Г.Эрдэнэбат: Дагалдах хуулиудыг батлаагүй цагт Эрүү болон Зөрчлийн хууль хэрэгжих ямар ч боломжгүй

Г.Эрдэнэбат: Дагалдах хуулиудыг батлаагүй цагт Эрүү болон Зөрчлийн хууль хэрэгжих ямар ч боломжгүй

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль 2016 оны есдүгээр сарын 01 буюу өчигдрөөс эхлэн хэрэгжих байсан билээ. Гэвч хэд хэдэн шалтгааны улмаас хэрэгжүүлэх боломжгүй болж, хугацааг нь хойшлуулаад байгаа. Харин нийгэмд эдгээр хуулийн дагалдах хуулиудыг баталсангүй, хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангалтгүй, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор буюу улс төрийн шалтгаанаар хойшлуулсан гэх зэргээр олон янзаар тайлбарлаж байгаа. Тиймээс энэ талаар Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Эрүүгийн болон Зөрчлийн гээд таван хуулийг буцаах тухай асуудлыг хэлэлцээд, баталчихлаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрүүгийн болон Зөрчлийн хууль бол батлагдчихсан, хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа нь өнөөдөр буюу есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Гэхдээ УИХ-аас хууль батлагдаж, 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлээд үйлчилж эхлэх юм шиг байна. Хуулийн хэрэгжилт талаас нь аваад үзэхээр хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөх гурван дэг журам байдаг. Нэгдүгээрт, хууль батлагдсан өдрөөсөө эхлээд хүчин төгөлдөр болдог. Хоёрдугаарт, тухайн хууль хүчин төгөлдөр болох хугацааг заадаг. Гуравдугаарт, хүчин төгөлдөр болох хугацааг тогтоосон өөр хуулийг гаргадаг. Харин Эрүүгийн буюу Зөрчлийн хуулийн хувьд хүчин төгөлдөр болох хугацааг нь заагаад өгчихсөн. Гэтэл одоо хүчин төгөлдөр хугацааг өөрчилсөн хууль гарч байх шиг байна.

-Тэгвэл хуульчид өнөөдөр үйлдэгдсэн хэргийг хуучин хуулиараа шийдвэрлэж байгаа гэсэн үг үү?
-Нэг зовлонтой асуудал нь одоогийн байдлаар хуульчид бидний гар дээр Эрүүгийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг хэзээ гэдгийг тогтоосон хууль хэвлэгдэж гарч ирээгүй байна. Албан ёсоор хууль батлагдаад, “Төрийн мэдээллийн эмхэтгэл” сэтгүүл дээр хэвлэгдсэнээс хойш 10 хоногт хүчин төгөлдөр болж үйлчлэхээр Үндсэн хуульд заасан байдаг.

Тэгвэл одоо ямар асуудал үүсээд байна вэ гэхээр есдүгээр сарын 01 гээд Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн үйлчлэх хугацаа тоологдоод эхэлчихлээ. Харин уг хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг хойшлуулсан хууль маань хэвлэгдэж гарч ирээгүй байгаа. Тиймээс өнөөдөр үйлдэгдсэн хэргийг аль хуулиар нь шийдэх эсэх дээр ойлгомжгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

-Энэхүү ойлгомжгүй байдлыг шүүгчид хэрхэн зохицуулж байгаа бол?
-Батлагдсан хууль маань яаж хэвлэгдэж гарах нь вэ. Есдүгээр сарын 01-нээс хойш үйлдэгдсэн хэргийг өмнөх хуулиар нь шийдвэрлэх талаар шүүхийн практик тогтоох шаардлагатай болох байх даа. Түүнээс ойлгомжгүй байна гээд хууль хэрэгжүүлэх ажил зогсох ёсгүй. Үүнийг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй.

