Б.Энхбаяр: Эрүүгийн хуулийг өөрчлөх есөн үндэслэл байна

Б.Энхбаяр: Эрүүгийн хуулийг өөрчлөх есөн үндэслэл байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийг Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүд  дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.  Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийг танилцуулсан Б.Энхбаяр гишүүн “Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах есөн үндэслэл байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчмыг хуульчилсан. Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хэн ч хэнийг гэм буруутайд тооцож  зарлахгүй гэсэн энэ зарчим нь гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, мөрдөн шалгах, гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэх бүхий л процесст эхнээс нь дуустал үйлчлэх учиртай. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.15-д гэм буруугүйд тооцох зарчмыг хуульчлахдаа “шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хуулийн этгээдийг гэм буруутайд тооцохгүй”. Мөн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэх, тайлбарахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”  гэж заасан.  Ингэж шийдвэрлэсний үндсэнд Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсвэл цагаатгах гэсэн хэлбэртэй байна. Үүнийг эрүүгийн процессын хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай  болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана. Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсвэл шүүгчдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж хуульчилсан байна.  Үндсэн хуулийн үзэл баримтлалд үндэслэн гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмуудыг бүхэлд нь дүгнэвэл нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг Монгол Улс үндэсний хууль тогтоомждоо нутагшуулсаар иржээ. Үүнийг нөгөө талаар нэг гэмгүй хүнийг хилсээр ялласанд орвол арван гэмт хэрэгтэн сулла гэдэг хэлц үгээр ч илэрхийлсэн байдаг. Товчдоо гэмт хэрэгтэнг олж илрүүлэх, гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, түүнд ял шийтгэл ногдуулах нь төрийн үндсэн чиг үүрэг.  Хэрэгтнээр өөрөөр нь  хэргийг нотлуулах, тулгах, хилс ял шийтгэхээс үргэлж зайлсхийж, тийм хэлмэгдүүлэлтийг ямар ч үед гаргаж болохгүй. Харин хуулийнхан хуулиар гадуур ажиллаж, хэн нэгнийг хэлмэгдүүлэхийг хэзээ ч, хэрхэвч зөвтгөж болохгүй.  Иймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн, дээр дурдсан Үндсэн хууль болон бусад хуулийн амин сүнсийг хамгаалахыг зорьсон” гэсэн юм. 
Хуулийн төсөлд шүүхийн анхан шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгажээ. Түүнчлэн  шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон эсвэл хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухай талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөл үүсэн тохиолдолд шүүх хэрэг хэлэлцэхийг нэг удаа 30 хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тухай нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмж, бусад үед хэргийг шүүхээс буцаахыг болиулах заалтыг тусгажээ. 
Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасныг хууль санаачлагч хэлэлцүүлгийн явдад танилцуулав. Байнгын хорооны  гишүүд хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлж, төсөл санаачлагчаас асуулт асууж тайлбарыг нь сонслоо. Ингэхдээ төслийн хэлэлцүүлгийн  явцад холбогдох байгууллагын төлөөллийг байлцуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм. 

Н.Учрал: 
-Давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэрэг буцаахгүй байхыг  зөв гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс бол  хэргийг буцаадаг байх ёстой. Тэгэхгүй бол прокуророос хэргийг шүүх рүү шууд шилжүүлж, шүүх хэргийг буцааж болохгүй учир алх цохидог. Хууль санаачлагч  анхан шатны шүүхээс хэрэг буцаах тохиолдолд 30 хоногийн хугацаа тавьжээ. Гэтэл  30 хоног  гэж хугацаа заах нь үр дүнгүй. Прокурорууд яагаад заавал хэргийг шүүх рүү шилжүүлээд байна вэ. Шаардлагатай бол хэрэгсэхгүй болгож болно. Өнөөдөр практик дээр анхан шатны шүүх дээр хэрэг хэрэгсэхгүй болж байгаа тохиолдол олон байгаа. Энэ нь прокурор ажлаа муу хийсэнтэй холбоотой.

 Ж.Сүхбаатар: 
-Бид нэг зүйлийг буруу ойлгож иржээ. Бүх шатны шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой. Гэвч  манайхан тэгж ойлгодоггүй. Давж заалдах, хяналтын шат гэдэг бол эрх зүйн үндэслэлийн талаас  хянаж байгаа болохоос  тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх гэж байгаа биш юм. Гол нь ял завшуулахгүй байхад анхаарах ёстой.

Ш.Раднаасэд:
-Энэ хуульд  давуу тал ч, сөрөг зүйл ч их бий.  Дутуу мөрдөөд ял завшуул  эсвэл дутуу мөрдөөд ялтан болго гэсэн  зарчим яваад байх шиг. Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үеэр Улсын Дээд шүүх, прокурорын байгууллагаас  төлөөлөл  байлцуул. Бидэн дунд хэрэг мөрдөж, хянаж, шүүж байсан нэг ч хүн алга, өөрөөр хэлбэл зовлонг нь мэдэхгүй. Олны анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжихгүй байх вий. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг замхраад алга болдог болох вий. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.