Ч.Содномцэрэн:СЕХ-нд автоматжуулсан системтэй холбоотой гомдол их ирж байна

Ч.Содномцэрэн:СЕХ-нд автоматжуулсан системтэй холбоотой гомдол их ирж байна

Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн 12:00 цагийн ирцийн мэдээллийг хүргэлээ. 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. Мэдээллийн төгсгөлд СЕХ-ноос 12:00 цагийн байдлаар ирц бүрдүүлж, сонгуулиа өгсөн  иргэдэд талархал илэрхийлэв. Мөн иргэдэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг  уриаллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариуллаа.

-СЕХ-нд 12:00 цагийн байдлаар сонгуультай холбоотой зөрчлийн талаар мэдээлэл ирсэн үү. Сонгуулийн бүртгэлийн хуудсыг худалдаж авч байна гэсэн асуудал гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-СЕХ-нд ирж буй гомдол, саналын дийлэнх нь сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой мэдээлэл байна. Энэ асуудлаар бид ажиллаж, автоматжуулсан системийн  гэмтлийг засварлаж байна. Мөн цахилгаантай холбоотой гомдол ирсэн. Хан-Уул дүүргийн Яармагийн дөрвөн хэсэгт цахилгаан тасарсан асуудал үүссэн. Үүнд бид яаралтай арга хэмжээ авч, хэвийн ажиллагааг хангаж ажиллаж байна.

-Сонгуулийн дүнг ямар байдлаар зарлах вэ. 2016 оны сонгууль шиг дэлгэцээр мэдээллийг шууд дамжуулах уу?

-Энэ дэлгэцийн зориулалт нь санал авах 1983 хэсгээс ирсэн мэдээллийг шууд үзүүлж, танилцуулах юм. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар хэвлэл мэдээллийн ажилтнууд энэхүү дэлгэцээс мэдээлэл авч, шууд дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Энэ жишгээр явна.

-Бичиг үсэг тайлагдаагүй цэргүүдийг саналаа өгөхөд хажуунаас зааварлаж буй зураг сошиал ертөнцөд тархсан. Мөн Дорнод аймагт АТМ-аар мөнгө тарааж буй талаархи гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Одоогийн байдлаар энэ талаархи гомдол ирээгүй байна. хэрвээ ирвэл бид шуурхай арга хэмжээ авна. Гэхдээ яг тодорхой хэлэх хэрэгтэй. Тэр хорооны тэр хэсэгт гэж тодорхой хэлэх хэрэгтэй. Түүнээс сургаар явна гэж байхгүй. Ийм зүйлийг “Танайд байна уу” гээд аймгийн сонгуулийн хороо руу яриад байхгүй шүү дээ. Тодорхой асуудал гарвал СЕХ-доо авч хэлэлцээд хариу хэлж болно.

-Сонгогчдын овог, нэр давхцаж санал өгөөд байна гэсэн мэдээлэл байна. Үүнд СЕХ ямар тайлбар өгөх вэ?

-Сонгуулийн тухай хуульд  бүртгэлтэй холбоотой асуудлыг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна гэж заасан. Тиймээс энэ төрлийн гомдол байвал хуулиар үүрэг хүлээсэн байгууллагад хандаж болно. СЕХ-нд энэ талаар гомдол ирсэн. Ижил нэртэй иргэн их байдаг. Гэхдээ регистрийн дугаар нь дахин давтагдашгүй.

-Бүртгэлийн хуудсыг худалдаж авч явж байна гэсэн мэдээлэлд хариулт өгөхгүй юу. С.Ганбаатарын шүүх хурлын шийдвэр  мягмар гарагт гарна. Хэрвээ шүүхээс С.Ганбаатарыг шүүхээс буруутай гэж тогтоовол яах вэ. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Хоёрдугаарт, ТҮЦ машинаас нэг дор 20-30 иргэд лавлагаа авч байгаа талаархи мэдээлэл байна?

-Энэ асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол СЕХ-нд иргээгүй байна. Гомдол ирвэл авч хэлэлцэнэ.  Өнөөдөр санал авах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас ямар нэгэн сурталчилгаа явагдахгүй. Энэ талаар би өчигдөр тодорхой хэлсэн.  Нэр дэвшигчийн талаархи сайн, муу мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байх нь СЕХ, Сонгуулийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн ёс зүйтэй нийцнэ гэж үзэж байна. Гурван нэр дэвшигчийн нэгнийх нь талаар СЕХ мэдээлэл тайлбар хийхгүй.

-Санал хураалтын дүнг хэзээ эцэслэх вэ?

-Хуулиараа өнөөдөр 22:00 цагт дуусна. 1983 санал авах байрнаас 22:00 цагаас эхлэн мэдээлэл ирнэ. Мэдээгээ дамжуулахаасаа өмнө ажиглагч нарт санал тоолох машины дүн мэдээг хэвлэж өгдөг.  Үүний дараа дүн мэдээг дамжуулна.

-Зарим хэсгийн хороод 07:00 цагт санал хураалтаа эхлээгүй. Баянзүрх дүүргийн II хэсэг 07:50 цагт хаалгаа нээсэн. Үүнд тайлбар өгөөч?

-Хуульд санал авах үйл ажиллагаа 07:00 цагт эхэлнэ гэж заасан. Саналын хайрцагийг ажиглагч нарт үзүүлснээр угсарч бэлэн болгодог.  

Сонгогчдын идэвх оролцоо доогуур байгааг СЕХ хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид мэдээлэлдээ хэлсэн. ОБЕГ-ын дарга Бадралын мэдээллийг сонсч, сонгуулийн ерөнхий хорооноос үүрэг даалгавар өгсөн. Гол, ус гаталж саналаа өгөх 1900  гаруй сонгогч бий. Үүнд техник, хэрэгсэл, аврах багийг бэлэн байлгах үүрэг чиглэлийг өгсөн. Өнөөдрийн байдлаар энэ асуудалтай холбоотой бэрхшээл гараагүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.