С.Амарсайхан: Засгийн газрын шийдвэр бүх шатанд ямар нэгэн хийдэл, гажуудалгүй хэрэгжих ёстой

С.Амарсайхан: Засгийн газрын шийдвэр бүх шатанд ямар нэгэн хийдэл, гажуудалгүй хэрэгжих ёстой

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та халаа сэлгээний асуудалд их болгоомжтой ханддаг улстөрч.  Өмнө нь Хотын даргаар ажиллаж байхдаа ч энэ тухай мэдэгдэж байсан.   Сая МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон байна.  Ер нь энэ асуудалд өөр арга байсангүй юу?

-Төрийн ажлын бүх шатанд хариуцлага, хяналт, ажлын уялдаа холбоо нэн чухал байдаг.  Засгийн газар нь дээд түвшиндөө хичнээн зөв, оновчтой шийдвэр гаргасан ч тэр шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй дунд, доод шатны албан тушаалтнууд мэргэжлийн түвшинд зохион байгуулалт сайтай ажиллаж чадахгүй, ажил үүргийнхээ гүйцэтгэлд анхаарахгүй бол ямар ч үр дүн гарахгүй байна.  Өөрөөр хэлбэл,  Засгийн газрын шийдвэрийн үр дүн шууд тэр хүмүүсээс шалтгаалж байгаа юм.  Тийм учраас төрийн албаны дунд, доод шатны албан тушаалтнуудын ажлын гүйцэтгэл, ажилдаа хандах хандлага, мэргэжлийн байх зэрэгт онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж, шийдвэр гаргасан.   Зөвхөн МХЕГ,  махны асуудлыг онцлоод байгаа юм биш. Төрийн албанд ур чадвар өндөртэй, мэргэжлийн, ажилдаа сэтгэл зүтгэлтэй ханддаг мянга мянган алба хаагч бий.  Гэхдээ энэ салбарт улс төрийн шалтгаанаар албан тушаалд томилогдсон,  тэгээд томилогдсон албандаа эзний ёсоор хандаж чаддаггүй хүмүүс байна.  Өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, хэрэгжилтийг хянадаггүй.  Үүнээс болоод нийгэмд хүндрэлтэй асуудал гарсан.  Махны асуудал өөрөө хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндтэй шууд холбогддог чухал салбар шүү дээ.  Тэгэхээр энэ асуудалд эзний ёсоор хандахгүй байгаа албан тушаалтнуудад ажлын хариуцлага тооцохоос өөр аргагүй.

-Цаашид энэ асуудалд Шадар сайдын хувьд хэрхэн анхаарч ажиллах вэ.  Зөвхөн хоёр албан тушаалтанд хариуцлага тооцоод  өнгөрөх юм уу?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад тодорхой үүрэг өгсөн. Хариуцлага алдсан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооц гэж хэлсэн.  Алдаа гаргасан хүмүүсийг зүгээр чөлөөлөөд өнгөрч болохгүй.  Ямар алдаа гаргасан түүнд нь зохих хариуцлагыг хууль журмын дагуу үүрүүлэх ёстой.  Хоёрдугаарт, энэ бол нэгийг нь халаад нөгөөг нь томилох тухай нэг хүний албан тушаалын асуудал огт биш. Ажлаас нь чөлөөлсөн бол оронд нь чадвартай, мэргэжлийн, тухайн албан тушаалын хэмжээнд бэлтгэгдсэн хүн томилох ёстой.  Аливаа зүйлд чадвар, туршлага дутаж болно.  Гэхдээ төрийн ч бай, хувийн ч бай ямар нэгэн ажилд сэтгэл зүтгэл, зөв хандлагатай байж ажил явна.  Ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд маань бусад салбартаа үлгэр дуурайлал болох хэмжээний мэргэжлийн байх хэрэгтэй.

-Засгийн газраас махны экспортыг тодорхой хугацаанд зогсоосон гэж сонссон.  Гэтэл бид мах махан бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах  нь чухал байна.  Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Махны экспортод тодорхой хэмжээний хяналт тавьснаас биш шууд зогсоосон асуудал байхгүй.  Хүйтэн хэлхээний аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг экспортлосон хэвээр байна.  Харин дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдтэй холбоотой асуудал хөндөгдсөн учраас бид хяналт шалгалтын ажлыг хийсэн.  Улмаар шаардлага хангахгүй, экспортын бэлтгэлгүй үйлдвэрүүдэд хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь 2023 оны  нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоогоод байна.  Цаашид экспортын зөвшөөрөлтэй, стандарт, аюулгүй байдлыг хангасан мах махан бүтээгдэхүүнийг гадагш гаргах асуудал нээлттэй.   Энэ салбарт өөрсдийн хөрөнгө мөнгөө зарцуулж, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа  эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн ажлыг ганц асуудал дэгдсэнээр шалтгаалж, түгжээд байх нь утгагүй. Анх Засгийн газрын шийдвэр гаргахдаа ч шаардлага хангасан, бэлэн болсон мах махан бүтээгдэхүүнд ямар нэгэн хориг тавихгүй гэж гарсан.

