Эрээний хилийн агуулахад байгаа ачаа барааг наймдугаар сард багтааж оруулж дуусгана

Эрээний хилийн агуулахад байгаа ачаа барааг наймдугаар сард багтааж оруулж дуусгана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс Замын-Үүд хилийн боомтод хэрэгжүүлж байгаа ажил, нөхцөл байдалтай танилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд боомтын ачаа барааны урсгалыг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг арилгаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг ногоон бүс болгох чиглэл өгсөн юм.

Ингэснээр  боомт дахь импорт, экспортын урсгал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байгаа байдал цэгцэрнэ гэж үзсэн. Засгийн газраас томилогдсон төлөөлөгчид тус боомтод ажиллаж хэд хэдэн асуудлыг шийджээ.

Тухайлбал, ариутгалын автомат хоёр байгууламжийг ашиглалтад оруулж, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгаж байна. Эрүүл мэндийн болон хамгааах хувцас солих цэг байгуулж жолооч нарын халдвар хамгааллыг сахиулж байна. Мөн Замын-Үүд суманд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээг зохион байгуулж, 10 хоног хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож халдварыг хумиж эхэлжээ. Замын-Үүд суманд “ковид-19” цар тахлын идэвхитэй 45 кластер байсан бол тав нь бүрэн хаагдаж, 19 кластер халдвар идэвхгүй.


Нэмэлтээр 50 вагон явуулж эхэллээ


 Эдгээр арга хэмжээний хүрээнд Эрээн,  Замын-Үүд боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнийг холбогдох албаныхан хэллээ.  Хилээр өдөрт  нэвтрэх экспортын автомашины тоо 110, импортынх 150-170  болжээ. Мөн өдөрт 50 вагоноор Эрээний хил дээр гацсан ачаа барааг Улаанбаатар руу тээвэрлэж байна.

Төмөр замын тээвэрлэлтэд Дотоодын цэргийн алба хаагчдыг дайчилж байна. Нэг вагонд 65 тонн ачаа ачдаг гэж тооцоход өдөрт 200 гаруй автомашин  ачаа хилээр нэвтэрч орж ирж байна гэсэн үг юм. Одоогоор Эрээний  хил дээр задгай талбайд барааны бөөгнөрөл, ачаатай саатсан тээврийн хэрэгсэл байхгүй. Харин агуулахад удаан хугацаанд саатсан ачааг энэ наймдугаар сард багтааж Улаанбаатар руу тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ.

Шадар сайд С.Амарсайхан эдгээр ачаа барааг наймдугаар сарын эхний 7 хоногт багтааж,  оруулж дуусгах чиглэл өглөө. Мөн тээврийн үнийг  зохиомлоор хөөргөж байгаа асуудлыг шалгаж арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.


Замын-Үүд боомтод гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгож, импортын автомашинууд саадгүй нэвтэрч байна. Тус боомтод гадаргуун  ариутгал стандартад хүрсэн, одоо гүний гаалийн ариутгалыг сайжруулбал БНХАУ-ын тал экспортын авто машины тоог нэмэх бүрэн боломж байгааг албаны хүмүүс хэлж байв. Экспортын автомашины тоог нэмэгдүүлэхийн тулд Эрээн хотын захиргаа, Онцгой комисстой яриа хэлэлцээ хийж байгааг Засгийн газраас Замын-Үүдэд томилогдсон төлөөлөгчид хэллээ. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.