Б.Энх-Амгалан: Алтай руу минь дайраад байвал хэнээс ч үл эмээнэ

Б.Энх-Амгалан: Алтай руу минь дайраад байвал хэнээс ч үл эмээнэ

Манай өнөөдрийн ярилцах цагийн дугаарт УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН уригдлаа.

Таны БОАЖ сайд Уртнасанд тавьсан Асуулгын хариуг УИХ дээр сонслоо хэдэн зүйл тодруулъя? Зарим гишүүд таныг Тахийн талаар улс төржиж байна, Монголын эрх ашиг биш жалга довны эрх ашиг ярьж байна гэсэн утгатай мэдээлэл хийсэн энэ талаар? ...

Би л лав улс төржөөгүй. Өөрт нь таалагдахгүй л бол улс төржиж байна гэж мэдэгддэг аргатай болсон юм уу хаашаа юм.  Хүн төрсөн өссөн нутаг усаараа, ээж аав, эхнэр хүүхдээрээ, эх орон газар шороогоо улс төр хийж болдог юм уу? Энэ бол улстөржих сэдэв огтхон ч биш, харин нийгмийн анхаарлаас энэ асуудлыг холдуулах гэсэн түлхүүр үг, хувь улс төрчийн санаархал.

Ховдод дархан газрын захиргаа байгуулахыг эсэргүүцээд байгаа юм уу та?

Үгүй, Ховдын төвд, Алтай суманд, Байтаг багт хаана ч байгуулахыг эсэргүүцээгүй шинээр байгуулбал эх орны маань зах хязгаарт хяналт тавих, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах эзэнтэй болж байна даа аштай юу даа хэмээн алга ташин баярлана, хоёр гараа өргөөд дэмжинэ.  

Тэгээд юуг нь гол нь эсэргүүцсэн юм?

Төрийн сайд хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлээд, Төрийнхөө, засгийнхаа бодлогын эсрэг шийдвэр гаргаад байгааг л шүүмжилсэн юм.  УИХ-р батлагдсан “Алсын хараа-2050”  хөтөлбөр ( 2021-2030 зорилтын 6.1.4-т), “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван чиглэл” (УИХ 2020 6.1.1-т), “Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” (УИХ 2020 5.1.6-д) гэж төрийн бодлого зорилт тодорхойлсон бичиг баримтууд дурьдаад .... “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн нийт газар нутгийн 27 хувьд хүргэнэ....”,  “Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг тусгай хамгаалалтанд авна...” төрийн бодлогоор авч хэрэгжүүлж ажиллах гэж байна гэчихээд үүнийхээ эсрэг шийдвэр гаргаад байгааг л эсэргүүцээд байгаа юм.

Хамгаалалтын захиргааг НҮҮЛГЭХ нь хамгийн зөв хувилбар, бензин тос хэмнэнэ хамгаалалт сайжирна, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт гараад байгаа хууль бус алтны зөрчлийг таслан зогсооно, хяналт шалгалт оновчтой болно, Ховдод тус дархан цаазат газрын 65 хувь, Алтайд 35 хувь нь харъяалагддаг тул яг голд нь очиж бууя гээд ЯАМ зөв үндэслэл яриад байгаа юм биш үү?

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41-р тогтоолоор Говийн Их Дархан Цаазат Газрын (ГИДЦГ) “Б” хэсгийн  газрыг 911955.75 га талбайгаар өргөтгөж, нийт 1.835.724.94 га болгосон юм. Өргөтгөж тогтоосон нь бол Монгол төрийн бодлого, маш сайн зүйл.  Цагаан толгойн пост руу очиж ажиллахад талдаа 260 км зам туулж байна, өвөлдөө Элгэний заставаар тойрч очиход нэг талдаа 400 км тойрч очиж байна 72 цаг явж байж зорьсон газартаа хүрч байна зардал өндөр байна .... энэ үнэн. Зөвхөн энэ тоо хамгаалалт хүрэлцэхгүй байгаа юм байна, цаг алдаж байгаа юм байна,  хэтэрхий том талбай хариуцаж байгаа юм байна, явж очих гэсээр байтал хулгайн анчид, алтны нинжа нар зугтчих юм байна  ШИНЭЭР ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА НЭМЖ  байгуулах ёстой юм байна гэсэн үндэслэл, зүг чигийг зааж өгч байгаа биз дээ. Харин Тахийн талын хамгаалалтын захиргааг ТАТАН буулгаад нүүлгэх үндэслэл бол биш.

Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг байх аа!!! Ховд руу хамгаалалтын захиргаа нүүгээд оччихоор газар нутгийнх нь хэмжээ агших юм уу? Туулдаг зам нь богиносох юм уу? Байтаг багийн алтны зөрчлийг шийдчихээр Говь-Алтайд ухаад байгаа, хэрэгсүүр ухаад байгаа хууль бус алтны нинжа нарын асуудал давхар шийдэгдчих юм уу? Эсвэл Алтайд байгаа дархан газрыг бол ухаж болно гэдэг шийдвэр гарчихсан юм уу?  Хяналт шалгалт яаж оновчтой болох юм? Одоо байгаа 34 хүн харгалзаж дийлэхгүй хулгайн ан, хилийн контрбанд, хууль бус алтны нинжа нарын зөрчил Говь-Алтайн хэсэгт улам нэмэгдээд байхад 8 байгаль хамгаалагч үлдээгээд бусад нь Ховд руу нүүчихээр шийдэл нь оновчтой, хяналт нь сайн болох уу? Би тэгж бодохгүй байна.

Таны бодлоор тэгээд алийг нь зөв шийдэл гэж үзээд байгаа юм?

БОАЖ-ын сайдын тушаалаас би зөв шийдэл олж харахгүй байна үнэнээ л хэлье. Зүй нь бол ийм л юм л даа.  Ховд аймгийн Алтай сум газрыг нь олгочихсон юм байна, “Олон Улсын Тахь групп нийгэмлэг” ТББ, ХБНГУ-ын “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь төсөл” санхүүжилтийг нь гаргаад хамгаалалтын захиргааг нь бариад өгөх гэрээтэй юм байна. Цар тахалын үед улсын төсөвт дарамт ирэхгүй, боломжийг ашиглаад  дахиад л нэг шинэ ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА-тай болчих. Нэг захиргаанд харъяалагдах газар нутгийн чинь хэмжээ багасна хамгаалалтын торлог нягтарна, жинхэнэ утгаараа хамгаалалт оновчой үр дүнтэй болно хоёр аймгийн дархан цаазтай газар нутаг эзэнтэй болно ердөө л энэ шүү дээ.

Илүү зардал юм биш үү? Зэрлэг амьтадын ихэнх нь Ховдын нутагт өвөлждөг, ихэнх газар нутаг нь Ховдод байдаг гэдэг үндэслэл байгаа юм биш үү? Та болохоор худал мэдээлэл их хурлын гишүүнд өгсөн гээд байдаг?

Нэгдүгээрт: Зардал их гарч байна гээд нутгаа хаяад нүүх үү? Эсвэл Монгол төр харж дийлэхгүй юм байна гээд зарах  уу аан? Яг энэ нутагт амьд байгалийн үзэмж бүрдсэн байгалийн “ЗОО ПАРК” байдаг юм шүү дээ. 42 овгийн 135 төрлийн, 204 зүйлийн  ургамалтай, үүний 113 зүйл нь эмийн ургамал, нэн ховордсон өөр хаана ч байхгүй навчит тоорой, олон цэцэгт сухай, хонхот харгана, сибирийн хармаг, яшилдуу чацаргана, тоорой, жигд, гоёо, ортууз гэх мэт олон төрөл зүйлийн ховор ургамал зэрлэг онгоноороо байна.

Улаан номонд бүртгэгдсэн, тоо толгой нь цөөрсөн тахь, хулан, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, ёл, тас, бүргэд, хэд хэдэн зүйлийн сар, ууль бэгбаатар, атигдаахай, хулан жороо, замба зараа, тэмээн сүүлт, бамбай хоншоорт могой гэх мэт маш олон төрөл зүйлийн нэн ховордсон хэвлээр явагчид, ан амьтан, араатан жигүүртэн байна. Би зөвхөн жишээ авч байна шүү бүгдийг нь дурьдаж бол амжихгүй. 13000 хар сүүлт, 9000 гаруй хулан, 350 гаруй тахь, дэлхийд устаж байгаа ирвэс, шилүүс чинь Гүн Тамгын Ам, Тангадын харын ар, өвөр хоолой, Хөндлөнгийн өвөр, Хайрхан булаг, Тахийн шар нуруу, Тахийн ус, Тахийн тал, Таван даваа, Тоодгийн ус, Хонин Усны говь, Шал хар, Таван хайрханаар нутаглаж, энд төллөж байна шүү дээ. Ховдын нутагт бол 50 тахь байгаа байгаа. Ийм ариун дагшин газрыг эзэнгүйдүүлж болох уу? Төр бензинээ хэмнэе гэж ярьж болох уу? Хамгаалалтын Захиргааг нь татан буулгаад нүүлгэе гэж болох уу? Хараа хяналтаа сулруулж болох уу? Тэгээд хилийн бүсэд шүү!!! дэлхийд ч ийм онгон дагшин газар байхгүй шүү.

Хоёрдугаарт:   Надад өгсөн сайдын мэдээллээр Ховд аймаг, Алтай сум 745,1 мян.га буюу 40 хувь,  Говь-Алтай аймаг, Бугат сум 458,4 мян га буюу 25 хувь гэдэг тоог л нүүрэн дээрээ бариад байна л даа.

