Аж үйлдвэрийн ахмад ажилчид яамаа татан буулгахыг эсэргүүцэн яамныхаа гадна цуглаж эхэлжээ

Аж үйлдвэрийн ахмад ажилчид яамаа татан буулгахыг эсэргүүцэн яамныхаа гадна цуглаж эхэлжээ

УИХ-ын сонгуулиар ард түмний үнэмлэхүй олонхийн санал авсан МАН-ынхан ёстой л бурхангүй газрын бумба галзуурна гэгч болж буй. Хүчтэй сөрөг хүчингүй парламент бүрдүүлсэн тэд хэн хүссэнээ л албан тушаалд томилж байна. Хамгийн сонирхолтой нь МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд эсэргүүцэж, жагсаал цуглаан хийж, эрх барьж байсан АН-ынхнаас өдөр шөнөгүй шахаж шаардаж байсан УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд биш байх, мэргэжлийн бус хүмүүсээр кабинет бүрдүүлэхгүй гэх байр сууринаасаа ухарчихаад Засгийн газрын сайдыг мөнгөөр үнэлж эхэлсэн нь хачирхалтай.

Тэдгээрийн ихэнх нь УИХ-ын гишүүн байгаад ард түмэн дургүйцэж эхэлсэн бөгөөд МАН хэлсэн амандаа хүрч чадахгүй, мэргэжлийн бус мөнгөний Засгийн газар байгуулах нь хэмээн шүүмжилж эхэлжээ. УИХ-ын даргаа томилохоос эхлээд л мордохын хазгай гэгч нь болж эхэлсэн МАН-ынхан Засгийн данхагар бүтцийг багасгах биш улам бүр нэмж, улмаар иргэдийн талархалд нийцээд байсан хэд хэдэн яамыг татан буулгахаар оруулж ирсэн нь ард түмний эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.

Тодруулбал, Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчид 13 яам, 16 сайдтай танхимын бүтцийг өргөн барихдаа Аж үйлдвэрийн яамыг татан буулгахаар оруулж ирсэн юм. Импортын барааг хэт шүтэж, мантуугаа хүртэл гаднаас зөөж идэж байсан Монгол Улс сүүлийн гурван жилд Аж үйлдвэрийн яам тусдаа байгуулснаар үйлдвэрлэгчид өөрсдийн гэсэн бодлоготой болж, уналтад ороод байсан аж үйлдвэрийн салбар эргэж сэргэж эхэлсэн. АН-ын Засгийн газрын хамгийн зөв шийдвэр ч Аж үйлдвэрийн яам тусдаа байгуулсан явдал байлаа.

Үүнийг Ерөнхийлөгч хүртэл хүлээн зөвшөөрч, цаашдаа энэ яамыг ямар ч төрийн үед унагахгүйгээр хадгалж явахыг захиж байсан билээ. Гэтэл халамжийг зорилгоо болгодог МАН-ынхан үйлдвэржилтээс татгалзаж яамыг татан буулгахаар оруулж ирсэн нь ийн нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Ерөнхийлөгч ч энэхүү бүтцийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж дахин зөвшилцөхийг сануулсан билээ. Тэгвэл Аж үйлдвэрийн яам татан буугдахтай холбоотой хүнд, хөнгөн салбарынхан болон ахмад ажилчид, энэ салбарын ажилтнууд яамныхаа гадна цуглахаар болсон сурагтай.

МАН-ынхан Ерөнхийлөгчид танилцуулсан л бол болсон хэмээн яамыг шууд татан буулгах магадлал өндөр учраас олон жилийн дараа арайхийн тусдаа яамтай, өөрийн гэсэн бодлоготой, хөгжлийн зөв зам руугаа алхаж буй тэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэхээр яамныхаа гадаа цуглаж эхэлжээ. МАН-ынхан олон мянган үйлдвэрлэгчдийн итгэл рүү ус цацахгүй хэмээн тэд итгэж байгаа аж.  

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.