УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ОХУ үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг Монгол Улсын талд ирүүлж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Манай Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ ОХУ-ын дарамт шахалтаар татгалзсан асуудлууд байна. Худалдсан схемээр бол өнгөрсөн зургадугаар сарын 27-нд Сангийн сайд хоёр нууц тушаал гаргаад “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох удирдамжийг батлаад тэр тушаалаараа “Эрдэнэт”-ийн Монголын Засгийн газарт ногдох 51 хувийг, хэрэг дээрээ 49 хувийг худалдаж авсан гэх хүмүүсийн эрх мэдэлд шилжүүлэх ажиллагааг хийсэн.
Үүнээс болоод өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр дэх Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон. Иймд Ерөнхий сайдын захирамжаар ажлын дэд хэсэг байгуулагдаж “Эрдэнэт” үйлдвэрээс бид мэдээлэл авах гэхээр өгөхгүй байна. Одоог болтол ТУЗ-ийн дарга нь хэн гэж хүн болсон нь ойлгомжгүй байна. Засгийн газрын 51 хувийг төлөөлж зурсан Сангийн яамны н.Шинэбаатар гэж хүн өөрөө өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилсон байна. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрт Монголын Засгийн газрын 51 хувийн эрх байхгүй болсон.
Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жилийн байдлаар 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Гэтэл энэ жил 20 тэрбумын татвар төлсөн байна. Харин ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компани эхний наймдугаар сарын байдлаар 246 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Үүний цаана ямар дүр зураг харагдаж байна гэхээр “Эрдэнэт”-ийн мөнгөөр “Эрдэнэт”-ийг хувийн болгосон байна.
Түүнчлэн энэ бүх ажиллагааны цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байна. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч хүн юм” гэлээ. Түүний үзэж байгаагаар “Эрдэнэт” үйлдвэрийг луйвардаж авсан яг энэ аргаар одоо Худалдаа Хөгжлийн Банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байгаа гэв. Уг нь арилжааны банк нь ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой байдаг.
Мэдээллийн дараа түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-”Эрдэнэт”-ийг луйврын аргаар авчихсан гэлээ. Гэтэл нэгэнт мөнгийг нь төлөөд авчихсан гээд байгаа. Одоо эргүүлэн авах ямар арга байна вэ?
-Хойд талд их сонин үйл явдал болж өнгөрсөн. Ростехийн захирал зургадугаар сарын 1-нд албан бичиг явуулж, Засгийн газар 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалз. 49 хувийг МКК-д худалдах зөвшөөрөл олго гэсэн байна.
Маргааш нь Ростехийн хяналтын зөвлөлийн эчнээ хурал болж, энэ асуудлыг ярьсан. Энэ өдөр нь ОХУ-ын Ерөнхий сайдын захирамж гарч, Монголын тал зөвшөөрвөл 49 хувиа худалдах тухай захирамж гарсан. Энэ захирамж Монголын талд ямар замаар, яаж ирсэн нь ойлгомжгүй. 49 хувийг эзэмшигч Ростехээс албан бичиг ирсэн болохоос ОХУ-ын Засгийн газраас ирээгүй. Гэтэл манай Засгийн газар гэнэт хуралдан, Ростехийн бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрчихсөн тогтоол гаргасан. Тогтоолд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гарын үсэг зурсан байна.
Уг нь Сангийн сайд энэ асуудлыг оруулах ёстой. Ийм л юм болсон.Нөгөө тал будилуулж байгаад 49 хувиа 400 сая хүрэхгүй доллараар заржээ. Манай Засгийн газар давуу эрхээсээ татгалзах нь зөв үү гэж бодох ёстой байсан. Яагаад тэд ганцхан компанид худалдахыг тулгав. Би хувьдаа 49 хувийг төрд үлдээх ёстой гэж үздэг. Бидний 100 жилд босгосон, том бүтээн байгуулалт шүү дээ. Ийм хуйвалдааны аргаар цөөн хүнийг тэжээж болохгүй. Шалгах зүйл зөндөө.
-“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар далимдуулан таныг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байна гэж хардах хүн олон байна?
-Би анхнаасаа л Эрдэнэтийн луйврыг хэрхэвч тэвчиж чадахгүй гэдгээ хэлсэн. Цаашдаа ч бүх үнэнийг ард түмэнд хүргэхээр хичээнэ. Ганцхан үйлдвэрийн асуудал биш шүү. Монголд төр оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуудал үүний цаана байгаа. Хэсэг хүн далдуур хуйвалдан, Монголын ард түмнийг 40 жил тэжээсэн ганц үйлдвэрийг сонгуулийн мөчлөг дээр хувийн болголоо. Уршгийг нь одоо харж байна. 250 гаруй тэрбум төгрөг төсөвт төлж байсан үйлдвэр одоо 20 тэрбум төгрөг л төлөөд сууж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх тул тэвчиж болохгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулиас хэд дахин том асуудал. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал Ерөнхийлөгчийн сонгуультай огт холбоогүй.
-Энэ асуудалд анхнаасаа Оросын талаас шахалт үзүүлж эхэлсэн гэдэг. Тиймээс одоо Засгийн газраас асуудлыг эргээд сөхлөө гэхэд Оросын талаас шийдвэрээ өөрчлөх үү?
-Одоо нөгөө талтай энэ сэдвээр яриад үр дүн гарахгүй. Учир нь аль хэдийн галт тэрэг хөдөлчихсөн юм билээ. Одоо 51 хувийн эзэмшиж байгаа Монголын төр, 49 хувийг худалдан авсан гэх хүмүүстэй дотроо учраа олох асуудал яригдах болно. Шахалт Оросын тадаас эхэлсэн гэх баримт одоогоор алга байна. Өнгөрсөн зургадугаар сарын 28-нд Эрдэнэтийн асуудал сөхөгдсөний дараа Худалдаа Хөгжлийн Банкны дэд захирадл О.Орхон гэж хүн Монгол ТВ-ээр ярихдаа хоёр жилийн өмнөөс гэрээ хэлцэл эхэлсэн гэж үг алдсан. Яагаад Засгийн газар нь яриагүй байхад нэг банк энэ талаар Оросод очоод гэрээ хийж байдаг билээ. Яагаад Оросын Засгийн газар биш, хувьцаа эзэмшигч санал тавиад байгаа юм. Энэ бол хуйвалдаан. Би энэ Монгол Улсын төрд гарч байсан хуйвалдаануудыг ерөнхийд нь гадарладаг. Гэхдээ энэ “Эрдэнэт” үйлдвэрийнх шиг хуйвалдааныг үзээгүй юм билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.