 Бодит байдлыг хэлье. БОАЖ-ын сайдын 2009 оны 75-р тушаалаар Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн (ГИДЦГ “Б” хэсэг) захиргааг байгуулж, “Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар”, “Шаргын байгалийн нөөц газар”-уудыг давхар хариуцуулж,  тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежмент, судалгаа шинжилгээ, сургалт суртачилгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах чиг үүргийг хүлээлгэжээ.

За тэгвэл эдгээр газруудын хэмжээг үзье, ГИДЦГ “Б” хэсэг Говь-Алтай Бугат сум 458.4 мян га, Говь-Алтай Тонхил сум 170,1 мян га, АХУБНГ  36400 га, ШБНГ 390.071 га нийтдээ Говь-Алтайд 1,054,971 га газрыг ГИДЦГ “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа хамгаалах чиг үүрэгтэй.  Хар л даа хаанаа их байна, 8 байгаль хамгаалагч энэ том нутаг, талбайд хүрэлцэх үү? Бодоод үз дээ, хамгаалалтын захиргаа нь нүүгээд явчихаар  машин техник, өдөр тутмын удирдлага, үүрэг даалгавар, шуурхай байдал, хяналт шалгалт оновчтой хүртээмтэй байна гэж бодож байна уу? 8 байгаль хамгаалагч хүрэлцэнэ гэж бодож байна уу? үгүй л байхгүй юу.  Энэ бол хязгаар нутгийг эзэнгүйдүүлэх бодлого, төрийн хараа хяналтыг сулруулах бодлого. Цаана нь ямар эрх ашиг байгааг би тааж мэдэшгүй.

Та Улсын их хурлын бүрэн эрхэд халдлаа, хууль зөрчлөө? Газар нутгийн нэр өөрчиллөө, үндэслэлгүй, тооцоо судлагаагүй шийдвэр гаргалаа гээд байсан? Зарим гишүүд болохоор Зүүн гарын хаант улс гэж байсан, зүүн гарын говь гэж байсан энэ нэрийг өгөх нь зөв зүйтэй гээд маргалдаад байсан?

Бас л үнэн. Буурал түүхээ сөхвөл тийм нэр байсан. Тэр ч бүү хэл Батын “Алтан Ордны улс”, Цагаадайн улс, Хүлэгүгийн “Ил хаант улс” Хубилайн Юань гүрэн гээд л  байсан шүү дээ би үгүйсгээгүй. Тэгээд яахын Их Монгол Улсын нийслэл Даду нэртэй байсан гээд Улаанбаатар хотынхоо нэрийг өөрчлөх юм уу?, Зүүн гарын хаант улсын төв гэж Ховд аймгийг зарлах юм уу? Яг одоо бидний амьдарч байгаа 21-р зуунд дэлхийн газарзүй, геодези, зурагзүй дээр, одоогийн Монгол Улсын  газрын зураг дээр, геодези, зураг зүйн газрын бүртгэл, нэгдсэн сан дээр ийм нэр байна уу л гэж шүүж лавлагаа авсан юмаа албан ёсоор бүртгэгдээгүй алга байнаа. “Говийн их дархан газар” гээд аль эрт 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн  84-р зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан газрыг “Зүүнгарын говийн дархан цаазат газар” болгоод өөрчилчихсөн нь хууль зөрчиж байгаа юм аа. Улсын их хурлын бүрэн эрхэд халдаж байгаа юм. УИХ-ын тухай хуулиас гадна ЗГ-ын тухай хууль, Геодези,  зурагзүйн тухай хууль, Захиргааны хууль, Эрүүгийн хууль, “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газарзүйн нэрийн жагсаалт батлах” тухай их хурлын тогтоол, “Нутаг орны газарзүйн нэрийг хамгаалах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гээд олон л эрх зүйн акт зөрчлөө дөө.

Алтайнхан бол Алтайн өвөр говь, Хонин усны говь л гэдэг энэ нэрийг Хавтагийн нуруу, Хөх өндрийн нуруу, Тахийн шар нуруу, Тэнгэр уулын цаана хилийн цаана байдаг Ломын говь, Номингийн говийн цаана байдаг БНХАУ-ын Шинжаань Уйгарын Лао Юэ Мяо, Сан Тан Ху, Жинан тосгоны нутаг дахь “Зүүн гарын говь” (Жунгария гэж ном зохиолд бичигдсэн) гэж газрын зураг дээр тэмдэглэгдсэн нэрийг авчраад наачихсаныг л би гайхаад байгаа юм.

Газрын нэр биш зөвхөн захиргааны нэр өөрчилсөн гээд байсан шүү дээ?

