Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар сонсгол хийх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр нийтийн сонсголыг хэн нэгний эрх ашигт нийцүүлэхгүйгээр явуулах, үр дүн ямар байх зэрэгт гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Гэмгүй хүнийг нийтийн өмнө авчирч гоочлоод нүүр хийх газаргүй болгодог. Эсвэл ёсзүйн зөрчлийг нь ярьсаар байтал дэмжээд явуулдаг байдлыг хэрхэн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн парламентыг үл хүндэтгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх зохицуулалт орж ирснийг хуульч О.Мөнхсайхан хэллээ. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдаан болон сонсголын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тайлбар ирүүлээгүй, дэг зөрчсөн,санаатайгаар худал мэдээлэл өгсөн зэрэг үйлдэлд торгох шийтгэл оногдуулахаар хуульд тусгажээ. Өмнө нь ийм хариуцлагын механизм байгаагүй бөгөөд энэ нь гишүүдийг илүү хариуцлагатай болгоно гэж үзжээ. Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар энэ сарын 30-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулахаар болов. Нээлттэй сонсголтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын байр суурийг хүргэе.
Г.Занданшатар: ПАРЛАМЕНТААС ТОМИЛДОГ АЛБАН ТУШААЛТНЫГ БҮГДИЙГ НЬ НИЙТИЙН СОНСГОЛООР ОРУУЛНА
-Анх нээлттэй сонсголын журмыг баталж байхад мөрдөн шалгах нээлттэй сонсголыг Үндсэн хуульд нийцэхгүй гэх шалтгаанаар журмаас хассан. Тиймээс одоогоор нээлттэй сонсгол зөвхөн мэдээлэл цуглуулах нь давамгайлсан. Энэ нь шүүлтүүрийн хэлбэр болохоос хүмүүсийн болгоомжлоод байгаа шиг нээлттэй сонсголын шийдвэр гарахгүй байгаа. Үүн дээр үндэслэж гишүүд дэмжих, дэмжихгүйгээ шийддэг. Ёс суртахуун, хэрэг зөрчил, шаардлагатай бүх мэдээллийг авахгүйгээр харанхуйгаар дэмждэг байсан. Харин нээлттэй сонсгол хүмүүсийн мэдэх эрхийг хангаж байна. Цаашид улам чангаруулна. Сулрууллаа гэхэд эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Өмнө нь УИХ-ын дарга УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг нэр дэвшүүлсэн бол заавал томилогддог байсан. Энэ жилээс эхлэн бүгдийг нь нээлттэй сонсголоор оруулна. Захын хүнийг халааснаасаа гаргаж ирээд томилдог байсан асуудал халагдсан. УИХ-аас хүний эрхийн үндэсний комисс, шүүхийн албан тушаалтнуудыг томилж байна. Гэтэл зөвшилцдөг албан тушаалтнууд дээр нээлттэй сонсголыг харгалзах үзэх шаардлага гарах уу. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нээлттэй сонсгол явуулна. Дурын асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болохгүй. 19 гишүүн гарын үсэг зураад хяналт шалгалтын түр хороо байгуулсан практик өнгөрсөн 30 жилд бараг гараагүй.
С.Бямбацогт: ХУУЛЬ ШҮҮХИЙН АСУУДАЛД ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОХ НЬ ЗОХИМЖГҮЙ
-Бидний өргөн барьсан төслийн 25.3 дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хяналтын сонсгол явуулахыг хориглоно гэсэн заалт байсан. Энэ заалтыг хасчээ. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага оролцох нь зохимжгүй гэх үндэслэлээр энэ заалтыг оруулж ирсэн байсан. Байнгын хороон дээр зайлшгүй асуудал Эрүүгийн хэрэг үүссэн гэх шалтгаанаар нуугаад хэлэлцэхгүй байх вий гэх үндэслэл мөн яригдаж байсан.
Төрийн хяналт шалгалт нэрийдлээр албан тушаалтнууд хуулийг завхруулж, иргэдийг айлган сүрдүүлж, дарамталж авлига авдаг. Тиймээс төрийн дунд шатанд хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэгт УИХ хяналтаа сайн тавих ёстой. Тухайлбал, утааны асуудал байна. Утаатай тэмцэх гэж хичнээн олон жил ярилаа. Хоёр жилийн өмнө УИХ, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа нь анхаарсан. Үүний хүчинд тодорхой хэмжээний үр дүн гарсан. Гэтэл өнөөдөр төрийн хууль бодлого хэрэгжихгүйн улмаас эргээд бид утаан дундаа амьдарч байна. Энэ бол ард иргэд, хувийн хэвшлийн буруу биш. Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнуудын буруу. Үүнийг бид яагаад шахаж шаардаж болохгүй гэж. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх хугацааг ердийн журмаар хэлэлцмээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.16 ПҮРЭВ № 246 (6723)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.