Агаарын тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх талаар судална

Агаарын тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх талаар судална

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлийн талаар сайд Л.Халтар танилцуулав. Үүнтэй холбогдуулан олон улс болон орон нутагт хуваарьт нислэг үйлддэг "МИАТ" ТӨХК, "Хүннү Эйр", "Аэро Монголиа" ХХК-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх, "Чингис хаан" олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлж, ажлаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх талаар судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн даргад  даалгав.

Олон улсын нислэгийг өнгөрсөн хоёрдугаар сард зогсоосноор "МИАТ" компанийн 1370 нислэг цуцлагдсан бөгөөд 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 75 удаа тусгай үүргийн нислэг хийгээд байна. Оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ. Хэдийгээр бусдад төлөх төлбөрөө эцсийн шат хүртэл нь хойшлуулж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа танаж, хүний нөөц, цалингийн зохицуулалт хийж байгаа ч байдал хэвээр үргэлжилбэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсээд байна.

Товч мэдээ

-       Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 09-ний хооронд нээлттэй зарласан. Уралдаанд 14 уран бүтээлч 36 бүтээлээ ирүүлсэн байна. Шалгарсан бүтээлийг ойн арга хэмжээнд зориулалтын дагуу хэрэглэх, нийтэд сурталчлан таниулах, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн загварыг УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

-        Монгол хүн сансарт нисссэн болон сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойг ирэх оны гуравдугаар сард тэмдэглэхээр болов. 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ЗСБНХУ-ын сансрын нисгэгч В.Жанибеков, Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа нарын жолоодсон Союз-39 хөлөг сансарт хөөрч, Салют-6, Союз-Т4 хөлгийн багтай хамтран сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн найм хоногийн дараа эх дэлхийд газардсан юм.  Ингэснээр Монгол Улс сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн 10 дахь, судалгаа шинжилгээний багаж төхөөрөмж бэлтгэн сансарт туршсан 20 дахь, задгай сансарт хэмжилт хийсэн эхний таван орны нэг болсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.