Хамгаалалтын захиргаа гэдэг нь байшин сав хэлээд байнаа даа, захиргааны нэргэдэг нь дээр хадагдах нэршил, хаягийг нь хэлээд байнаа даа, тэгвэл хаягийг нь юу гэж ч өгсөн болно ш дээ нэрэнд дуртай хүмүүсийнх нь нэрийг өгчихгүй юу Батын, Доржийн, Адилаагийн гээд... эсвэл Тахь төв, Хулан төв энэ тэр гээд өгчихгүй юу... Тусгай Хамгаалалттай, Дархан цаазтай газар нутгийн хамгаалалтын захиргааг тухайн хамгаалж байгаа тэр газрынх нь нэрээр нэрлэдэг. Богд Хан Уулын Дархан цаазат газрын..., Хан хэнтий уулын дархан цаазат газрын..., Говийн их дархан цаазат газрын.... араас нь хамгаалалтын захиргаа гэдэг биз дээ. Нэр өөрчилсөн л дөө, хуулийн өмнө цэцийн өмнө очвол шууд л тодорхой болно.

Судлагаа тооцоогүй шийдвэр гаргалаа гэдгээ тодруулаач?

Эмэгтэй хүнийх нь хувьд эх хүнийх нь хувьд би бол Уртнасан сайдыг хүндэлдэг, бидний хооронд зөрчил маргаан алга, ашиг сонирхолын зөрчил алга, хувь хүнийх нь хувьд надад тэр хүнийг буруутгах ямар ч шалтаг байхгүй, бид нэг намынх улс төржих ч шалтгаан алга. Тамга барьсан төрийн сайдынх нь хувьд, Байгаль орчин нутаг усаа хамгаалах төрийн бодлого тодорхойлогчийнх нь хувиар бол би буруутгаж байгаа юм.

Яагаад шийдвэр гаргахдаа тэр бүс нутагт гардаг хилийн зөрчил, хилийн бүсээр хийгддэг контрбанд, хууль бус алтны нинжа нарын дархан цаазтай газарт алт олборлоод байгаа мэдээ сэлт, хууль бус анчидын асуудал, гадна дотны доншуучид сэлгүүцэж уул уурхайн өрөм тавиад байгаа асуудал, 140 гаруй уурхайн лиценз Алтайд олгогдсон асуудал, Мазуншань-Нарансэвстэйн хилийг нээх, хилийн бүсээр хятадын талаас зардлыг нь даагаад зам тавьж уул уурхайд хамтарч ажиллах тухай асуудал, Талын мэлтэс, Алтайн баялгийг зөөх, ухах холын бодол, алсын сонирхолтой бүлэглэлийн эрх ашиг гээд хоорондоо холбоотой олон олон  асуудлыг судалж авч  үзээгүйд л би харамсаад байгаа юм. Өмнө нь спиртийн наймаачдын хэрэн тэнүүлчилж хил зөрчдөг байсан бүс шүү дээ,  лавлагаагаар тэр хулгай нарын нэрсийн жагсаалтыг авч үзвэл эх орон гэж цээжээ дэлдээд байгаа их сонин содон хүмүүсийн нэрс хөвөрнө, тэр малын хулгайчид, тэр хил давсан махны наймаачид, тэр хууль хяналт, хил, гаалийнханы мафийн сүлжээг судалж үзээд шийдвэрээ гаргасан бол Алтайн ард түмний, зохиолч сэтгүүлчдийн, нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийн уур бухимдалыг төрүүлэхгүй байх байсан юм. Төрийн сайдын шийдвэр тооцоо судлагаагүй, хууль зөрчиж  гарсанд л харамсаад байгаа юм. Өмнө нь яригддаг байсан шүү дээ хонгилынхон гэж ... тэрүүн шиг ашиг сонирхолын бүлэглэлд үйлчилж байна гэж би ойлгохгүй байгаа, доод дунд шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчид буруу мэдээллээр сайдыгаа хангасан байлгүй дээ л гэж бодлоо. Хоноцын сэтгэлтэй төрийн зарим албан хаагч байхад, нутаг сэтгэлтэй нутаг амьтай өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид байгаа гэдэгт би итгэдэг, тийм хүмүүсийг нь хөдөө орон нутагт нь тавьж ажиллуулах хэрэгтэй. В.В Путин нэг удаа Английн сэтгүүлчийн баруунд таныг Гитлер, Путлёр гэж дарангуйлагчтай зүйрлэж нэрлэж байна гэтэл.... “ОХУ-ын язгуур эрх ашиг буюу бидний эрхэмлэж явдаг улаан шугамыг даваад ороод ирвэл Путин хэн ч болж болно”... гэж итгэлтэй хариулсан байдаг юм. Энэ асуудал бол зөвхөн Алтайн асуудал биш нийт Монголын язгуур эрх ашиг юм шүү. Амь өгсөн Алтай руу маань дайраад байвал хэн ч болж болно, хэнээс үл эмээнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.