-Ийнхүү Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байгааг улс төртэй холбон тайлбарлах хүн олон байна. Тэгвэл яг одоо эдгээр хууль үнэхээр хэрэгжиж эхлэхэд бэлэн бус байгаа юм уу, эсвэл?
-Энэ хуулийг хэн хэрэгжүүлэх, ямар журмаар ажиллах, зөрчил гаргасан хүнтэй хариуцлага тооцох байцаагч ямар эрх мэдэлтэй байх, ямар эрх зүйн орчин дотор ажиллах, хүний эд хөрөнгийг хураахдаа, эрх чөлөөг нь хязгаарлахдаа ямар дэг журмаар ажиллах юм гэдэг эрх зүйн орчин бүрдэх ёстой. Тэгэхээр Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ гэж тавихдаа биш, дагалдах  хуулиудыг батлаагүй учир угаасаа Эрүүгийн болон Зөрчлийн хууль хэрэгжих ямар ч боломжгүй. Тэдгээр хуулиудыг хамтад нь нэг цаг хугацаанд хэрэгжүүлэх ёстой.

Тиймээс Засгийн газар нэгэнт хуулийг буцаасан бол дүрмээрээ Эрүүгийн болон Зөрчлийн хууль есдүгээр сарын 01-нээс хэрэгжих ямар ч боломжгүй. Учир нь Эрүүгийн болон Зөрчлийн хууль маань асуудлыг шийдвэрлэх шинэ дүрэм, журам, шинэ эрх зүйн үзэл санаа тогтоочихсон учир түүнийг хэрхэн яаж гэдгийг зохицуулсан тухай хуулиуд байхгүйгээр хэрэгжих боломжгүй.

-Зөрчлийн хууль гэхээр өмнө нь огт байгаагүй цоо шинэ хууль гараад ирлээ гэж ойлгох хүн цөөнгүй байх шиг байна. Энэ хууль өмнө нь яаж хэрэгжиж ирсэн байдаг вэ?
-УИХ-аас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хоёр хууль өмнө нь Монгол Улсад байсан эрх зүйн хэм хэмжээг шинэчилж хөгжүүлсэн хэрэг юм. Эрүүгийн хуулийг дагасан олон өөрчлөлт, шинэчлэлтүүд орсон. Мөн Эрүүгийн хуультай зайлшгүй хамт яригдах ёстой Зөрчлийн хууль нь хариуцлагын тогтолцоог шинээр төрөлжүүлэн нэгтгэх эрх зүйн хууль тогтоомжийн шинэчлэлийн ажил хийгдсэн. Энэ хуулийн суурь өмнө нь Монгол Улсад огт байгаагүй зүйл биш, байсан. Аль 1993 оноос эхэлж үйлчилж байсан Захиргааны хариуцлагын хууль маань шинэ найруулгаар буюу шинэчилсэн найруулгатайгаар батлагдаад явж байгаа. Энэхүү Зөрчлийн тухай хууль бол Монгол Улсад нийтдээ 224 хуулийн ард тус тусдаа салангид байдлаар хуульчилсан байсан хариуцлагуудыг төрөлжүүлж, нэгтгэсэн асуудал юм.

-Зөрчлүүдийг төрөлжүүлэн тусдаа хууль болгон нэгтгэх нь ямар ач холбогдолтой юм бэ. Тэртэй тэргүй хуулиудын ард салангид байдлаараа байсан зүйлийг?
-Нэгтгэхийн ач холбогдол нь ямар учиртай юм бэ гэхээр Монгол Улс олон төрлийн хуулийн хариуцлагын стандарттай болчихсон байсан. Тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хууль дээр нэг төрлийн зөрчилд хариуцлага хүлээлгэж байхад түүнтэй нэлээд ойролцоо төрлийн зөрчлийг Ойн тухай хуулиар, өөр нэг ойролцоо төрлийн зөрчлийг Байгаль орчны хамгаалах тухай хуулиар гэх мэтээр олон хууль тогтоомжийн стандарт байдаг.

