Г.Занданшатар: Боловсрол бол улс орны өрсөлдөх чадварын үндэс юм

Г.Занданшатар: Боловсрол бол улс орны өрсөлдөх чадварын үндэс юм

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.30) ШУТИС-ийн багш, оюутнуудтай уулзаж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах “D.Parliament” цахим системийг танилцууллаа.

Тэрбээр, уулзалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх суурь зарчмыг дурдаж, энэхүү заалтыг хэрэгжүүлэх буюу ард түмнээр төрийн эрх мэдлийг бариулж, хуулийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх, хянах бүхий л үе шатад иргэдээ сонсох, тэдний саналыг тусгах зорилгоор веб, аппликэйшн хосолсон уг платформыг бүтээсэн гэдгийг онцолсон юм.

Манай улсад интернэт 1996 онд анх орж ирсэн бөгөөд тухайн үед ердөө 500 хэрэглэгч байсан бол 2021 оны байдлаар нийт хүн амын 80 хувь болох 2.6 сая хэрэглэгч интернэтэд холбогдсон байна. Мөн нийт иргэдийн 87.4 хувь нь харилцаа холбооны ухаалаг төхөөрөмж хэрэглэж байгаа юм.

Цахим технологийн хэрэглээ ийм өндөр хэмжээнд байгаа нь “D.Parliament” болон засаглалыг цахим болгох, иргэд, олон нийттэй эргэх холбоотой, ил тод, нээлттэй болгоход чиглэсэн бусад зорилтууд амжилттай, үр дүнтэй хэрэгжих суурь болж буй юм. УИХ-ын үйл ажиллагаанд гишүүдийн цагийн болон ирцийн бүртгэл, санал хураалтыг хурууны хээгээр таних цахим технологи нэвтрүүлснээр бие биеийнхээ кнопыг дарж, бага ирцтэйгээр хууль баталдаг байдал арилсныг УИХ-ын дарга Г.Занданшатар жишээ татан ярив. Уг системийг анх нэвтрүүлж, хууль батлах ирцийн босгыг өндөрсгөж байхад хүмүүс “хэрэгжихэд хэцүү” хэмээн шүүмжилж байсан бол харин ч эерэг нөлөө үзүүлснээр барахгүй гишүүдийн идэвхийг дээшлүүлж, сүүлийн гурван жилд хуралдааны ирц хүрэхгүй байх явдал огт гараагүйг онцлон жишээлэв.

“D.Parliament” цахим систем иргэд, олон нийтийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох олон боломжийг нээж байгаа бөгөөд e-petition буюу хуулийн хэрэгжилтийн талаарх өргөдөл гомдол хүлээн авах, мөн төрийн мэдээлэл, батлагдсан хуультай танилцах, хуулийн цахим түүх, нийцлийн тухай мэдээлэл, зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлэг болон эдгээр мэдээллүүдийг англи хэл дээр үзэж танилцах боломж олгосон функцуудыг агуулж буй юм.

Мөн хууль санаачлагчийн мэдэгдлийг аудио хэлбэрээр хүлээн авах талбар бий болгохоор ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг цахим системийг танилцуулах уулзалтын үеэр ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан дэлхийд монгол оюуныг таниулах шилдэг инженерүүдийг бэлтгэхээр ажиллаж буй сургуулийнхаа эрхэм зорилгыг танилцуулж, цахим парламентыг хөгжүүлж, төрийн бодлогод иргэдийн оролцоог хангахаар ажиллаж байгаа УИХ-ын даргад талархал дэвшүүлж, амжилт хүслээ.

Тус сургуулийн багш, оюутнууд “D.Parliament” цахим системийн боломжууд, технологийн шийдэл, аюулгүй байдал болон цахимаар дэвшүүлсэн иргэдийн санал хууль, бодлогод тусгалаа олох бодит магадлал, батлагдсан хуулийн алдаа дутагдлыг засаж залруулах, хүчингүй болгох, шинэчлэх боломж бий эсэх зэрэг олон чухал асуудлыг хөндөж, хариулт авлаа.

Мөн оюутнуудын зүгээс улс оронд тулгамдаж байгаа үйлдвэрлэлийн хөгжил, худалдаа бэлтгэлийн систем, уул уурхайн нөхөн сэргээлт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлага зэрэг олон сэдвээр асуулт тавьж байсанд УИХ-ын дарга Г.Занданшатар олзуурхаж буйгаа илэрхийлж, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх, ноолуурын боловсруулалтыг нэмэгдүүлэх замаар улс орны эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, энэ чиглэлийн мэргэжилтэн, инженерүүдийг олноор бэлтгэх тухай саналаа хэлсэн Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи инженерийн ангийн оюутан Гантөгсийн Өлзийпүрэвт Монголын Ноос, ноолуурын холбооноос сургалтын төлбөрийн тэтгэлэг олгуулахаар болсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.