-Шадар сайдын ажлын албанд улс орны аж амьдралтай холбоотой олон чухал асуудал харьяалагддаг.  Өнгөрсөн хоёр жил цар тахлаас шалтгаалж, нэлээд бужигнаантай байсан байх?

-Тэгэлгүй яахав. Шадар сайдын ажил авсан цагаас хойш л цар тахалтай байлаа. Монгол Улсын эгэл жирийн иргэнээс эхлээд төр засгийн байгууллагын хэмжээнд бүгд л энэ өвчний эсрэг тэмцсэн.  Бид тодорхой үр дүнтэй даван туулсан гэж ойлгож байна. Яагаад гэвэл, өнөөдөр бүх салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.  Монголчууд баяр наадмаа ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, амар тайван орчинд  тэмдэглэн өнгөрүүллээ. Гэхдээ цаашид ямар хүндрэл, эрсдэл үүсэхийг хэлж мэдэхгүй.  Ковидын халдвар гэдэг өөрөө их онцлогтой юм.  Хувь хүн, тэдний оролцоо, хариуцлагаас их шалтгаалдаг.  Тэгэхээр хүн бүр өөр өөрсдийн хэмжээнд хариуцлагатай байж чадвал, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна. Шадар сайдын хувьд олон салбарын үйл ажиллагааг зангидаж, уялдаа холбоог хангаж ажиллах үүрэг хүлээдэг. Мөн Засгийн газраас гаргасан тушаал шийдвэрт өөрсдийн хэмжээнд хяналт тавина.   Яг одоогоор хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс эхлээд малчид тариаланчдын аж амьдралтай холбоотой төрийн зохицуулалтыг хийж, ажиллаж байна.

-Өөр өөр чиг үүргийн олон газрын үйл ажиллагааг зангидаж, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд Шадар сайд нэлээд голлож ажилладаг. Өмнөх Шадар сайдуудын хувьд ч өөр өөрийн гэсэн арга барилтай байсан.  С.Амарсайханы хувьд  ямар зарчим баримталж байна вэ?

-Би төрийн ажил ямагт урагшлах ёстой гэсэн зарчимтай байдаг.  Засгийн газрын бодлого шийдвэрүүд бүх шатанд ямар нэгэн хийдэл, гажуудалгүйгээр хэрэгжих нь чухал. Хууль тогтоомжийн хэрэгжилт аль ч салбарт хангагдаж байх ёстой.  Мөн аливаа асуудлыг зөвхөн төрийн өмнөөс биш иргэд, аж ахуй нэгжийнхээ бодол санааг сонсож тэдэнтэйгээ хамтарч шийдэхийг хичээж байна.

-Энэ жилийн баяр наадам сайхан боллоо.  Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны даргаар ажилласан хүний хувьд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Наадам гэдэг бол монголчууд бидний дархлаа юм.  Төрт ёсны эв нэгдэл, түүх, өв соёл, уламжлал зэрэг олон үнэт зүйлсийг нэгтгэж ирсэн баяр.   Тийм ч учраас монгол түмэн маань жил бүр баяр наадмаа хийдэг, хүлээдэг, наадмаараа гоёдог. Тэндээсээ их гоё эрч хүч, бахархлыг авдаг.  Үүнтэй адил энэ жил ч  түмэн  олон маань их сайхан наадлаа.  Цар тахлаас шалтгаалж  баяр наадмын үйл ажиллагаа хоёр жил өнжсөн болохоор олон нийтийн дунд ч хүлээлт өндөр байсан.  Тэр хүлээлтэд хүрч наадсан гэж миний хувьд баяртай байна.  Баяр наадмын хаалт болж, саяхан нүүдэлчдийн өв соёлын наадмаа мөн хийлээ.  Монгол хүний язгуурын энэ наадам маань түүх соёлоо таниулахаас эхлээд аялал жуулчлалаа эдийн засгийн эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой.  Цаашлаад монгол хүн монголоороо байх  дархлааг бий болгох, тусгаар тогтнолын үндэс суурь болсон энэ өв соёлоо өөрөө өөрсдөө үнэт зүйл болгон тээдэг байх энэ ухамсар, хандлагыг залуу хойч үедээ үлгэрлэн таниулж, өвлүүлэх өндөр ач холбогдолтой наадам болсон.

