Японы Засгийн газраас яаралтай хөнгөлөлттэй иенийн зээл олгохыг хүсэв

Японы Засгийн газраас яаралтай хөнгөлөлттэй иенийн зээл олгохыг хүсэв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

“COVID-19” коронавируст халдвартай тэмцэхэд улс орнуудын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг Элчин сайд Х.Кобаяши онцолж, Япон Улсын Засгийн газар яаралтай хөнгөлөлттэй иенийн зээл олгох зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Сайд Н.Энхтайван үүнд талархаад “COVID-19”-ийн улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа тул дээрх дэмжлэгийг ойрын хугацаанд олгохыг хүсэв. Мөн Японы хөрөнгө оруулалт, дэвшилтэд технологийг нэвтрүүлж, Монголын экспортыг дэмжих хүрээнд жишиг үйлдвэр байгуулах санал тавив.

Талууд Монгол, Японы харилцааг дараагийн 4 жилд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг тохирох, дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг эртнээс сайтар хангаж ажиллахаар ярилцав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг мөн энэ өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд Сайд Н.Энхтайванд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Сайд Н.Энхтайван БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд, энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн иргэдийн солилцоог дэмжих, БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах болон “COVID-19“ коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах чиглэлд БНСУ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.

Элчин сайд Ли Ё Хун хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах болон иргэд зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллахаа илэрхийлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.