Парламент хэмнэлтийн эсрэг кноп дарав

Парламент хэмнэлтийн эсрэг кноп дарав

Засгийн газар төсвийн тодотголд санал өгөхдөө дөрвөн багц асуудлаар төрийн хэмнэлтийг хийх хуулийн төсөл өргөн барьсан. Гэтэл УИХ-ын гишүүд хуулийн төслийг батлах мөчид хэмнэлтийн эсрэг кноп дарав. Тодруулбал, орлогч, дэд дарга нарын албан тушаалыг хадгалж үлдлээ. Мөн Засгийн газраас Хотын дарга хоёр орлогчтой байх хуулийн төсөл оруулж ирснийг унагааж дөрөв болгож, аймаг, дүүргийн дарга нэг орлогчтой байх гэснийг хоёр болгож  нэмлээ. Өөрөөр хэлбэл, дэд дарга, агентлагын орлогч нар,  тэдний туслах зэрэг 200 орон тоог цомхотгож, тэрбум төгрөгийн хэмнэлт хийх Засгийн газрын төслийг УИХ-ын чуулганаар өөрчилж, эсрэгээрээ орон тоонууд нэмэв. Мөн төрийн өмчийн 37 компанийг нээлттэй болгож, 20-г татан буулгахыг дэмжсэнгүй.

 

Ш.Адьшаа:

-Төрийн хэм­нэлтийн хуулийн хү­рээнд төрийн өмчит ком­па­ниудын засаг­лалыг сайжруулах асуудал хөндөгдсөн. Энэ  маш зөв. Гэхдээ хувьчлах компаниудын жагсаалтад төрийн өмчит  эрчим хүчний компаниуд багтжээ. Үүнийг дэмжихгүй байна. Төрийн өмчийн дулаан, цахилгааны станцуудыг хувьчлах нь ард түмнийг хохироож байгаагаас өөрцгүй. Тухайлбал, олон жилийн өмнө Ховд аймгийн дулааны цахилгаан станцыг дотоод шугам сүлжээтэй нь хамт хувьчилсан. Орон нутгийн удирдлага болон ард иргэдээс хувьчилж авсан компанид асуудлаа тайлбарлахаар “20 тэрбум төгрөг өгөөд, дулааны цахилгаан станцаа буцааж ав” гэж хэлдэг.

 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Эрчим хүчнээс гадна нийтдээ 37 төрийн өмчит компанид бүт­цийн өөрчлөлт хийнэ. Үүнийг маш олон жил ярьсан. Яагаад олон нийтийн хяналтад орохоос айгаад байдаг юм бэ.  Олон улсын чиг хандлага ийм л байна. Засаглал сайжирч, хэмнэлтийн горимд шилжинэ. Үр ашиггүй хөрөнгө оруулалтууд багасна. 37 компаниас 11 нь эрчим хүчний салбарын төрийн өмчит үйлдвэрийн газар. Үүнээс хоёрыг нь үлдээгээд, эрчим хүчний есөн компанийн 34 хүртэл хувьд IPO гаргана. Засгийн газар сүүлийн жил гаруй хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газруудын эдийн засгийн бүтцэд томоохон судалгаа хийсэн. Ер нь гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ. Стратегийн хувьд цаашид 100 хувь төрийн өмчит байх шаардлагатай ААН-үүдэд “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, мөн цахилгаан станцууд орно. 37 компанид бүтцийн өөрчлөлт хийснээр 66-аас доошгүй хувьд нь төр өөрөө хяналтаа тавина. Биржээр дамжуулж хувьцаа эзэмшигчдийн хяналтад оруулна. Мөн 20 гаруй компанийг татан буулгах, нийлүүлэх, худалдах буюу төр өөрөө авч явах шаардлагагүй ААН-ийн жагсаалтыг гаргасан.

 

Ц.Туваан:

-Хүнс, барааны үнийн өсөлт замаа алдсан. Төсвийн төсөөлөл дээр цалинг хэрхэн оруулж ирсэн бэ. LRT төсөл дээр төсвөөс мөнгө гаргаж болоод байх шиг байна. Харин иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлыг шийдэхгүй бол иргэд ядуусын эгнээ рүү бөөн бөөнөөрөө орж байна.

 

Д.Өнөрболор:

-Төсвийн байнгын хороо 2022 оны дөрөв­дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаа­наараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуул­ганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй.

 

Ж.Сүхбаатар:

-400-гаас дээш хүнтэй агентлаг орлогч даргатай байж болно гэсэн заалтыг  дэм­жихгүй. Би ЗГХЭГ-ын тэр­гүүн дэд даргаар 16 жи­лийн өмнө ажиллаж бай­сан. Тухайн үед ЗГХЭГ-ын үндсэн орон тоо 92 байсан санагдаж байна. Ингээд бодоод үзэхэд 100-гаас дээш хүнтэй агентлаг бас л нүсэр. 100 хүнтэй байхад л гурван дэд даргатай байсан. 100-аас дээш хүнтэй газар асуудал их үүсдэг. Агентлагууд дотоод, гадаад чиг үүрэг хэрэгжүүлдэг. Гадаад хамтын ажиллагаа их өндөртэй. Гаднын хүмүүс ирэхэд тамгын газрын даргатай уулзахгүй орлогч, дэд даргатай уулзах сонирхолтой байдаг. Олон улсад ч ийм л байдаг. 10-20 хүнтэй газар дэд дарга хэрэггүй. 400-гаас дээш гэвэл хэдхэн агентлагуудад зориулагдана. Тиймээс 400 гэхгүйгээр 100-гаас дээш хүнтэй агентлаг орлогч даргатай байхыг дэмжиж байна.

 

Ч.Хүрэлбаатар:

-100, 400 гэсэн хоёр тоо яригдаж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг нээлттэй ажилласан. 100-гаас дээш хүнтэй агентлаг орлогч даргатай байх санал байнгын хороон дээр дэмжигдсэн. Нөгөө талдаа Засгийн газар хэмнэлтийн бодлогоо гаргаад, орлогч даргагүй явах хатуу бодлого барьж байгаа. Энэ хоёрын дунд ярьж байгаад 400 гэсэн тоо гаргаж ирсэн. 100, 400 хоёрын дунд дахин нэг хувилбар гаргаж ярьж болно шүү. 100 гэдэг нь учиргүй мэргэн тоо биш. Энэ хоёр тоо хэрэв унавал Засгийн газрын огт орлогч даргагүй байх хувилбараар явах эрсдэлтэй.

 

М.Оюунчимэг:

 “Нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг бүрдүүлдэг гэр хорооллын иргэдийг нүхэн жорлон, яндангаас салгаж, амьдрах нөхцөлийг сайжруулахыг зорьж байгаа. Гэтэл төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр уг асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Тиймээс гишүүдээс энэхүү саналыг дэмжиж өгөхийг хүсэж байна

Т.Доржханд:

Анх удаа микрофоноо шидэж, хурал хаялаа. Энэ парламентад олон залуус орсон учир өөрчлөлт гарах болов уу гэж их найдаж байв. Урам хугарч, дургүй хүрч байна. Үр дүн гарахгүй бол ингэн ингэн парламентын суудал бөглөж, чихэртэй цай ууж суух шаардлага байна уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 86 (6818)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.