-Зарим хүн наадамд их дургүй болжээ.  Төсөв мөнгө үрлээ, цацлаа гээд л. “No naadam” гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөж байв. Ер нь монгол хүн баяр наадмаа эсэргүүцэх нь хэр зохимжтой юм бэ.  Энэ талаар таны бодол?

-Монгол наадам гэдэг монголчууд бидний оршин тогтнох үндэс, эв нэгдлийн голомт юм шүү дээ. Үүнийг л бодох хэрэгтэй.  Аливаа үйл ажиллагаанд мэдээж зардал мөнгө гарна. Гэхдээ бид аль болох зардлаа хэмнэж, мэргэжлийн байгууллагуудад нь даалгах замаар зохион байгуулдаг болох хэрэгтэй. Цаашид ч  зах зээл, эдийн засгийн агуулгаар нь аж ахуй нэгжүүдийнхээ оролцоон дээр тулгуурлан хөгжүүлэх зохион байгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Түүнээс биш баяр наадам бүхнийг төр засгаас зохион байгуулаад, гардаж оролцоод байх шаардлагагүй.  Хийж чаддаг урлаг соёл, аялал жуулчлал, спортын байгууллагуудад нь даатгах хэрэгтэй. Гэхдээ үндэсний гэх утга агуулгыг нь алдагдуулахгүй, ач холбогдлыг нь өндөр байлгахын тулд төр зөвхөн нэгдсэн бодлогоор л зангидах ёстой юм. 

-Наадмын дараа намар гэдэг.  Саяхан та өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцсан байна.   Хэд хэдэн аймагт зудын эрсдэлтэй гэж дүгнэлт гарчээ.  Ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Өнгөрсөн жилийн өвөл, хавар харьцангуй өнтэй дулаахан байлаа.   Харин энэ жил баруун таван аймаг, Өмнөговь,  Дундговь гэсэн аймагт зуншлага тааруу байгаа.  Үүнийгээ дагаад өвөлжилт, хаваржилт хүндэрч магадгүй байна. Тийм учраас аймаг орон нутгийн удирдлагуудаас эхлээд малчин өрхүүд маань бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Бүх зүйлийг  төр засгаас бэлдээд өгөөд байх боломж байхгүй. Өнгөрсөн жилээс  эхлээд өвс тэжээлийн нөөцөөс эхлээд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг орон нутгийн удирдлагуудад нь шууд хариуцуулдаг болсон.  Энэ жил ч тэр зарчмаараа явна.  Тэгэхээр энэ асуудалд тухайн орон нутагт нь ажиллаж байгаа хүмүүсийн оролцоо, ажилдаа хандах хандлага их чухал байна.  Мөн малчин өрхүүд тодорхой эрсдлийг тооцож, үнэлэлт дүгнэлт өгч бэлтгэл базаах хэрэгтэй.  Миний хувьд энэ долоо хоногт мөн ХХААХҮЯ-нд ажиллаж салбарын асуудлуудтай танилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа.

-Улаанбаатар хотын хувьд түлш, эрчим хүчний салбарт нэлээд асуудал гарч мэднэ гэсэн таамаглалууд байна.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Утаагүй түлшээ үйлдвэрлэж, нөөцлөх ажлыг зохион байгуулж байна.  ЭХЯ, Тавантолгой түлш компани, Нийслэлийн засаг даргын Тамгын газраас нэгдсэн байдлаар  ажиллаж байгаа. Энэ жил хамгийн багадаа 100 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэж, нөөцөлнө гэсэн төлөвлөгөө бий. Ер нь утаагүй түлшний асуудалд нийслэлийн Засгийн даргын тамгын газрын оролцоо их чухал гэж үзсэн.   Би саяхан Эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд нартай хамтарч утаагүй түлшний үйлдвэрүүдэд очиж ажиллаад ирсэн.   Энэ чиглэлд зохион байгуулалт, аж ахуй нэгж хоорондын уялдаа холбоог илүү сайжруулах нь чухал байна.

-Засгийн газраас газар тариалангийн салбарт их анхаарч байна.  Татварын хөнгөлөлт үзүүлэх, тариаланчдад урамшуулах олгох зэргээр дэмжиж байгаа?

