Д.Ганбат: Хөгжлийн банк маш том луйврын систем болсон

Д.Ганбат: Хөгжлийн банк маш том луйврын систем болсон

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хөгжлийн банк үүсгэн байгуулагдаад 10 гаруй жил болжээ. Энэ хугацаанд Хөгжлийн банк маш том луйврын систем болсон байна. Анх байгуулагдахдаа Монгол Улсыг хөгжүүлэх, том төслийг санхүүжүүлэх зорилготойгоор гадны менежментийг оруулж ирсэн. Одоо 3.2 их наяд төгрөгийн зээлтэй үүний 55 хувь чанаргүй, муу зээл байна. Манай улс зүүн ход Азийн хамгийн ядуу улсын нэг болсон. Хэрэв халамж зогсох л юм бол хоёр хүний нэг нь ядуу болох нь. Ард түмний амьдрал тэсэхүйеэ бэрх байна. Хөгжлийн банкны луйврын системтэй тэмцэж гаргаж тавьж байгаа сэтгүүлчдийг дэмжиж байгаа. Үүнд талархаж байна. Хэдийгээр ямар санхүүжилтээр яаж хийсэн нь тодорхойгүй боловч ингэж гаргаж тавьж байгаа нь зөв юм.

Засгийн газар энэ хүмүүстэй тэмцэх ёстой. 2011 онд байгуулагдаад 2012 онд Алтанхуягийн Засгийн газар уламжилж аваад явсан. Хэд хэдэн алдаатай зүйл байсан. Үүнийг 2015 онд УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг шалгасан. 2016 онд бидэнд дүн тавьсан. Үүнд Хөгжлийн банкийг яаж удирдсан асуудал нөлөөлсөн байх. Үүнээс хойш эрх баригч нам үнэмлэхүй олонхоор зургаан жил засагласан. Энэ хугацаанд Засгийн газар юу хийж байсан юм бэ. Сэтгүүлчид үүнийг мэдэгдэж ил гаргах үүрэгтэй болохоос биш, тэмцэж чадахгүй. АТГ, цагдаа, прокурор, шүүх ажлаа хийх ёстой. Гэтэл ажлын хэсгийн ахлагч нь энэ шалгаж байсан материал гээд хоёр боодол баримт авч ирж өгч байх жишээтэй. Бараг зургаан жил дарж байсан уу? Ингэж болохгүй. Энэ дуулианаар хүмүүс зээлээ төлж байна гэнэ. Гэвч тэр нь 30, 40 тэрбум төгрөг. Энэ бол 1.8 тэрбум төгрөгийн хажууд маш жижиг зүйл. Ийм маягаар явсаар байвал Хөгжлийн банк улам том луйврын систем болох аюултай байна. Тиймээс миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Хянан шалгах түр хороо байгуулах уриалга гаргаж байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.