж, аливаад нухацтай хандаж, бодож байж шийдвэрээ гаргана.

Ц.Ганзориг: Бүгд идэвхтэй байж, хүн бүр сонгуулиа өгөх нь чухал.

/Макс продакшны жүжигчин/

-Сонгуулиа өгнө. Найзуудаа зүгээр л сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгох эрх нь бидэнд байгаа. Түүнээс биш хоорондоо талцаж, алалцаад яах вэ. Бие биенийгээ барьж идлээ шүү дээ. Бид л сонголтоо хийнэ. Гол нь бүгд идэвхтэй байж, хүн бүр сонгуулиа өгөх нь чухал.

Б.Болд: Би хувьдаа саналаа өгнө

/МУСТА дуучин/

-Саналаа өгнө өө. Энэ жил залуус маань маш идэвхтэй сонгуульдаа оролцох байх. Одоо л зөв сонголтоо хийхгүй бол амьдрахад маш хүнд болж байна. Би хувьдаа саналаа өгнө.

Э.Мөнхтөр: Ирээдүйнхээ төлөө сайн бодож сонголтоо хийгээрэй

/СТА, жүжигчин/

-Сонгуулиа өгнө өө. Сонгууль өгөх эсэх нь залуус бидний эрх ч, Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэнэ гэдэг нэг талаар үүрэг, хариуцлага. Тийм учраас ирээдүйгээ харж, үр хүүхдийнхээ төлөө сайтар бодож тунгааж байж сонголтоо хийгээрэй гэж уриалмаар байна. Хүн өөрөө нийгмийн амьтан гэдэг. Нийгмийн харилцаанд оролцож, амьдарч буй учраас яах аргагүй улс төрийн идэвхтэй байхыг цаг үе биднээс шаардаж байна. Илүү сайн сайхан ирээдүй, үр хойчийнхоо амьдралын төлөө сайтар бодож, тунгааж саналаа өгөөрэй.

Н.Отгонбаатар: Би саналаа өгнө

/Холимог тулааны тамирчин/

-Мэдээж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн, саналаа өгнө. Сонгуулийг би улс төрийн идэвх гэхээсээ илүү, иргэний үүргээ ухамсарлаж, өөрт олгогдсон эрхээ эдлэх боломж гэж хардаг. Тийм болохоор сонгуулиа өгнө. Ер нь залуусын сонгуулийн оролцоо сүүлийн үед буурсан. Тэд хэнд итгэхээ мэдэхээ больсон учраас ийм байдал үүссэн болов уу. Хамгийн гол нь хэн нь ард түмнээ хуурч, хэн нь үнэн ярьж буйг ялгахаа больсон. Гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Залуус ч өөр болсон. Энэ сонгуульд идэвхтэй оролцож, эх орондоо их үйлс бүтээж, ард түмнийхээ итгэл найдварыг алдахааргүй ирээдүй хойч үеэ дэмжих тийм л хүнийг сонгоно.

М.Нарантуяа: Амьдарч буй нийгмээ илүү сайхан болгохын тулд сонгуулиа өгнө

/дуучин/

-Би мэдээж сонгуулиа өгнө. Хүн бүр л үр хүүхдийнхээ ирээдүй, амьдарч буй нийгмээ өөрсдийн ахуй амьдралаа илүү сайн сайхан байгаасай гэж хүсдэг. Харин тэрхүү хүссэн нөхцлөө бүрдүүлэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл нь сонгуульдаа идэвхтэй оролцох юм гэж би бодож байна. Залуус улс төрийн идэвхтэй байх нь цаашдаа хэрхэн амьдрах вэ гэдэгтээ хувь нэмрээ оруулж байна гэсэн үг шүү дээ. Нүд нь балай, чих нь дүлий юм шиг явж явчихаад нийгэм улам бүр муудаж, амьдрал ахуй нь нөлөөлөөд ирэхээр улстөрчдийг дэмий хашгичиж, харааж зүхэх биш, өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл бүхий тэр нийгмээ цогцлоохын тулд зөв дуу хоолойгоо хүргэдэг, зөв шаардлага тавьдаг байх хэрэгтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.