"Оюу толгой" төслийн Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.доллларын өрийг тэглэх тогтоолыг эцэслэн батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар, Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улмаар УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлав.  

Тогтоолын төслийн 1.4 дэх хэсэгт, “Оюу толгой” ХХК-д хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх” гэж нэмэхийг дэмжих саналын томъёоллоор санал хураахад дэмжигдлээ. Мөн найруулгын шинжтэй өөр нэгэн саналын томъёоллоор санал хураахад 75.5 хувийн саналаар дэмжигдсэн юм. 

Дараа нь “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, 74.1 хувийн дэмжсэн саналаар тус тогтоол батлагдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Оюу толгой ХХК-д хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээд нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй гэсэн заалт оруулсан байна. Гүний уурхай ашиглалтад ороход аж ахуйн нэгжүүд зээл авахад хаалттай болох нь гэж ойлгож байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу толгой компанид анхны хөрөнгө оруулалт хийсний дараа үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлээд явахаар заасан байдаг. Одоо гуравдагч этгээдийн тухай яривал 2051 он болно.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Монголын ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу үгүй юу. Анхны хэлцлээр 2023 оноос хүртэх ёстой гэж байсан. Дубайн гэрээгээр хугацаанд өөрчлөлт орж 2037 он болсон гэсэн. Одоо Дубайн гэрээ хүчингүй болчихлоо. Рио Тинто "Оюу толгой"-н 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэхээр боллоо. Тэгэхээр бидний ногдол ашиг хүртэх хугацаа наашлах уу?

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн: Ногдол ашиг хойшлуулсан асуудал бол Дубайн гэрээний 4.1 тэрбум ам.долларын зээлтэй холбоотой шүү дээ. 2023 он байсныг 2037 он болгосон. Хэлэлцээрийн явцад 4.1 тэрбум ам.долларын зээлийн өрийг яах вэ гэдгээс л шалтгаална. Манайх ашиглаагүй гэж үзэн аудитын дүгнэлтээр зээлүүдээс тэглэх боломж гарвал ногдол ашиг хүртэх боломж нь наашилна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.