Эдгээр зэрэгцээ стандартаас болоод ямар асуудал үүссэн бэ гэхээр хуулийн давхардал гэдэг зүйл бий болж эхэлсэн. Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, өөр хариуцлага тогтоосон хуулиуд гээд хоорондоо давхардах хууль маш олон гарсан. Нийтдээ 34 гэмт хэрэг, 40 гаруй зөрчил  хоорондоо давхацсан байдалтай байсан. Тиймээс эдгээр давхардлыг арилгаж, зохицуулж өгсөн.

-Хуулийн давхардал үнэхээр их гардаг байж. Тэгвэл хууль сахиулж байгаа хүмүүс аль хуулийг нь барьж тухайн хүнд хариуцлага тооцох нь дурын асуудал байдаг хэрэг үү?
-Аль хуулийг барьж хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал дээр ойлгомжгүй байдал үүсэх нь үүснэ. Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улсын Эрүүгийн хуульд баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт хуурамчаар үйлдэх нь гэмт хэрэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эх болгосон баримт бичиг хуурамчаар үйлдсэн бол тухайн хүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд заачихсан байдаг. Гэтэл манай Боловсролын тухай хуулийн хариуцлагын хэсэгт боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан бол Захиргааны хариуцлага хүлээлгэхээр заачихсан байгаа.

Энэ нөхцөл байдлаас практикт ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр дээд боловсролын диплом ашиглаад ажилд орчихсон хүнийг боловсролын хяналтын улсын байцаагч илрүүлчихээд, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү, Захиргааны хариуцлага хүлээлгэх үү гэдэг нь ойлгомжгүй болж ирэх жишээтэй. Ийм олон хийдэл, давхардал хууль тогтоомжийн системгүй байдлаас болоод олон асуудал, бэрхшээлүүд үүсч байсан.

Тиймээс бид энэ хуулиудыг төрөлжүүлэн нэгтгэж, эмхэтгэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Нэг стандарттай хариуцлагын ижил хэмжээтэй, шийтгэлийн нэг бодлоготой зөрчил гаргасан хүнд хариуцлага хүлээлгэдэг албан тушаалтан нь тодорхой, хариуцлага хүлээлгэдэг шийтгэлийн төрөл хэмжээ нь тодорхой, хариуцлага хүлээлгэдэг зөрчлийнх нь бүрэлдэхүүн шалгуур нь тодорхой байх ёстой гэж үзээд хуулийг төрөлжүүлэн нэгтгээд Зөрчлийн тухай хууль гаргасан.

Одоо бол Эрүүгийн хуульд байдаг зарчмын дагуу аливаа эрүүгийн  хэргийг шалгаж, шийдвэрлэхэд эргэлзээ төрөх, хуулийг тайлбарлахад тодорхойгүй байдал үүссэн тохиолдолд буруутгагдаж байгаа хүндээ ашигтайгаар шийдвэрлэдэг зарчмаар л явж байгаа. Өөрөөр хэлбэл, давхцал үүссэн хоёр хууль байхад буруутгагдаж байгаа хүнд нь аль хөнгөн тусах хуулиар нь шийддэг практик тогтчихсон явж байгаа.

-Хэрвээ Зөрчлийн хууль хэрэгжээд эхэлбэл манай улс хуулийн хариуцлагыг тал дээр том алхам болно гэж үзэж байгаа. Үнэхээр нийгэмд байдаг олон хариуцлагагүй байдлыг таслан зогсоож чадах болов уу?
-Энэ дөнгөж сая хийгдчихсэн ажил биш. Захиргааны хариуцлагын тухай хуулийг төрөлжүүлэн нэгтгэх ажил миний ойлгож байгаагаар 2008 оноос хойш хийгдсээр ирсэн байдаг. Тэр нь явсаар байгаад өнөөдөр Зөрчлийн тухай хууль хэмээн шинэчилсэн найруулгатай хууль гарсан. Энэ хууль үйлчилж эхэлснээр манай нийгэмд үүсээд байгаа олон хариуцлагагүй байдлыг таслан зогсоох болно. Нийгмийн хууль зүйн хариуцлагыг цэгцтэй болгоход их тустай хууль юм.