-Тийм ээ. Газар тариалан бол стратегийн хувьд асар чухал, ач холбогдолтой салбар. Монгол Улсын Төрийн тэргүүнээс эхлээд хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөж байна.  Хүнсээ өөрсдөө бэлтгэж, дотоодын хэрэгцээгээ хангах ажлуудыг хийсээр байгаа.  Энэ салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд, иргэдийг дэмжих Засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарсан.  УИХ-аас мөн Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай тогтоол батлагдсан.  Энэ намар дээрх тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж, ургац хураалтын ажлаа амжилттай зохион байгуулах ажлыг бүх шатанд хийж байна.  Энэ жил ургацын чанар өндөр, болц эрт байна гэсэн урьдчилсан мэдээлэлтэй байна.  Тэгэхээр газар тариалангийн салбар маань сайн мэдээллүүдээр дүүрэн илүү үр дүнтэй, ажил нь сайхан өрнөх байх аа. Энэ салбарт нэг асуудал байгаа нь тариалсан үр тариа, хүнсний ногоогоо хадгалах сав хангалтгүй байна. Намар тариаланчид өчнөөн  их ургац авдаг хэрнээ түүнийгээ технологийн дагуу хадгалж чаддаггүй.  Үүнээс шалтгаалж урт хугацаанд хангалт нийлүүлэлтээ хийж чаддаггүй, эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөвхөн нэг улирлаас шалтгаалж байна.  Тэгэхээр цаашид хадгалах сав, зоорийг олноор бий болгох асуудлыг  шийдэх хэрэгтэй.  Тэгж байж бид жилийн дөрвөн улиралд өөрсдийн гараар тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэх боломж бүрдэх юм.

-Та ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой хэмээн үзсэн.  Гэвч одоогоор ямар нэгэн  тушаал, шийдвэр албажиж гараагүй байна.  Харин олон нийтийн дунд хүлээлт үүсчихлээ?

-Олон нийт хүлээлттэй байгаа нь үнэн.  Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар маш их судалгаа тооцоо хийсэн.  Ажлын хэсэг гарч дүгнэлтээ гаргасан.  Ерөнхийдөө ипотекийн зээлийн хүү буурах нөхцөл бүрдсэн гэж хэлмээр байна. Зээлийн хүүг зургаан хувь болгоод зогсохгүй урьдчилгаа төлбөрийг багасгах, иргэдийн байрныхаа төлбөрт төлж байгаа зээлийн эргэн төлөлтийн үндсэн төлбөр хүүг нь иргэдийн өөрсдийнх нь саналыг үндэслэн шийдвэрлэх гэсэн ийм гурван үндсэн зарчмаар өөрчлөхөөр ажиллаж байна.  Цаашлаад ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амаа орон сууцжуулах, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах чухал асуудал учраас цогцоор нь шийдэх ёстой. Энэ асуудлуудыг шийдвэрлэх үндэслэл тооцоо хийгдэж, бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж ойлгож болно.   Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Барилга хот байгуулалтын яам, энэ зээлд оролцож байгаа банк санхүүгийн байгууллагуудтай бүгдтэй нь уулзаж, дээрх байдлаар зохион байгуулахаар тохиролцсон. Ойрын хугацаанд  Засгийн газрын хуралдаанд оруулж, шийднэ.

-Та парламентын гишүүн. Удахгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх нь тодорхой боллоо.  Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн цэцээс энэ асуудлаар эхний байдлаар санал дүгнэлтүүд гарлаа. Удахгүй Засгийн газар, парламентын түвшинд холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцээд явна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой эцсийн шийдвэрийг УИХ батална. 

-Засгийн газраас хувийн хэвшлээ дэмжих асуудлаар ямар бодлого баримталж байна вэ?

-Ер нь цаашид Засгийн газраас хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдээ бүх талаар дэмжих бодлого барьж байна. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үр ашигтай ажиллахад нь төрийн зүгээс дэмжиж ажиллана. Энэ нь улс орны эдийн засгийн дархлаа болно гэж үзэж байна.  Ялангуяа давхар татварын тогтолцоо байх ёсгүй.  Энэ  нь аж ахуй нэгжид гол дарамт болж байгаа нь үнэн.  Хөл дээрээ босох, татвар хураамжаа хууль тогтоомжоо төлдөг байх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ч сөргөөр нөлөөлдөг. Энэ байдлыг халах нь зүйтэй.  Ингэж байж бид эдийн засгийн төрөлжсөн салбаруудаа дэмжинэ гэж үзэж байна. Нөгөө талаар улсын эдийн засгийг  цааш нь авч явахын тулд гадаад худалдааны тэнцлийн алдагдалд анхаарч, зохицуулалт хийх хэрэгтэй  Зохицуулалт хийхдээ төрийн хүнд суртлыг нэмэх биш эдийн засгийн, зах зээлийнх нь зарчмаар илүү эрүүлээр хөгжүүлэх нь чухал байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 157 (6889)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.