Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.
Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан,
-Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонины цэцэг, үхрийн арьс товруутах өвчин оношлогдоод байгаа аймгуудын нутаг дэвсгэрт өвчнийг бүрэн хяналтад авах, устгах, тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Аймаг, сумын бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг хангалтгүй бэлтгэсэн Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Увс аймаг өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлтээ шуурхай зохион байгуулахыг эдгээр аймгийн бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний тархалт их байгаатай холбогдуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгав.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.