Ний нуугүй хэлэхэд, Монгол Улс хариуцлагын тал дээр их ядмаг болчихсон байсан. Тухайлбал, ямар нэгэн ноцтой гэмт хэрэг гарахаар хүмүүс ямар аюултай гэмт хэрэг гарчихав аа, энэ яагаад ийм болов гээд л тэр үйлдлийг жигшиж, буруу үйлдлийг хатуу шийтгэж, цээрлүүлэхийг шаардаж эхэлдэг. Хуулийн байгууллага ч гэнэт л ноцтой гэмт хэрэгтэнтэй тулаад эхэлдэг юм. Гэтэл тухайн гэмт хэргийн суурь дандаа ялимгүй жижиг зөрчлүүдээс эхэлсэн байдаг. Тэр зөрчлийг бид удаан хугацаанд тоохгүй явсаар байгаад, нөгөөх нь даамжирч ноцтой гэмт хэрэг болдог.

Энэ бол өөрөө гэмт хэргийн үүсдэг зүй тогтол нь юм. Гэмт хэргийн үүсэл ч гэж хэлж болно. Тухайлбал, бид модны жижиг хулгайг тоодоггүй. Нэг хүн зөвшөөрөлгүй мод бэлтгэж байхад хэн ч асуудал болгоод байдаггүй. Тэнд нэг эрх мэдэл, хүч нөлөө муутай байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч л багахан хэмжээний төгрөгөөр торгоод л яваад байдаг. Хэчнээн газар хууль бусаар мод бэлтгээд байгааг бүртгэдэггүй, хэчнээн хүнд хариуцлага тооцсон гэдгийг шалгадаггүй. Тиймээс зөрчил бүрт нь хариуцлага тооцож байна гэдгийг бид мэдэрдэггүй явсаар л байна.

Харин нөгөө мод бэлтгэдэг хүн маань энэ бизнес ашигтай юм байна гэдгийг мэдээд, амтанд нь ороод ирэхээрээ аажимдаа зохион байгуулалтад ордог. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн төвшинд өндөр зохион байгуулалттайгаар хуулийн байгууллагатай чоно, туулай болж хөөцөлдөж явсаар мод бэлтгэдэг гэмт хэрэг болохоор нь сая бид тэдэнтэй ширүүн тэмцэхийг шаарддаг.  Түүнчлэн ялимгүй жижиг гэр бүлийн хүчирхийллийг гэр бүлийн маргаан буюу “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг үгээр хаацайлж, тоохгүй хаядаг. Ийнхүү явсаар, өнөөх нь даамжирсаар хүн амины ноцтой гэмт хэрэг болохоор нь яагаад хүүхдээ алчихав аа, яагаад эхнэрээ хөнөөчихөв гэж жигшээд байдаг. Тэгвэл ингэж болохгүй.

Хэрвээ бид нийгмийн тогтолцоогоо хариуцлагатай байлгая гэвэл ноцтой гэмт хэрэг гарахаас нь өмнө таслан зогсоодог байх ёстой. Тэгвэл энэ асуудалд Зөрчлийн тухай хууль онцгой үүрэгтэй. Ийм нэгдсэн хариуцлагын тогтолцоотой байж гэмээнэ хуулийн байгууллага гэнэт аюултай, ноцтой гэмт хэрэгтэй тулах биш харин нийгэмд аюултай үзэгдлүүдийг бага дээр нь таслан зогсоож, зөрчил гаргасан хүмүүст тухай бүрт нь хариуцлага тооцож, буруу үйлдэл хийсэн гэдгийг нь ойлгуулах ёстой юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.