Г.Ёндон: ОХУ ирэх сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн

Г.Ёндон: ОХУ ирэх сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн

АИ-92 авто бензиний хомстол үүссэн асуудлаар УУХҮЯ-наас 14.00 цагт мэдээлэл өглөө.

Энэ сарын 20-ны даваа гарагт нийслэлийн шатахуун түгээх станцууд АИ-92 авто бензиний борлуулалтаа зогсоосон. Цөөн шатахуун түгээх станцад тодорхой хязгаартайгаар (зарим нь зөвхөн өөрийн карттай жолоочид үйлчилнэ гэсэн бол зарим ШТС тодорхой үнийн дүнд л шатахуун худалдаж байна) худалдаж байна. 

Одоогоор иргэд, ААН-үүдийн хамгийн их хэрэглэдэг шатахуун болох АИ-92 авто бензиний нийлүүлэлт хэзээ тогтворжих нь тодорхойгүй байна.    

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ "АИ-92 шатахуун зарим шатахуун түгээх газарт худалдаалахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Тус бензиний гол нийлүүлэгч нь ОХУ юм. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаагаас АИ-92 шатахууны нөөц багассан" гэсэн юм. Хэдий нийлүүлэлт буурсан ч хангамж тасалдахгүй, үнэ өсөхгүй гэсэн нь биеллээ олсонгүй. Ц.Эрдэнэбаяр даргын хэлснээр ирэх сарын 12-ныг хүртэл шатахууны нөөцтэй байхаар байсан ч түүний хийсэн, нөөц буурсан гэх мэдэгдлээс ердөө долоо хоногийн дараа нийслэлийн шатахуун түгээх станцууд ажиллахгүй боллоо.

Иймд хэдхэн минутын дараа болох хэвлэлийн хурлаар иргэд, ААН-үүд их хэмжээгээр худалдан авч, хиймэл хомстол үүсгэлээ гэх магадлалтай байна.         

Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай улс нийт  843 660 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Төрлөөр нь ангилбал:    

А-80 - 29 408
АИ-92 - 171 216
АИ-95 - 9 270
АИ-98 - 660
Дизелийн түлш - 491 120
Онгоцны түлш ТС - 18 106
Шингэрүүлсэн шатдаг хий - 3 531
Бусад- 120 348

Хуралд УУХҮЯ-ны мэргэжилтнүүд, "М-Ойл", "Шунхлай", Петровис гэх мэт импортлогч ААН-үүдийн төлөөлөл оролцож байна. УУХҮ-ийн сайд Г.Ендон хэвлэлийн хурлыг нээн дараах мэдээллийг өглөө: 

-Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. Гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Ангарскийн үйлдвэрт засвар хийнэ.

Иймд 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн юм. Иймд бид БНХАУ-ын China oil компанитай гэрээ хийсэн. ААН-үүд гэрээгээ хийн, мөнгөө талжээ. Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байв. Гэтэл ОХУ 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдээ өчигдөр  гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэв. Учир нь улсын төмөр зам ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Хоёр улсаас шатахуун авдаг тул манай ААН-үүд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ.        

Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр бид БНХАУ-ын Элчин сайдад уламжилж, хүсэлтээ тавилаа. Сүүлийн саруудад татан авалт хэвийн байсан. Угаасаа зуны саруудад хэрэглээ өсдөг талтай. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэвэл бид импортоос бүрэн хараат улс. 2014 оноос өмнө бид ОХУ-ын талтай гэрээгүй байв. 2014 оноос төр хувийн хэвшлээ холбон гэрээ хийж эхэлсэн. Ийм төрлийн шатахууныг ийм хэмжээгээр авна гэдгээ тодорхой заасан юм. 2018 онд гэрээнд өөрчлөлт оруулж, үнээ харилцан тохирдог байсан бол шатахууны үнийг дэлхийн жишигт тохируулсан юм. ОХУ хамгийн багадаа 28 мянган тонныг нийлүүлэх үүрэгтэй. Манай яамны мэргэжилтнүүд тус улсад ажиллаж байна. Маргааш "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана.               

АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүслээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.