Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн улс төрийн эрх бодитой хэрэгжих нь

Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн улс төрийн эрх бодитой хэрэгжих нь

Монгол Улсын Ерөнхий­лөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агент­лагийн хамтарсан “Иргэ­дийн оролцоо” төслийн хү­рээнд Иргэдийн улс төрийн эр­хийн тухай хуулийн төс­лөөр хэлэлцүүлэг хийлээ. Ерөн­хийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон уг хэлэлцүүлэгт хуульч, судлаачид, багш нар, СЕХ-ны мэргэжилтнүүд, төрийн зарим байгууллагын ажилтнууд оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн, энэ чиглэлээр судалгаа хийдэг хүмүүсээр хэлэлцүүлэх нь зүйтэй юм гэж үзлээ. Хуулийн төслийн ажлын хэсгийг энэ оны хоёрдугаар сард байгуулж ажиллуулсан.

Швейцарийн талаас ирүүлсэн санал дээр мөн ажлын хэсгийнхэн ажилласан” гэдгийг дуулгасан юм.
Хуулийн төслийн үзэл баримтлал, төслийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүн хуульч А.Алтанзул, Х.Номингэрэл нар хийж, хуулийн төслийн талаарх Үндсэн хуулийн судлаачдын хууль зүйн дүгнэлтийг доктор Ч.Энхбаатар танилцууллаа.

Иргэдийн улс төрийн эрхийн тухай хууль нь иргэн төрийн үйл хэрэгт шууд оролцох улс төрийн эрхийг иргэдийн санаачилгаар хэрэгжүүлэх үндэслэл, иргэд хуулийн төслийг хууль санаачлагчид уламжлах зорилтыг агуулсан байгаа аж. Түүнчлэн ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах зарчим, журам, санал асуулгаар шийдвэрлэх асуудлын хүрээг тодорхойлох, санал асуулгыг бэлтгэх, зохион байгуулж явуулах, санал асуулгын үр дүнг хэлбэржүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулах зэрэг зорилтыг агуулсан байна.

Хуулиар иргэдийн санаачил­гаар УИХ-ын чуулганаар болон ИТХ-ын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр санаачлах аж. Эсвэл ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах, санал асуулгын дүнг шийдвэрлэгдсэнд тооцохтой холбогдсон харилцааг зохицуулах юм байна. УИХ-ын чуулганаар болон ИТХ-ын хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх саналыг тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх аж. Ард нийтийн санал асуулгыг тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байх бол орон нутгийн санал асуулгыг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугч тодорхой тооны иргэд хамтран санаачлах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Энхүү хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх механизм бүрдэх гэнэ. Түүнчлэн Үндсэн хуулиар олгогдсон иргэний улс төрийн эрх бодитой хэрэгжинэ хэмээн хууль санаачлагчид үзжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.