Засгийн газар нэн яаралтай Төрийн нууцын хуулийг оруулж ирэх хэрэгтэй

Засгийн газар нэн яаралтай Төрийн нууцын хуулийг оруулж ирэх хэрэгтэй
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ. 
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
 
-Бид Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилтийг эргээд дүгнэж үзэх хэрэгтэй.  Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг Төрийн нууцын тухай хууль, Байгууллага болон хувь хүний нууцын тухай хууль таг гацаасан. Учир нь Төрийн нууцын тухай  хуульд хэрэгтэй, хэрэггүй олон зүйлс оруулсан. Интернэтэд бэлэн байгаа зүйлүүдийг томоос нь  жижиг хүртэл төрийн нууц гээд нууцалсан. Байгууллагууд гэхэд  бүх асуудлаа нууцалдаг учраас  мэдээллийн  эрх чөлөөний тухай хууль нэмэргүй байна. Дээрх гурван хуулиа эргэж харж засч янзлахгүйгээр энэ уулийг яриад хэрэггүй. Тиймээс Засгийн газар нэн яаралтай Төрийн нууцын тухай хуулийг оруулж ир ээ.
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
 
-Надад төрийн байгууллагын дарга нь Албаны нууцын хуулийн тамгатай албан бичиг ирүүлсэн. Энэ хуулийг зөрчвөл таван жилээр шоронд суух хуулийн зохицуулалттай. Тамга дарж нуусан цалингийн мэдээллийг ярьсныхаа төлөө таван  жил шоронд суух хэрэг үү.  
 
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
 
-Өмнө нь улсын бүртгэл дээр албан байгууллагуудын  мэдээллийг  хольж солиод гэмт хэргийн нотлох баримт болгон ашиглаж байсан.  Энэ байдал одоо  өөрчлөгдсөн үү үгүй юу. Төрийн байгууллагууд мэдээллээ нууцлаад байдаг нь хулгай хийснээ л нуудаг юм байх даа. Албан байгууллагын нууцад  юу хамаарахыг энэ хуульд нэг бүрчлэн зааж өгөх хэрэгтэй. Төртэй холбогдсон бүх зүйл нууц байна гэж байхгүй.
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
 
- 2017 онд бүртгэлийн багц хуулийг батлаад нэлээд олон мэдээллийг нээлттэй болгосон. Энэ хуульд нээлттэй болгоно гэж заасан ч хэрэгжихгүй байгаа ганц заалт нь газрын тухай мэдээллийг нээлттэй болгох. Сая гаруй иргэн болон хуулийн этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийн мэдээллийг газрын албаныхан мэдээллийн санд оруулахгүй байна. Засгийн газар, Хууль зүйн яам нэлээд шахаад ажиллаад байдаг. Газрын мэдээллийг газрын албаныхан яагаад оруулахгүй байна вэ. Дөрвөн жил хууль хэрэгжүүлсэнгүй. Миний ойлгосноор ил болгохоор газрын албаны мафи ханз үсрэх гээд байх шиг байгаа юм. 
 
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
 
- Газрын мэдээлэлтэй холбоотой асуудлыг мэдээлэл хариуцагч буюу төр ил болгох үүргийг хуульчилж өгч байгаа. Энэ мэдээллийг хэн дуртай хүн нь авч үзэж болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.